Ус амьдрал

Ус бол амьдрал юм. Усгүйгээр бид хэчнээн удаан амьд явах вэ. Манай цэнхэр дэлхийн ихэнх хувийг ус эзэлдэг ч цэвэр ундны усны хомсдолын тухай өнөөдөр улс орнууд онцгойлон авч үзэж ярьсаар байна. Энэ нь цэвэр усны нөөц дэлхийд маш бага хувь эзэлдэгтэй холбоотой.

Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбогдон цэвэр усны нөөц улам л багасаж байгаа нь олон улс орнуудын санааг зовоосоор. Тиймээс хөгжилтэй орнуудын төр, засгийн тэргүүнүүд энэ чиглэлээр нэгэн дээвэр, уриан дор хуралдаж, энэхүү тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, цаашид авах арга замаа тодорхойлж байна. Тухайлбал, "Ус-тогтвортой хөгжлийн түлхүүр" нэртэй уриан дор олон улсын бага хурлыг ХБНГУ-ын Бонн хотноо хийснээс хойш олон арга хэмжээ бусад оронд болж, усны нөөцөө хэрхэн хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн нэгдэн тэмцэх талаар чуулсаар ирсэн билээ. Манай улсын хувьд ч ялгаагүй ийм хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа. Ялангуяа Төв Азийн өндөрлөг хэсэгт орших эрс тэрс уур амьсгалтай, хур тунадас бага ордог, ууршилт ихтэй, усны нөөцөөр хязгаарлагдмал манай оронд цаг уурын өөрчлөлт эрчимтэй явагдаж, олон гол, булаг шанд ширгээд буй статистик мэдээлэл бий. Дээр нь хүний хүчин зүйлийн нөлөөллөөр байгаль орчиндоо сүүлийн жилүүдэд ихэд хайр гамгүй хандаж байгааг бид бүхэн мэднэ.

Ер нь ус бол байгалийн үнэт баялгийн хувьд энэхүү баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах нь улс орны оршин тогтнох, хөгжихийн эх үндэс болдог. Монголчууд бидэнд бурхнаас олон төрлийн газрын баялгийг илгээжээ. Харин энэхүү баялгаа хүртэхийн төлөө хэтэрхий эмх замбараагүй хандсанаас эдүгээ ихэнхдээ сөрөг үр дүнг нь үзсээр сууна. Тухайлбал, олон аймгийн газар нутаг бараг л дайнд нэрвэгдсэн мэт сүйтгэгдэж, улмаар уул уурхайн энэхүү зүй бус үйл ажиллагаанаас үүдэн олон гол горхи, булаг шанд бохирдож, ширгэж байна. 2003 оны байдлаар найман аймгийн 28 гол, горхи алт олборлолтын нөлөөгөөр бохирдсон гэсэн тоо баримт бий.

Сэлэнгийн ай савд манай орны томоохон хотууд байрладаг бөгөөд энэ сав газарт үйлдвэрлэл үйлчилгээ их хөгжсөн нь голын усны чанарт тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсээр. Бидний сайн мэдэх Орхон,Туул, Хараа, Ерөө голууд алтны үйлдвэрлэлийн нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртөж, булингартан бохирдсоныг мэргэжлийн хүмүүс толгой сэгсрэн ярих. Зарим гол горхи, цэвэр цэнгэг усанд амьдрагч загас жараахай амьдрах чадваргүй болж, өвчин үүсгэгч шимэгч хорхойгоор өвчилсөнийг хүртэл холбогдох байгууллагынхан илрүүлсэн.

Миний багадаа эрхлэн нааданхан өссөн Завхан гол ч зарим хэсгээрээ тасарч, элсэн манхан үүссэн тухай сонсох бүртээ зүрх шимшрэх. Завхан нутгийн байгалийн чимэг болсон энэ томоохон голыг ширгэж тасрах аюул нөмрөнө чинээн бодож явсангүй. Яагаад гэвэл дуунд мөнхөрсөн Завхан гол тасрах нь байтугай, эргээсээ халин үерлэдэг байсан болохоор тэр. Харин өнгөрсөн зун бурхан ивээж, Завхан гол олон жилийн өмнөх шигээ цэнхэртэн урссаар эргээ халин ирснийг дуулаад ямар их баярласан гээч.

Өөр нэг жишээ бол нийслэлчүүд бидний нүдэн дээр байна. Эртний эгэлгүй их түүхтэй, нийслэл хотын өнгө үзэмж болсон Туул гол өдрөөс өдөрт "нүдээ анисаар" буйг бид харсаар. Улаанбаатарчууд энэ л голоос ундаалж, угжиж өссөн шүү дээ. Бас л эргээсээ халин цэнхэртэн урсдаг байгалийн их баялаг өнөөдөр ямар байдалтай байна вэ. Хог новшоор дүүрч, гудамжны гэгддэг хүмүүсийн үүр оромж л болж дууслаа. Мөн төв хэсгээр нь эргийг нь тулгаад хашаа хатгасан харагдах. Амь зогоох мэт урсах зарим хэсэг нь бохирдож, загас жараахайнууд нь цэвэр цэнгэг ус хайн эргээ сэлэн амаа ангайн үхэх. Баримт дурдъя.Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усанд аммоны ионы агууламж ихэнх тохиолдолд голд нийлүүлж болох зөвшөөрөх дээд хэмжээнээс 1.5-2.0 дахин их, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ маш бага буюу 0,35-0,80 мг/л хооронд байгаа нь Туул гол гадаргын усны цэврийн зэргийн ангиллын нормтой харьцуулахад "маш их бохирдолттой" гэсэн ангилалд орж байна. Харамсмаар тоон үзүүлэлт биш гэж үү. Мөн түүнчлэн Улаанбаатар хот болон томоохон төв суурин газрын ойролцоох булгуудад хамгаалалтын бүсийн дэглэм мөрдөөгүйгээс хог хаягдлаар бохирдсон гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт байна. Дэлхийн банкнаас Туул голын эхийн өнөөгийн явцад судалгаа хийж, өнөөдрийн байдал цааш үргэлжилбэл ирэх 10 жилд улаанбаатарчуудын ундны усны хэрэглээ хүнд байдалд орох тухай сэтгэл эмзэглүүлсэн дэлгэрэнгүй тайлан гаргасан.

Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэг буюу Монгол орны нутаг дэвсгэрийн 30 хувьд бүрэлддэг аж. Нэгж талбайд ногдох усны нөөцөөр Монгол Улс бусад оронтой харьцуулахад нэн бага, ам. метр талбайд ойролцоогоор 22 орчим мянган шоо метр ус ногддог, гэхдээ хүн ам цөөн, сийрэг оршдогтой холбоотойгоор нэг хүнд ногдох усны нөөцөөр харьцангуй дээгүүрт ордог. Мөн гэр хороолол болона хөдөө орон нутагт амьдарч буй нэг хүнд ногдох төдийгүй хөдөө аж ахуй, аж үйлдвэрт хэрэглэж буй усны хэмжээгээр манай улс дэлхийн дунджаас нэлээд доогуурт ордог. 2004 оны байдлаар Монгол орны нийт хүн амын 30,8 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, үлдсэн 69.2 хувь нь төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс буюу зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.8 хувь нь ус түгээх байр, 35.7 хувь нь худгаас, 9.1 хувь нь булаг шанд, гол горхины уснаас ус авч унд ахуйдаа хэрэглэдэг гэсэн тоон мэдээ бий. Усны хэрэглээний талаар явуулсан зарим судалгааны дүнгээс үзэхэд хот суурин газарт орон сууцанд оршин суугчдын хоногийн дундаж усны хэрэглээ 230-350 литр бол гэр хороололд оршин суугчид болон малчдынх дунджаар 5-10 литр бөгөөд хамгийн их ус хэрэглэдэг хотуудаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан орж байна. Эндээс харвал, орон сууцанд амьдардаг иргэд усанд хэр үрэлгэн хайр гамгүй ханддаг судалгааг үзэж болохоор. Ямар сайндаа мэргэжилтнүүдийн зүгээс шүдээ угаахдаа тусгай жижигхэн сав бэлтгээд түүндээ усаа хийж угаах зөвлөмж өгч байхав.

Ер нь төр, засгийн бодлого шийдвэрээс гадна иргэд бид өөрсдөө байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чин сэтгэлтэй баймаар байна. Эцэг өвгөдийн үеэс уламжлан ирсэн байгальтайгаа зүй зохистой харилцах харилцаагаа эргэн сэргээмээр байна. Уул уурхайн үйлдвэрлэл явуулсан ч хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бодолцон, байгалийг эргэн унаган төрхөнд нь оруулж сэргээх олон улсын туршлагаас нэвтрүүлж, түүнийг даган мөрдөж ажиллая. Эрс тэрс уур амьсгалтай, Төв Азийн өндөрлөг буюу хуурайшилттай бүсэд оршдог монголчууд цөөхөн гол мөрөн, булаг шандаа ширгээчихээд ямар орчинд хэрхэн амьдрах талаар та нэг төсөөлөөд үзээрэй. Цэвэр тунгалаг Туул голын хамгийн чухал хэсэг эхийг нь бохирдуулан сүйтгэж хаяснаар хаанаас, ямар эх үүсвэрээс ундны усны хэрэглээгээ хангах тухайд нийслэлчүүд нэг бодолцож үзээсэй. Энд иргэдийн байгаль эхээ хайрлан хамгаалах чин сэтгэлээс гадна төрийн төмөр нударга зайлшгүй хэрэгтэй гэдэг нь бас ойлгомжтой юм.