Утааг багасгах ажил урагш муутай байна

Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор 2011 оны төсвийн тодотголоор 34.0 тэрбум төгрөг баталсан. Харин энэ мөнгөөр тодорхой хугацаанд багтаж буюу он дуусахаас өмнө утааны эсрэг ямар арга хэмжээ авах талаар холбогдох яамдуудад үүрэг өгсөн. Гэхдээ өгсөн үүрэг биелэгдэхэд бэрхтэй болоод байгаа аж. Учир нь, нээлттэй тендер зарлахын тулд Сангийн яамнаас зөвшөөрөл авахад тав хоног, тендер зарлах материалыг хүлээн авахад 30 хоног, сонгон шалгаруулах, эрх олгоход мөн нэг сар гээд багадаа хоёр сарын хугацаа шаардлагатай байдаг байна. Энэ талаар хэлэлцэхээр “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” хуралдлаа. Төсвийн тодотголоор олгогдсон мөнгийг хуулийн хугацаанд нь буюу он дуусахаас өмнө төлөвлөгдсөний дагуу зарцуулах тал дээр талууд үүний өмнөх хурлаараа хэлэлцсэн аж. Гэвч өнөөдөр төлөвлөсөн хөрөнгийг зарцуулах ажлыг цаг хугацаандаа амжихгүй болсон талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БОАЖЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ-хан дурдлаа. Түүнчлэн хийх ёстой бүх ажлаа оноос өмнө амжуулахдаа гол нь биш, ажил эхлэхээр тендер зарлах гэхэд Сангийн яам амжихгүй гээд зөвшөөрөл өгөхгүй луу унжиж байгаа аж. Харин Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баттөр “Тодотгол хийхээс өмнө хийх ажлаа төлөвлөж байсан юм бол бэлтгэлээ эртнээс базаах үүрэгтэй шүү дээ. Өөрсдөө хугацаа алдсан болохоос Сангийн яамнаас хамаарч төлөвлөсөн ажил хойшлогдоогүй. Гэхдээ ажлыг хуулийн дагуу хугацаанд нь багтаан хийх ёстой” гэлээ.

Утааны асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн яам томоохон үүрэг хүлээн ажиллаж байгаа аж. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 150 ам метр талбай халаах усан халаалттай 10 мянган сайжруулсан зуух, 50 ам метр талбайг халаах 30 мянган сайжруулсан зуух, “Дэнжийн-1000” орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн шугамд холбох зэрэгт 18,5 тэрбум төгрөг олгогдсон байгаа аж. Одоогоор НЗДТГ-аас Үнэлгээний хороо байгуулан ажиллаж байгаа юм байна. Мөн БОАЖЯ-нд үнсний машин худалдан авах, агаарын бохирдлыг хянах суурин станц байгуулахад дөрвөн тэрбум төгрөг баталсан байна. Энэ ажлын тендерийн материалыг боловсруулж байгаа аж. Ер нь агаарын бохирдлыг багасгах ажилд тодорхой хөрөнгө төсөвтэй оролцох дээрх байгууллагуудын ихэнх нь тендерийн материал бүрдүүлэх, үнэлгээний хороо байгуулах гэх мэт эхний шатны арга хэмжээний ажил дээрээ яваа нь ийнхүү гацаанд ороод байгаа аж.

Гэр хороолол байсан, байсаар ч байх болно. Учир нь, манай Улаанбаатар хотын анхны төлөвлөлт 600 мянган хүн ам оршин суухаар тооцоологдсон аж. Харин өнөөдөр хоёр дахин их хүн нийслэл хотод амьдарч байгаа юм. Сүүлийн арваад жилийн дотор 470 гаруй мянган иргэн хотод шилжин суурьшсан гэдэг тоо ч байна. Харин энэ тоо жил ирэх бүр улам нэмэгдсээр. Тиймээс утааны 60 орчим хувийг эзэлж буй гэр хорооллыг утаагүй зуухаар хангах ажлыг санаачилж одоогоор 35 мянган айлд тараагаад байгаа нь утааны эсрэг авсан дорвитой ажил болсон гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Мөн дээрх хурлаар 2013 он гэхэд 180 мянган өрхийг утаагүй зуухаар хангах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хурлын үеэр яригдсан нэг том асуудал бол 2012 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар ярилцсан юм. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” зохион байгуулж холбогдох яамдуудаас санал авч Сангийн яам хянан боловсруулснаар нийт 105,5 тэрбум төгрөг төсөвлөж 15 ажил хэлэлцэн батлаад байгаа аж. Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Р.Мягмар “Улсын төсвөөр хоёр он дамжаад утааг бууруулахын тулд нийтдээ 105 тэрбум төгрөг баталж өглөө. Төсвийн тодотголыг оны сүүлчээр баталдаг. Тиймээс хугацаандаа яаж багтаж ажиллах талаар ярилцлаа.

“Цэвэр агаар” санд олгогдсон мөнгийг чухам юунд зарцуулах талаар саналаа өглөө. Гэхдээ тус сан нь өөрийн гэсэн ТУЗ-тай. Түүгээр нь хэлэлцүүлэн батлуулах ёстой. Бас Мянганы сорилтын сан байна. Эднийд утаанд зарцуулах 16 сая ам. доллар буюу 21,5 тэрбум төгрөг бий. Энэ мэт нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийг хэрхэн үр ашигтайгаар зарцуулж, үр дүн гаргах вэ гэдэг чухал” гэв.

Дээрх 30,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хийх ажлын жагсаалтад халаалтын зуухуудыг шинэчлэх, хог боловсруулах үйлдвэр барих, дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх гээд цөөнгүй ажил багтжээ. Эдгээр төлөвлөсөн ажлаас нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх тал дээр асуудал гарч болзошгүй талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд санууллаа. Мөн талууд 2011 оны үлдэгдлийг дараа оны төсөвт оруулж хэрхэн зарцуулах гэдгийг ойрхон шийдэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндсэний хороо” байгуулагдаад 2011-2012 оны өвөл утааны хэмжээг 50 хувь бууруулах зорилт тавьж ажиллажээ. Харин өнөөдөр нийслэлийн утаан хөшиг өмнөхөөсөө нимгэрч байна уу гэж иргэдийн төлөөллөөс сонирхоход “Ээ мэдэхгүй. Өмнөхөөсөө багассан шинж огтхон ч ажиглагдахгүй л байгаа шүү дээ. Харж байхад харин ч утаан хөшиг улам өтгөрөөд байх шиг” хэмээн сэтгэл дундуур үгс урсгана. Ажил хариуцсан албаныхны хувьд ч өнөөдрийг хүртэл хийсэн ажил хэр үр дүнтэй болсон эсэх талаар тодорхой дүн шинжилгээ гаргаагүй байгаа. Энэ талаар сэтгүүлчид тодруулахад, Үндэсний хорооны дарга Р.Мягмар “Агаарын чанар ямар байгаа талаар ирэх оны нэгдүгээр сард болох хурлын үеэр хэлэлцэнэ. Нийслэлийн агаарын чанарын алба, Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн хамтраад дараагийн хурлаар мэргэжлийн үүднээс дүгнэх нь илүү дээр байх. Түүнээс биш, бид өнөөдөр хараад агаар ийм байна гэх нь өрөөсгөл” гэлээ.