Утааны эсрэг амны хаалт зүүцгээе!

Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс гамшгийн байдалтай байгаа Улаанбаатар хотын утааны эсрэг иргэн бүр хувь нэмрээ оруулж, хамтдаа тэмцэх цаг болсон гэдгийг санууллаа. Өчигдөр Сүхбаатарын талбайд Байгаль орчны, Боловсролын, Батлан хамгаалахын иргэний зөвлөл болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, “Ногоон шугам” ТББ-ынхан хамтран “Агаарын бохирдолын эсрэг хамтдаа” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр агаарын бохирдолын хор уршиг, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь иргэдэд сурталчлахын зэрэгцээ “Агаарын бохирдолын эсрэг Та юу хийж чадах вэ, Хажуудах хүндээ харуул” гэсэн уриаг дэвшүүлэн, иргэдийн санал бодлыг сонсож, бичгээр хүлээн авч байлаа.

“Өнөөдөр агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх болсон. Наад зах нь сүүлийн үед ураг эндэх тохиолдол цөөнгүй гарах болж, олон эхийн өрийг харлуулж байна. Тиймээс иргэн бүр агаарын бохирдолын эсрэг тэмцэх арга зам эрэлхийлж, хувь нэмрээ оруулах нь бидний эрүүл мэндээ хамгаалж буй гарц болох юм” хэмээн Монголын байгаль орчны иргэний зөвлөл/МБОИЗ/-ийн тэргүүн Б.Батболд онцоллоо.
Гэр хорооллоос гадна автомашины ялгарч буй хий, хорт бодис нь агаарын бохирдолыг үүсгэж буй голомт гэдгийг ч тэрбээр хэлсэн. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс агаарын бохирдолоос үүдэж зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхитийн явц хурдсаж, амьсгалын замын өвчний шинж тэмдэг нэмэгдэх, уушгины үйл ажиллагаа буурч улмаар багтрааны хүндрэл үүсгэх гэх мэт өвчлөл сүүлийн жилүүдэд манайд нэмэгдэх болсныг Дэлхийн банкны судалгаанд ч дурджээ.

Тэгвэл дээрх иргэний нийгмийн байгууллагууд гарах гарцыг хамтдаа хайхыг уриалж, өөрсдөө ч хайж эхэлсэн нь дэмжүүштэй зүйл байлаа. Харамсалтай нь Сүхбаатарын талбай дээр болж буй “Утааны эсрэг хамтдаа” хэмээн уриалсан уг арга хэмжээг/ өчигдөр 13.00 цагийн байдлаар/ сонирхогч харьцангуй цөөхөн байсан. Тэд иргэдээс аман болон бичгээр хүлээж авсан саналаа нэгтгэн өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд болох хуралдаанд дамжуулан хүргэн, хэлэлцэж гарцыг хамтдаа хайх тухайгаа хэлж байсан.

Дээрх арга хэмжээний үеэр “Ногоон шугам” ТББ агаарын бохирдолтой арай өөр замаар тэмцэхээр хийж байгаа зүйл сонирхол татлаа. Тус байгууллагаас Нийслэлийн агаарын чанарын алба болон хувийн хэвшлийнхний дэмжлэгээр агаарын бохирдол хамгийн ихтэй захын хорооллын цэгүүдээс зургаан сургууль, дөрвөн өрхийн эмнэлгийг сонгон авч, арваннэгдүгээр сараас эхлэн давхардсан тоогоор 20 гаруй мянган хүнд эко амны хаалт тарааж байгаа юм байна. БНСУ-аас имплортолсон уг амны хаалтны нэгийг нь нэг хоног хагас өдөртэй зүүгээд хаях зориулалттай гэнэ. Тиймээс дээрх сонгосон сургуулиудынхаа хүүхэд тус бүрт гурван амны хаалт хуваарилж, хүүхэд багачуудыг долоо хоног ч гэсэн хорт утаанаас хамгаалах боломж олгосноороо онцлог юм. Уг амны хаалтыг БНСУ-ын “Samsung” корпораци нано технологиор хийсэн учраас хэрэглэж л чадвал утааны хорт хий, элементээс 99 хувиар хамгаалж чадна гэдгийг “Ногоон шугам” ТББ-ын тэргүүн З.Ганбаатар онцоллоо. Тэрбээр “Манай хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусч байгаа. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн зүгээс үүнийг цааш нь үргэлжүүлэхийг санал болгож байгаа ч бидэнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Ер нь төр, засгийн зүгээс утааны эсрэг дорвитой үр дүн мэдэгдэхээр ажил хийж чадахгүйгээс хойш иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, ядаж эрүүл мэндийг нь тодорхой хэмжээгээр хамгаалах зорилгоор ийм зориулалтын амны хаалт ч болов тараах нь зүйтэй болов уу” хэмээн хэлсэн.

Жил бүр л утаанд зориулж Засгийн газраас тэрбум, тэрбумаар нь мөнгө төсөвлөж зарцуулдаг. Монгол Улсын Засгийн Газар Мянганы сорилтын сантай хамтран байгуулсан гэрээний дагуу 2010-2012 оныг хүртэл гурван жилийн хугацаатай “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд 2012 онд утааг 50 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар агаарын чанарыг сайжруулах бүс гэгдсэн гэр хорооллын 90 мянган айл өрхийн 41673 айл өрхөд сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр тараасан байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл хийхдээ “Ер нь гэр хорооллын 180.0 мянган өрхийн ердийн зуухыг утаа бага зарцуулдаг сайжруулсан зуухаар,түүхий нүүрсийг боловсруулсан түлшээр сольсноор 2011-2012 онд агаарын бохирдолыг 60 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна” гэсэн. Гэтэл үр дүн төдийлэн харагдахгүй байгааг иргэд, олон нийт шүүмжилсээр буй. Саяхан нэг нэгэн өдөр тутмын сонин дээр “Сү.Батболдоос өөр утаа багассаныг анзаарч байгаа хүн байхгүй бололтой” гэсэн гарчигтай нийтлэл хүртэл гарсан байсан.

Юу ч гэсэн утааны эсрэг хамтдаа тэмцье хэмээн уриалж буй Иргэний зөвлөлүүдийн санал, санаачлагыг дэмжиж, жилээс жилд багасах биш харин ч ихэссээр байгаа утааны эсрэг зогсох, эрүүл мэндээ хамгаалахад санаа тавих нь хүн бүрийн дор бүрнээ хичээх асуудал болчихоод байгааг үүнтэй холбоотой тэмдэглэе.