Усан цахилгаан станц хөгжил авчрах уу?

Ер нь монголчууд бид дэлхийн хөгжлийн чиг хандлагын эсрэг яваад яах вэ дээ. Дэлхий дахинаараа ногоон хөгжлийн төлөө, байгальд ээлтэй хөгжлийг сонгож, улс орон бүр төрийн бодлогоо энэ л хандлагад чиглүүлэн хурдтай ажиллаж байхад манайх шиг шинэ хөгжлийн ритмээс нэлээд хоцорч, мэлхийн хурдаар мөлхөж яваа улс ховор. Тэгээд гадаад дотоодгүй явж, юм үзэж, нүд тайлсан нэгэн нь “Та минь ээ хөгжил өөр тийш гэрлийн хурдаар явж байна, харин бид улам бүр хоцорчихгүйн тулд бодлогоо тэр зүг рүү чиглүүлье” гэхээр ард иргэд уламжлагдан ирсэн ойлголтоосоо, улстөрчид нь амин хувийн ашиг хонжоо хайж улстөржсөнөөс болж, асуудлыг улам удаашруулж, хөгжлийг чангаагаад байгаад дүгнэлт хийх цаг иржээ.

Дэлхийд усны эрчим хүчний үйлдвэрлэлээр Канад улс тэргүүлж, АНУ, Бразил, Хятад, ОХУ-ууд эхний таван байрт ордог. Харин Европ тивд тэргүүлдэг Норвеги улс 30000 орчим МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцуудтай бөгөөд нийт эрчим хүчнийхээ 99,5 хувийг усны эрчим хүчээр хангадаг байна. Тэгвэл Канад улс усан цахилгаан станцуудаасаа 350 тэрбум кВтц цахилгаан гаргаж аваад 50 тэрбумыг нь АНУ-д экспортлох замаар цэвэр хуримтлалыг үүсгэдэг аж.

Монгол Улсын хувьд усан цахилгаан станцыг хөгжүүлэх талаар өнгөрсөн жилүүдэд холбогдох төрийн байгууллага, мэргэжилтнүүд багагүй эсргүүцэлтэй тулж байж усны эрчим хүчний хөгжлийн үндэс суурийг тавьсан билээ. Усан цахилгаан станц гээч зүйлийг л баривал мөнөөх олон жилийн түүх домогтой гол мөрөн сүйдэж, иргэдийн хайрлан ирсэн нутаг орных нь гол мөрөн нь ширгэж, алга болох аюул нүүрлэнэ гэсэн олон жил бугшсан өрөөсгөл ойлголт цаашид улс орны хөгжлийн гарцад бүү саад болоосой билээ. Хэрвээ гадаадад ийм ойлголт байдаг бол дэлхийн ихэнх улс усан цахилгаан станцыг түлхүү хөгжүүлж, түүнээсээ ногоон эрчим хүч гарган авч ажиллаад хөгжиж, дэвшээд явах уу. Тэд чинь биднээс илүү эх орноо, байгаль дэлхийгээ бодитоор хайрлан хамгаалдаг хүмүүс шүү дээ. Усан цахилгаан станцын нэр хүнд унасан үе бий. Харин одоо эргээд сэргэж, улс орнууд төрийн бодлогоо усны эрчим хүчийг хөгжүүлэхийн төлөө тууштай чиглүүлж эхэллээ. Яагаад гээч. Маш энгийнээр тайлбарлахад ердөө л дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цэвэр экологийн эрчим хүчийг хөгжүүлэхийг л зорьсон хэрэг. Ялангуяа дулаарлын явц бусад орноос илүүтэй байгаа манай улс томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах нь цаашдын эрчимтэй хөгжлийн гол хөшүүрэг, бас олон тулгамдсан асуудлын гарц болно гэж мэргэжилтнүүд ярьсаар байна. Уул уурхайн хөрөнгө оруулалтыг далласан хурдацтай хөгжлийн ирмэг дээр манай улсын өнөөгийн суурилагдсан эрчим хүчний нөөц ирээдүйн их хөгжлийн хурдыг гүйцэхээргүй байгаад эрчим хүчний салбарынхан санаа зовж, хэрвээ томоохон чадлын усан цахилгаан станц барьчихвал аваарын байдалд орших нөөц эх үүсвэрийн асуудал шийдэгдэнэ гэж яриад байгаа юм. Мөн төрийн түшээдийн толгойны өвчин болоод буй нийслэлийн утаа униарын асуудал ч шийдэгдэх тухайд тэд онцолсоор. Энэ л үүднээс хэдэн жилийн өмнө эрчим хүчний салбарынхан нийлээд Эгийн голын усан цахилгаан станцыг барихын ач холбогдлыг төрийн түшээдийн тархинд суулгаж, олон Засгийн газрын нүүр үзсэн энэхүү төсөл арайхийн ажил хэрэг болохын даваа дээр мөнөөх л улстөржсөн шийдвэр гарч, тус салбарын мэргэжилтнүүдийн мөрөөдөл талаар болсон билээ. Үнэндээ бол томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах нь эрчим хүчний салбарынхны мөрөөдөл юм. Тэр нам, энэ хүн энэ том станцыг барих үүд хаалгыг нээж, олон түмэнд нэр хүнд олж болохгүй, би л, эсвэл манай нам л хийж, улстөрийн нэр хүнд олж авч, УИХ-ын гишүүнээр сонгогдох ёстой гэсэн өчүүхэн хүсэлдээ хөтлөгдөн хөөрхий манай улстөрчид хөгжлийн төлөө бус өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж, нэг л өглөөний нарнаар хууль эрх зүйн орчноо, эсвэл өч төчнөөн зарлага гаргасан төслөө нураагаад л явдаг нь нууц биш. Чухам энэ л үүднээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нурсан юм. Тэгвэл Тайшир, Дөргөний станцууд мөн л багагүй эсэргүүцэлтэй тулгарч байж л босч, одоо ашиглалтад ороод баруун аймгуудын эрчим хүчний тодорхой хэсгийг хангаад олон айл өрхийг гэрэл гэгээтэй, өнөөгийн зуунд ядахдаа телевизээ үзээд суух хэмжээний болгож байгаа нь хөгжил бус уу. Одоо энэ хоёр станц нүүрсхүчлийн хийг бууруулсан, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулсан үзүүлэлтээрээ Киотогийн протоколын дагуу хүлэмжийн хийн олон улсын арилжаанд оролцож, тодорхой хэмжээний орлого олох боломжтой болоод байгаа. Өөрөөр хэлбэл, Манай Дөргөн, Тайширын УЦС Цэвэр хөгжлийн механизмд бүртгүүлэх өндөр шаардлага босгыг давж тэнцсэн Монголын анхны экологийн цэвэр сэргээгдэх эрчмийн хоёр эх үүсвэр бөгөөд жилдээ 60000 тн хүлэмжийн хийг бууруулах замаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж 500000 хүртэл ам. долларын нэмэлт орлого олох боломжтой болгоод байна. Энэ нь өөрөө хөгжил бус уу. Байгальд ээлтэй экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэлхий дэмжиж, мөнгө өгөх гэж байна шүү дээ. Уул уурхайгаас гадна сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр нэлээд баянд ордог Монгол Улс энэ салбараа хурдацтай хөгжүүлээд мөнгө олох боломж байгаа бус уу. Тухайлбал, манай орны усны эрчмийн нөөц 50 тэрбум кВт.ц-аар үнэлэгдсэн нь цаашдын өсөн нэмэгдэх цахилгааны хэрэгцээний тодорхой хэсгийг усны эрчим хүчээр хангах бүрэн боломжтой аж.

Дэлхий дээр усны эрчим хүч, усан цахилгаан станцыг тогтвортой хөгжлийн тулгуур хэмээн хөгжүүлэн ашиглах болсон 10 шалтгаан

Усан цахилгаан станц нь
1. Сэргээгдэх эрчим хүч
2. Экологийн цэвэр эх үүсвэр,
3. Эдийн засаг, санхүүгийн хямрал, инфляцид өртдөггүй найдвэртай эх үүсвэр,
4. Уян хатан байдал нь системийн ашигтай горимыг хангана,
5. Импортоор оргил ачаалал хаах чадлыг гадаадад түрээсээр хадгалах, цахилгааны импортыг оролж, валют хэмнэн гаднаас хамааралгүй болгоно,
6. 100-гаас дээш жил ашиглагдах тул тогтвортой байдлыг хангаж өгөх ба УЦС нь зөвхөн усны механик энергийг ашиглахаас бус түүнийг хорогдуулах үйл ажиллагаанд оролцдоггүй,
7. Усны үер, ган гачиг, гал түймрээс хамгаалан орчныг чийгшүүлж, цөлжилтөөс хамгаалдаг,
8. Уул уурхайн үйлдвэрлэлийг эрчим хүчээр урт хугацаанд үр ашигтай хангана,
9. Усалгаатай эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэн ургацыг хэд дахин өсгөж хүнсний хангамжийг сайжруулах болон хот суурингийн усан хангамжийн эх үүсвэрийг давхар шийдэх боломжийг нээдэг.
10. Үл үзэгдэх экспорт гэдэг экотуризмийг хөгжүүлэн нэмэлт орлого олох боломж агуулдаг.

Манай эрчим хүчний системийн оргил ачаалал 2010 оны арванхоёрдугаар сард 728МВт-д хүрэхэд дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажилласан хэрнээ оргил ачааллыг хаахаар хойд хөршөөс 70МВт эрчим хүч импортолсон билээ. Манай орны хэтийн хөгжлийн чиг хандлагаар 2020 оны түвшинд оргил ачаалал 1128МВт-д хүрэх төлөвтэй бөгөөд тэр үед импортоор 500 орчим МВт чадал авахаар байна. Ийм хэмжээний цахилгааны чадал жил бүр авахад хүрвэл улсын эдийн засаг доройтолд орохоос гадна шугамын дамжуулах чадвар ч хүрэлцэхгүй болох гэнэ.

Манай улс дулааны цахилгаан долоон станцтай бөгөөд жилдээ дөрвөн тэрбум кВтц эрчим хүчийг үйлдвэрлэж, харин оргил ачааллын цахилгааныг ОХУ-аас 40-өөд жилийн туршид импортлох замаар аргалж ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, 40 жилийн турш ОХУ-аас хараат явж ирсэн гэсэн үг. Тэгвэл эдүгээ хөгжлийн шинэ үе ирж буйтай холбогдуулан эрчим хүчний салбартаа шинэчлэл хийж, томоохон чадлын усан цахилгаан станцыг барьж байгуулах замаар эрчим хүчний хараат бус байдлыг халж, нийслэлчүүдийн утаа униар, ирээдүйн эрчимтэй хөгжлийн хэрэгцээг бүрэн хангахуйцаар ногоон эдийн засгийг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлийн утааг арилгах талаар сүүлийн жилүүдэд багагүй ярьж, зарим нэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч Улаанбаатарын хотын утаа улам л ихсэх. Олон хүн санаа бодлоо уралдуулсаар л. Эрчим хүчний салбарынхан ч бас санаа оноогоо хэлж, асуудлаа тайлбарлаж эхэллээ. Тэд Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр каскад/цуваа/ усан цахилгаан станцууд барьснаар оргил ачааллаас гадна нийслэлийн агаарын бохирдлыг арилгах бүрэн боломжтой талаар ярих боллоо. Төрийн түшээ Та нэг анхааралтай сонсоод бас судлаад үзээрэй. Яг өдгөө манайд эрчим хүчний, нөгөө нь утааны гэсэн хоёр том асуудлыг юун түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа шүү дээ. Цаашдын өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангах хэмжээний эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг шийдэхгүйгээр, мөн утааг арилгах асуудлыг бодитоор ярихгүйгээр хөгжил яриад, уул уурхайн баялаг, их мөнгө мөрөөдөөд яах юм бэ. Тэгвэл утаа, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, дээрх хоёр асуудлыг нэгэн дор цогцоор шийдэх гарц бол томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах гэж эрчим хүчний мэргэжилтнүүд үзэж байна.

Манай орны усны эрчим хүчний нөөц 50 тэрбум кВт.ц. Дөргөн, Тайширын станцын үйлдвэрлэл нийлээд 75 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх чадалтай байгаа нь монголчууд усны нийт эрчим хүчнийхээ 0.15 хувийг л эдийн засгийн эргэлтэд оруулж буй тухай ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван яриад “Монгол Улс бараг хөндөгдөөгүй байгаа усны эрчим хүчний баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар 100 жилийн хоцрогдлоосоо зургаан жилийн дотор гарах бүрэн боломжтой” гэжээ.