Уул уурхайн компаниуд муу дүн авлаа


Байгаль орчин ногоон хөгжлийн яамны /БОНХЯ/ Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлыг хэсэг Өмнөговь аймагт байрлах “Оюутолгой”, “Энержи Ресурс” зэрэг компани байгаль орчинд хэр хариуцлагатай ажиллаж буйг өнгөрсөн сарын 30, 31-нд шалгажээ. Тус ажлын явцад дээрх уурхайд хариуцлагагүй хэд хэдэн асуудал илэрсэн талаар БОНХЯ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхийн тулд Тавантолгой, Ухаахудгийн нүүрсний уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын талбай руу дотоодын тээврээр нүүрс зөөж байгаа аж. Улмаар тус аймгийн Цогтцэций сумын нутагт байгаль орчин сүйтгэгдэж, тоосжилт хэрээс хэтэрч, сарны гадрага шиг болсон тухай тус уулзалтын үеэр БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга ярив. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 257 км сайжруулсан шороон замаар “Тавантолгой Транс”, “Ориент Энержи”, “Тавантолгой” зэрэг гурван компанийн нүүрс тээвэрлэгч машин явдаг аж. Тус замаар 2011 оны мэдээгээр хоногт дунджаар 4500 машин, оргил үедээ 6000 машин явдаг байна. Үүний улмаас тус бүсд тухайлбал, Цагаан хадны гаалийн хяналтын талбайд нүүрс зөөвөрлөснөөр нүүрсний тоосонцор агаарт хийсэж 10 км газрын хөрсийг гэмтээж, ургамал амьтанд сөргөөр нөлөөлж байгаа аж. Ажлын хэсгийнхэний дүгнэж буйгаар дээрх компаниудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалах хариуцлага сул байна.
Тус ажлын хүрээнд Оюутолгойн төслийн гүний хоолойн газар доорхи усны ордод хийсэн усны хяналтын хэмжилтийн дүнгээс үзэхэд гүнийн цооногуудад усны түвшин ашиглалтын өмнөх үеэс 5-10 метрээр, малчны худгуудад 0.2-0.3 метрээр буурч, цаашид усны түвшин буурах магадлалтай байгааг тогтоожээ. Өнгөрсөн онд “Оюутолгой” ХХК 1.720 сая шоо метр ус хэрэглэсэн байна. Энэ нь тус компани зөвшөөрөгдөх хэмжээнийхээ 20-25 хувийг хэрэглэсэн гэсэн үг юм. Дээрх ажлын хүрээнд уул уурхайн технологийн ус хангамжид говийн бүсийн эрдэсжилт ихтэй усыг түлхүү ашиглаж, цэнгэг усны ордыг хүн амын ундны хэрэглээнд зарцуулах бодлогыг БОНХЯ-аас хэрэгжүүлэхээр боллоо.