Урд хөрш Монголтой ижил зовлонтой

Саяхан хэдэн танилтайгаа үдийн хоол идэх үеэрээ Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудлаар ярилцаж суутал нэг маань “Хүүе та минь ээ, манай бизнесийн байгууллагын томчуудын зарим нь утаанаас зугатаад Бээжингээс ажлаа явуулдаг болсон юм байна шүү дээ. Зарим гадаад захирал нь бүр Бээжинд суудаг бол зарим монгол захирал долоо хоногийн гурван өдөр Улаанбаатар-Бээжингийн чиглэлд нисдэг юм байна” гэж сонирхуулав. Сайхан юмаа, боломжтой хүмүүс эрүүл мэндээ хамгаалж чадаж байна шүү хэмээн бид ярилцлаа. Гэтэл урд хөршийн утаа манайхаас дутахааргүй болсон тухай мэдээлэл байна. Сүүлийн үед Бээжин хотыг нөмрөх болсон утаан хөшиг хэдэн зуун нислэг хойшлогдоход хүргэжээ. Эрүүл мэнддээ сэтгэл түгшсэн болон нислэг нь хойшлогдсон сая сая хятад иргэн мягмар гаригт бухимдлаа онлайнаар илэрхийлжээ.

Өнгөрсөн ням, даваа гаригт битүү бүрхсэн утаанаас болж эл өдрүүдэд хуваарьтай байсан нийслэгүүдийг Бээжингийн төв онгоцны буудлын зүгээс хойшлуулжээ. Утааны байдал мягмар гаригт дээрдлээ гэж мэдээлсэн ч орон нутгийн 89, олон улсын 11 нислэгийн зарим нь цуцлагдаж, ихэнх нь хойшлогдсон байна.
Хятадын хамгийн алдартай блог “Sina's weibo”-оор дамжуулж хүмүүс бухимдлаа илэрхийлсэн гэнэ. Тухайлбал, Бээжин хотоос дөрвөн цаг нисэж хүрдэг Шэнжань /Shenzhen/ хотыг зорьсон иргэд 24 цаг зарцуулсан байна. “Би ядарч байна. Энэ бүх үйл явдал зузаан утаанаас болж байна” гэж Ху Юуи юуи өнгөрсөн мягмар гаригт Сина-д оруулсан 4.4 сая сэтгэгдлийн нэгд бичжээ.

Тус сайтын өрсөлдөгч “Tencent's weibo” 68 сая сэтгэгдэл цуглуулж, рекорд тогтоосон бөгөөд тус өдөр иргэдийн сэтгэгдэл бичсэн дөрвөн гол сэдвийн нэг нь агаарын бохирдол байв. Синьхуа агентлаг агаарыг “бага зэрэг” бохирдсон байна гэж мэдээлсэн бол Бээжин дэх Америкийн Элчин сайдын яамнаас “эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй” гэж дүгнэсэн байна.
“Бодит байдал миний итгэлийг алдруулав. Мөнгөтэй хүмүүс бүгд гадаад руу гарч байгаа нь аргагүй” гэж халагласан сэтгэгдэл ч байна. Бээжингийн Байгаль орчин хамгаалах албаны агаар “бага зэргийн бохирдолтой” гэсэн мэдэгдэлд хүмүүс үл итгэсэн байдлаа “Бидний амьсгалж байгаа зүйл агаар биш, улс төр” гэж илэрхийлжээ.