“Усны үнэ цэнэ” сарын аян эхэллээ

Өдгөө Монголд зоосон мөнгөөр хэмжигдэх бүтээгдэхүүн үйлчилгээ байна гэж бодохоор үнэхээр итгэмээргүй. Тэр нь тэгээд дэлхий дээр хамгийн үнэлж баршгүй эрдэнэ болсон ус гээд бод доо. Ер нь цэнхэр гаргийн өөр хаана ч усыг ингэж үнэ цэнэгүй мэт бодож, хайр гамгүй хэрэглэдэг ард түмэн монголчуудаас өөр байхгүй биз. Өнөөдөр Улаанбаатар хотын орон сууцны өрх нэг литр усанд 32-хон мөнгө төлж байна. Харин гэр хорооллын иргэд литр усыг нэг төгрөгөөр худалдан авдаг. Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас хийсэн судалгаанаас харахад гэр хорооллын иргэн өдөрт дунджаар 8-10 литр ус хэрэглэдэг аж. Тэгвэл орон сууцанд амьдарч буй иргэн 230-250 литр ус хэрэглэж байгаа юм. Эндээс харахад усанд бага төлбөр төлдөг хэсэг нь их ус хэрэглэдэг. Өндөр үнэ төлдөг нь өдөр тутмын усны хэрэгцээгээ ч бүрэн хангаж чаддаггүй буруу тогтолцоо Монголын усны салбарт бий болсныг гэрчилнэ. Тиймээс “Mongolian Economy” сэтгүүл, усны салбарын зарим холбогдох байгууллагатай хамтран усны үнэ цэнэ, нөөц, хангамжийн тулгамдсан асуудлыг иргэдэд ойлгуулах хийгээд хэрэглээний зөв дадал, хэвшилд сургах үүднээс “Усны үнэ цэнэ” уриатай сарын аянг зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Mongolian Economy” сэтгүүл, тус сэтгүүлийн дэргэдэх “Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ, УСУГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /ХСУХАТАҮЗ/, “Монголын усны түншлэл” ТББ хамтран өнөөдөр “Монгол Ньюс”-ийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Нэг сарын кампанит ажлын эхлэл болсон тус хэвлэлийн бага хурлын үеэр усны эдийн засаг, зохисгүй хэрэглээ, усны үнэ тарифийн өөрчлөлт гээд тус салбарт тулгамдаж байгаа гол асуудлаар ярилцаж, хэвлэл мэдээллийнхнийг тус үйлсэд идэвхтэй оролцож, иргэд болон төр, засгийн шийдвэр гаргагчдад нэгдсэн зөв ойлголт өгөх үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа. “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Басандорж “Ус бол эдийн засаг, экологи, нийгмийн гээд олон талын ач холбогдолтой чухал асуудал. Тиймээс усыг хайрлах хэрэгтэй. Өнөөдөр хэтэрхий хайр гамгүй хэрэглэж байгаа нь усны үнэлэмжтэй холбоотой. Тиймээс усны үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай” гэв. Гэхдээ усны үнийг нэмэх нь иргэдийн усаар хангагдах эрхийг зөрчиж магадгүй хэмээх болгоомжлол шийдвэр гаргах түвшинд бий аж. Энэ талаар ХСУХАТАҮЗ-ийн дарга Ч.Эрдэнэчимэг “Усны үнийг нэмэхээс аргагүй байдал үүсэж байгааг усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компанийн зүгээс тавьсан хүсэлт юм. Мөн судалгаагаар ч гарч ирсэн асуудал. Усны үнийг нэмэхэд ялгавартай хандана. Өнөөдөр гэр хорооллын иргэд их үнэ төлөөд бага ус хэрэглэдэг. Гэтэл орон сууцны иргэд бага үнээр их ус хэрэглэж байна. Ийм шударга бус тогтолцоо тогтчихсон байхад гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг нэмнэ гээд байж болохгүй. Тиймээс орон сууцны болон аж ахуйн нэгжийн усны төлбөрийг ялимгүй нэмэхээр яригдаж байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт орон сууцны иргэдийн усны төлбөрийг 50 мөнгө, аж ахуйн нэгжийн төлбөрийг 50 мөнгө байсныг нэг төгрөг болгох санал хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн” гэв.
Цэвэр усны асуудал дэлхийн нийтийн өмнө тулгамдсан арван асуудлын нэг юм. Тиймээс бид наад зах нь шүдээ угаахдаа цэвэр усыг замбараагүй хэрэглэдгээ яг одооноос зогсооё. Монголчуудын хэрэглэдэг ундны усыг газрын гүнээс 40-50 жилийн настай “буурал” хоолойгоор татдаг аж. Тиймээс ус татах хоолойг шинэчлэхээс эхлээд тулгамдсан асуудал усны салбарт цөөнгүй. Түүнчлэн иргэд усаа гамгүй хэрэглэж байгаагаас үүдэн усны үйлчилгээг 24 цагаар хүргэдэг үйлчилгээний байгууллагууд алдагдалтай ажиллаж буйг УСУГ-ын дарга С.Үнэн сануулсан. Тэрбээр “Үнэ нэмэх асуудлыг зүгээр судалгаа тооцоогүй, өөрсдийн эрх ашгаа бодож гаргаж тавиад байгаа юм биш ээ. Өнөөдрийн замбараагүй хэрэглээний цаана гүний цэвэр усны нөөц хомсдох аюул тун ойрхон байна. Дээр нь үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд алдагдалтай ажиллаж ирсэнтэй холбоотой шугам аоолой муудаж, цэвэр усны найдвартай хангамж тасалдахад хүрч байна. Манай УСУГ-ын санхүүгийн алдагдал өнгөрсөн онд 10.7 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ онд урьдчилсан тооцоолсноор 16 орчим тэрбумын алдагдал хүлээхээр байгаа. Хэрвээ алдагдал энэ хэвээрээ үргэлжилбэл иргэдэд хүргэх усан хангамжийн асуудал тасалдаж эхэлнэ. Тиймээс бид усны үнийг нэмнэ гээд яриад байгаа нь иргэдийн усан хангамжийн найдвартай байдалтай шууд холбоотой юм гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй” гэдгийг учирласан. Мөн усны үнэ нэмэгдлээ гээд усны салбар нэг амьсгаагаар алдагдалаа нөхчихгүй тул иргэд аль болох усандаа хайр гамтай хандах хэрэгтэй гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.
Мөн Монголд иргэдийн усан хангамжийн чиглэлээр судалгаа явуулдаг ACS олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Кристиан Ферриер “Хүмүүст усаа хайрлах хэрэгтэйг ойлгуулах нь чухал. Мөн дадал зуршлийг нь өөрчлөх хэрэгтэй. Тиймээс үнэ нэмэх, иргэдийн сэтгэлгээг өөрчлөх кампанит ажил хийх нь усны салбарыг аврах эхний алхам” хэмээн хэллээ.
Монголын эдийн засаг, санхүү бизнесийн “Mongolian Economy” сэтгүүлийн хувьд “Ногоон хөгжлийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг тул усны асуудалд ийнхүү анхаарлаа хандуулж буй юм. Аяны хүрээнд манай сэтгүүлийн зүгээс олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн дотор эхний ээлжинд сэтгүүлчдийн анхаарлыг энэ чиглэлд татаж, улмаар иргэдийн усыг үнэ цэнэгүй мэт боддог муу дадал хэвшил, сэтгэхүйг өөрчлөхийг зорьж буй юм.
Мөн тус сэтгүүл дэргэдэх “Экономи” телевизийн студийн уран бүтээлчдийн бэлтгэн долоо хоног бүрийн мягмар гаригийн 21.50 цагаас NTV телевизээр гаргадаг эдийн засгийн нэвтрүүлгүүдээр усны асуудлыг тал бүрээс нь хөндөж буй юм. Түүнчлэн www.mongolianeconomy.mn цахим хуудасны “Economy теле сэтгүүл” гэсэн хэсгээс “Цэнхэр сувдны үнэгүйдэл” нэвтрүүлэг, Усны үнийн асуудлаарх хэлэлцүүлгийг сонирхох боломжтой. Мөн ирэх мягмар гаргийн 21.50 цагаас NTV телевизээр манай студийн “Ус ирж байна” нэвтрүүлэг гарна.
Түүнчлэн өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордны Иргэний танхимд усны тухай хэлэлцүүлэг болох юм. “Ус чандмань эрдэнэ” гэдэг ойлголтыг хий хоосон лоозогнох биш, хэмнэж гамнах ухааны үрийг олон нийт оюун бодолдоо өнөөдрөөс эхлээд чин сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ тарих хэрэгтэй . Үүнийг л хийх нь манай зүгээс санаачилан хийж буй кампанит ажлын зорилго, үр дүн билээ.