Ус тойрсон асуудал

"Улаанбаатар хотын усны хангамжийн ирээдүй" сэдэвт дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо. Усны өдрийг угтан зохион байгуулж буй уг арга хэмжээнд НҮБ-ын Усны байгууллага, ACF олон улсын байгууллага, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын зөвлөл зэрэг усны салбарын олон талын төлөөлөл ирж салбарын өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд усны үнийг нэмэх нь салбарын өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Тэр дундаа орон сууцны айл өрхийн хэрэглээний усны үнийг нэмэх зах зээлийн шаардлага байгааг “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Басандорж сануулсан. Өнөөдөр Улаанбаатар хотын орон сууцны өрх нэг литр усанд 32-хон мөнгө төлж байна. Харин гэр хорооллын иргэд литр усыг нэг төгрөгөөр худалдан авдаг.

Ус сувгийн удирдах газраас хийсэн судалгаанд дурдсанаар гэр хорооллын иргэн өдөрт дунджаар 8-10 литр ус хэрэглэдэг аж. Тэгвэл орон сууцанд амьдарч буй иргэн 230-250 литр ус хэрэглэж байгаа юм. Эндээс харахад усанд бага төлбөр төлдөг хэсэг нь их ус хэрэглэдэг. Өндөр үнэ төлдөг нь өдөр тутмын усны хэрэгцээгээ ч бүрэн хангаж чаддаггүй буруу тогтолцоо Монголын усны салбарт бий болсныг гэрчилнэ. Тиймээс энэ тал дээр бодлого барих цаг нь болжээ. Гэхдээ усны үнийг нэмэх нь иргэдийн усаар хангагдах эрхийг зөрчиж магадгүй хэмээх болгоомжлол шийдвэр гаргах түвшинд бий аж.

Энэ талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг “Усны үнийг нэмэхээс аргагүй байдал үүссэнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Өнөөдөр гэр хорооллын иргэд их үнэ төлөөд бага ус хэрэглэдэг. Гэтэл орон сууцны иргэд бага үнээр их ус хэрэглэж байна. Ийм шударга бус тогтолцоо тогтчихсон байхад гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг нэмнэ гээд байж болохгүй. Тиймээс орон сууцны болон аж ахуйн нэгжийн усны төлбөрийг ялимгүй нэмэхээр яригдаж байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт орон сууцны иргэдийн усны төлбөрийг 50 мөнгө, аж ахуйн нэгжийн төлбөрийг 50 мөнгө байсныг нэг төгрөг болгох санал хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн. Үнийг ингэж нэмэх болсон шалтгаан нь хэрэглэгч, ашиглагч гэсэн үндсэн зарчим дээр тулгуурласан хэрэг” гэв. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар ус үнэгүй байгаа. Ердөө л усыг түгээсэн зардлыг иргэд усыг үнэлж байна хэмээн буруу ойлгоод байгаа аж.

Хэлэлцүүлгээр яригдсан өөр нэг асуудал бол нийслэлчүүдийн ундны усны нөөцийн талаар байлаа. Ус сувгийн удирдах газрын техникийн бодлогын хэлтсийн дарга В.Батсүх “Бид өдөртөө дунджаар 160 мянган шоо метр усыг нийслэлийн иргэдэд түгээж байна. 1980 онд хийсэн судалгаагаар 280 мянган шоо метр усыг өдөртөө хэрэглэж болно гэсэн байдаг. Гэхдээ энэ бол 30 гаруй жилийн өмнөх судалгаа тул усны нөөцийг дахин тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа. Өнөөдрийн хэрэглээгээр ямар ч судалгаа, стандартгүй яваад байвал 2016 оноос Туул голын сав газрын усны нөөц багасч эхлэх нь үнэн” гэсэн юм. Тиймээс яаралтай энэ талын нарийвчилсан судалгааг хийхээс гадна нийслэлчүүд гүний биш гадаргын ус хэрэглэдэг болох шаардлагатай аж. Тиймээс ойрын үед туулын хөндийд гадаргын усны цогцолбор барих хэрэгтэйг салбарынхан онцолсон.

Улаанбаатар хотыг усаар хангадаг үндсэн дөрвөн хэсэг 160-170 гүний худгаас усаа татдаг бөгөөд энэ нь газрын гүний хамгийн цэвэр, унданд шууд хэрэглэж болох ус байдаг аж. Тиймээс хотын иргэд маань ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн тал дээр санаа зовохгүй байж болно. Гэхдээ ундны ус хэрэглэгчдийн гарт хүрэх явцдаа бохирддог байж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд санууллаа. Тухайлбал, манай ундны усыг хэрэглэгчдэд хүргэдэг шугам 31-53 жил ашиглагдаж байгаа нь ч байна. Б.Батсүх “Өнөөдөр манай ихэнх ус дамжуулах удаан хугацаанд хэрэглэсэн ган хоолойнууд зэвэнд идэгдээд байгаа юм. Тийм болохоор зэвтэй ус гарах нь аргагүй” гэв. Тиймээс орон сууцны хэрэглэгчдэд ундны ус очихдоо уг зэвтэй хоолойгоор дамжин ямар хими, физикийн урвалд орж байгааг шууд тодорхойлох боломжгүй гэнэ.

Гэхдээ энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд усыг хлороор ариутгадаг аж. Ус сувгийн удирдах газраас жил бүр ус дамжуулах хоолойг хэсэгчилэн засдаг боловч үр дүн багатай байгаа аж. Нөхцөл байдал иймдээ хүрсэн нь нөгөөх л усны үнэтэй холбоотой гэдгийг мөн хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн. Зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнээр усыг үнэлдэг учраас усны салбарынхан жил болгон алдагдалтай ажиллаж, ус дамжуулах хоолойгоо ч засч чадахгүйд хүрсэн байна.