Ургаж буй цэцгийг бэлгэнд сонгоё

Гоодаль, Унтаахай хатан, хамрын ханиад эмчлэгч Зузаахай, хүчилтөрөгчийн дээд “Мөлхөө”….Цэцгийн үзэс­­гэлэнг сонирхохдоо өнгө, үнэрт нь баясах төдий биш, тэрхүү амьд амьтны өөр өөрийн онцлогийг мэдрэхийг хүсвэл сонголт хийхэд илүү хялбар болдог аж.

“Хэрвээ Та хэн нэгэн хайртай дотнын хүндээ савтай ургаж буй цэцэг бэлэглэвэл уулзах бүртээ найз чинь цэцгээ ярина байх. Цэцгээ хэрхэн арчлах, тордоход суралцаж, түүнээсээ байгаль дэлхийгээ хайрлаж сурна. Ах эгчдээ, ажлын хүндээ ч ургаж буй цэцэг бэлэглэснээр түүнд эрүүл мэнд, эрч хүч гээд олон зүйлийг давхар өгч байгаа” хэмээн “Увдист цэцэг төв”-ийн тэргүүн Б.Уранчимэг ярилаа. Нээрээ ч савтай цэцэг хуучрахгүй бэлэг юм.

МУИС-ийн Экологийн боловсрол төв, “Увдист цэцгийн төв”-ийнхөнтэй хамтран тасалгааны цэцгийг өөрийн хүлэмжиндээ үндэслүүлэн тарьж, хавар намрын улиралд үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг уламжтлалтай аж. Тэд 2011 оны хаврын үзэсгэлэнгээ дөрөвдүгээр сарын 16-наас 26-ны хооронд Экологийн боловсролын төвдөө зохион байгуулж байна. “Агаарын бохирдол хэцүүдлээ” гэж ярьж буй энэ үед Та гэртээ ч, ажилдаа ч тэр цэвэр агаараар амьсгалах аргууд бас бий. Тэдгээрийн нэг нь амьд цэцгэнд “умбах” явдал. Цэцгийн үнийн тухайд нас, өнгөнөөсөө шалтгаалаад өөр өөр. Дээрх үзэсгэлэнг сонирхогчдын дунд өндөр настнуудаас гадна нялх үрээ тэвэрсэн хүн ч цөөнгүй байсан. Эл үзэсгэлэнгийн цэцгүүд ерөнхийдөө 1500 -45000 төгрөгийн хооронд үнэтэй байв.

Агаар цэвэршүүлэх цэцэг борлуулалт сайтай байдаг

Үзэсгэлэнгийн шилдэг цэцэгчнээр Диваажингийн шувуухай цэцгийг дөрөв дэх жилдээ ургуулж буй Г.Даваадэлгэр шалгарсан юм. Стрелиция буюу Диваажингийн шувуухай цэцэг нь Монголд ховор тооцогдох цэцгийн нэг аж. Түүнийг цэцгийн хаан гэж нэрлэдэг байна. Шилдэг цэцэгчнээр шалгарсан Г.Даваадэлгэр “Цэцэг тарих нь чимхлүүр нарийн ажиллагаатай. Сэтгэл бүр ч чухал. Би 2007 оноос цэцэг тарьж эхэлсэн. Агаар цэвэршүүлэх цэцэг хамгийн борлуулалт сайтай байдаг. Тиймээс энэ төрлийн цэцгийг түлхүү тариалдаг. Гэрт тарьсан цэцэг маань багтахгүй болохоор цэцгэндээ зориулж 3х6 хэмжээтэй байшин барьсан. Сүүлийн жилүүдэд хүмүүс цэцэг сонирхох, худалдан авах нь эрс нэмэгдсэн. Цэцэг бүхэн өөр өөрийн эзэнтэй, түүхтэй. Тийм болохоор цэцэг сонгож авна гэдэг нарийн нандин зүйл ” гэв.

Агаар дахь нян бактерыг саармагжуулна, өрөө тасалгааны агаарыг ариутгана, дархлаа тогтооно, химийн элдэв элементийг өөртөө шингээнэ гээд цэцэгт муу тал алга бололтой. Соронзон туяаг саармагжуулах Сүлтгэнэ, дархлаа тогтоогч гэрийн эмч буюу Аруу гээд цэцэг бүр өөр өөрийн ач тустай. Дорно дахины ард түмэн цэцгийн соёлыг өрнөдөд дэлгэрүүлсэн түүхтэй юм билээ. Цэцэг үйлдвэрлэлтээрээ өнөөдөр Голланд улс дэлхийд тэргүүлж байна. Манай улсад энэ төрлийн цэцгийн үйлдвэрлэл одоо л хөгжиж буй гэж үздэг. Иргэдэд ахуйн хэмжээнд цэцэг тариалж, түүнийгээ худалдах болсныг эс тооцвол цэцгийн бизнест сул чөлөөтэй талбар байсаар. Цэцэггүй баяр, цэцэггүй тэмдэглэлт өдөр гэж үгүй. Байгаль орчинд ээлтэй цэцгийн худалдааг хориглосон хууль хаана ч байхгүй. Хэрэгцээ шаардлага нь байна. Эрэлт бий. Нийлүүлэлт нь дутмаг зах зээл гэвэл буруудахгүй болов уу. Юутай ч энэ салбар шинэ хэвээрээ байна.

Экологийн боловсролыг цэцэг тарихаас эхлүүлье

Өдөр бүр ургаж байдаг цэцгийг бие биендээ бэлэглэж байвал ямар вэ?, хүмүүс ээ. Үзэсгэлэнг зохион байгуулж буй Экологийн боловсрол төвийн гол зорилго энэ аж. Эднийх иргэдийн цэцэг тарих идэвхийг сэргээх, экологийн боловсролыг цэцэг тарихаас эхлүүлэх гэнэ. Тиймээс цэцэг тарих зөвлөгөө, сургалт, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүйгээр явуулж иржээ. Ургаж буй цэцгэнд элдэв янзын тууз, чамин боодол хэрэггүй. Зөвхөн бордоо, ус, нар илүү чухал болохыг онцолж байлаа. Цэцгийн дэлгүүрээс ихэнх хүмүүс “амьд” сарнай худалдан авах нь олонтаа. Харахад үзэмжтэй, сэтгэл татам хэдий ч усалгаатай, таримал цэцгийг үл гүйцнэ. Март-8, Есдүгээр сарын 1, хонхны баяр дөхөөд ирэхээр сарнай цэцгийн үнэ ханш өсөх нь хууль. Өгч байгаа хүндээ үлдэж хоцрох нь даанч ховор. Дурсагдах нь үгүй.

Цэцэг сонирхдог хүмүүс санаа нэгдэж “Увидаст цэцэг төв”-ийг байгуулжээ. Цэцэг сонирхдог, сонирхохыг хүссэн хэн бүхэнд 300-гаад гишүүнтэй энэ төвийн хаалга нээлттэй гэсэн. Тэдний зарим нь дэлгүүрийн лангуунаа борлуулалт нь гялтганадаг цэцгүүдийн талаар “Хэдий цэцэг боловч үндэс, мөчрөөсөө салсан төдий л зүйл” гэж ярьсан. Гэтэл гадуур худалдаалах сарнай сав боодол туузтайгаа үнэ нь хоршоод ирвэл тансаг агаад үнэтэй бэлэг болдог. Гэхдээ амьдрах, аж төрөх биологийн нас нь хэдхэн цаг. Цэцэг тариалагчдын яриа хэдхэн цагийн настай сарнайнд мөнгөө үрэх биш, тэмдэглэлт өдрийн бэлгэнд ургаж буй тасалгааны цэцэг яагаад сонгож болохгүй гэж хэмээсэн сайхан санааг уламжлах байна. Таны маргаашийн бизнес ургадаг цэцэг байгаасай.