Уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг сайжруулъя

Монгол орон юугаараа баялаг вэ? Энэ асуултад мэдээж хүн бүр өөр өөр хариулт хэлэх байх. Гэхдээ ихэнх нь газар нутаг, унаган байгаль гэж хэлэх нь гарцаагүй. Тийм ээ, гурван сая хүрэхгүй хүн амтай Монголын ард түмэнд Ази тивд орших асар том газар нутаг дээр амьдрах аз завшаан тохиожээ. Энэхүү уудам өргөн тал нутгийн маань газрын гүнд чамлахааргүй их хэмжээний төрөл бүрийн эрдэнэс баялаг байгааг судалж тогтоосон билээ.

Засгийн газрын 304 дүгээр тогтоолын дагуу “Алт” хөтөлбөр анх 1991 оноос хэрэгжиж эхэлснээс хойш уул уурхайн салбар өнөөг хүртэл эрчимтэй хөгжиж, Монгол Улс дэлхийн анхаарлын төвд зүй ёсоор ордог болов. Шилжилтийн үеийн эдийн засгийн цар хүрээг тэлэхэд 1990-ээд оны үед байнгын төсвийн алдагдлын улмаас хүндрэлтэй байсан. Иймээс ажлын байр бий болгоод, татвараа төлж л байвал аж ахуйн нэгжийн хариуцлага, хяналтын асуудалд улс төдийлэн анхаарал хандуулдаггүй байсан нь үнэн. Одоо бол харин байдал өөр болжээ. “ДНБ-ий 23 хувь, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 60-аас дээш хувь, төсвийн орлогын 20-иос дээш хувь, экспортын 80-аас дээш хувийг уул уурхай эзэлж байгаа” гэж УИХ-ын гишүүн С.Оюун ярилаа. Өөрөөр хэлбэл, таван төгрөгийн нэг нь уул уурхайн салбараас орж ирж байна гэсэн үг. Үүнээс харахад, уул уурхайгаас бодитой ашиг олох бүрэн боломж бүрджээ. Гэтэл үүний зэрэгцээ ямар ч ашиг орлогоос илүү амин чухал нөхөн сэргээлтийн асуудлыг хөндөхгүй байхын аргагүй.

Арван таван аймгийн хэмжээнд энэ оны байдлаар уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газрын талбай нь 17000 га хүрсэн бөгөөд үүний талд нь ч хүрэхгүй хувьд буюу 5000 орчим га-д нөхөн сэргээлт хийжээ. Энэхүү эвдрэлд орсон нийт талбайн ойролцоогоор 1000 га нь “нинжа” нар буюу хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн байна.Нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн 16000 га талбай социализмын үед хаягдсан ба уул уурхайн компаниудын орхисон орд газрууд эзлэх аж. Эзэнгүй орхигдсон эдгээр ордын ихэнх нь нүүрс, төмрийн хүдрийн үндсэн орд байдаг аж. Тухайлбал, Дорноговийн хайлуур жоншны орд, Хэнтийн цөөнгүй орд эдгээрийн тоонд багтана.

С.Оюун, Д.Энхбат, Г.Баярсайхан УИХ-ын гишүүд “Газрын тос болон ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг хэрхэн нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай” нэртэй хуулийн төсөл санаачлаад энэ оны зургадугаар сард багтаан өргөн барих гэж байна. Уул уурхайн нөөц ашигласны төлбөрөөс тав хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлээд, тэрнийгээ уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах энэхүү хууль батлагдвал эзэнгүй орхигдсон үй олон газрын нөхөн сэргээх ажилд бодитой бөгөөд жинтэй хувь нэмэр болох нь дамжиггүй.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх явц хангалтгүй, “халтар царайтай” байгааг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд бүгд хүлээн зөвшөөрч байна. Уул уурхайн нөхөн сэргээлтэд ерөнхийдөө 2003 оноос хойш л анхаарал хандуулж, шаардлага тавьж эхэлсэн гэж хэлж болно. Энэ асуудлыг гардан авч, хариуцан хийлгэх төрийн байгууллагууд гэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамаарна. Холбогдох байгууллагууд нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож, тухайн аж ахуйн нэгжийн байгаль хамгаалах төлөвлөгөөнд нөхөн сэргээлтийн ажлын хэм хэмжээг тодруулж, оны эцэст нөхөн сэргээлтийн үйл явцыг дүгнэдэг байна. Дүгнэлтэд хамрагдаагүй аж ахуйн нэгжийн ажлыг эхлүүлэхгүй байх зэргээр хариуцлагын арга хэмжээг чангатгасны үр дүнд нэг талаасаа компаниуд хариуцлага хүлээдэг болсон гэж хэлж болно. 2010 оноос уурхай нээхээс өмнө бүх эрсдэлээ тооцоолж, хаалтын үед ямар байдалтай үлдээхийг тодорхой болгосон, түүнчлэн уурхайн хаалтаас өмнө нөхөн сэргээх ажлыг хийх ёстой байх гэсэн хатуу шаардлага тавьж, илүү мэргэжлийн тал руу нь хандуулж өгч байгаа гэнэ.

Мөн түүнчлэн мэргэжилтнүүдийн ярианаас үзэхэд сүүлийн үед томоохон компаниуд байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны алба хэлтэстэй, орон нутгийн иргэдтэй зөвлөдөг болж байгаа нь нөхөн сэргээлтэд тодорхой хэмжээний ахиц гарсан гэж үзэж болохоор байна. 2006 оноос нөхөн сэргээлтийн 70 орчим мэргэжлийн байгууллага бий болж, 2008 онд уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг таван стандарттайгаар тогтоож баталсан билээ.
Үүнээс өмнө зөвхөн алтны шороон орд дээр мөрддөг журамтай байсан ба 2008 оноос эхэлж уурхайг ил, далд хэлбэр төрлөөр нь ангилж авч үзэх болжээ. Цаашид техник технологийн өндөр стандартыг нэвтрүүлж, орон нутагтайгаа зөв зохистой харьцаж чадах, аюулгүй ажиллагааны стандартыг, мөн тухайн уул уурхайн онцлогт тохируулсан нарийвчилсан стандартыг бий болгох нь нэн тэргүүний чухал асуудал болоод буй ажээ. Учир нь, аливаа хяналт, шаардлага стандартын дагуу тавигдах тул стандартыг сайжруулж, мэргэжлийн төвшинд дэлгэрүүлэн нарийвчилсаны үндсэн дээр хариуцлагатай уул уурхай болж хөгжих жамтай.

Мөн 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн уурхайг хаах үед тавигдах шаардлагыг заасан 45-р зүйлийг харахад ердөө л тавхан заалттай байна. Энэхүү таван заалт нь хөгжиж байгаа бүхэл бүтэн уул уурхайн салбарт хаанаа ч хүрэлцэж зохицуулж чадахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. “Австралийн нэгэн том эрдэмтний Уул уурхай ямар тохиолдолд хаагддаг вэ сэдвээр хийсэн судалгаанд нэгдүгээрт нөөц дуусахад, хоёрдугаарт, үнэ буурахад, гуравдугаарт, байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоход, эцэст нь Засгийн газрын гэнэтийн шийдвэрийн улмаас гэсэн дөрвөн шалтгаан нэрлэсэн байдаг. Гэтэл манайд зөвхөн нөөц дууссан гэж ярьдаг” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, Геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр өгүүлэв. Тэрбээр ойрын хугацаанд зайлшгүй шийдэл олох ёстой бас нэг тулгамдсан жишээг дурдав. Их гүнтэй ил уурхайн орон зайг эргүүлээд нөхөн дүүргэх, уурхайн хаалтын үед ямар байдлаар хүлээж авах асуудал тодорхой бус байна. 40 метрийн гүнтэй байдаг алтны шороон ордыг булж, тэгшилж болдог. Харин 200, 350 метрийн газрын гүн рүү ашигласан уурхайн хувьд нөхөн сэргээлтээ хэрхэн хийх вэ? гэдэг асуудал бий аж. Одоогийн эрх зүйн зохицуулалт энэ харилцааг зохицуулж чадахгүй байгааг дээрх жишээ харуулж байна.
Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх үйл явц нь тухайн газар зүйн онцлогоос шалтгаалж ялгаатай байна. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Эрдэнэцэцэгээс тодруулахад, “Нөхөн сэргээлтийн таатай орчин бүрдсэн Хангай, Хэнтий, Сэлэнгэ, Заамар гэсэн газарт хөрсөө хуулаад, техникийн дагуу нөхөн сэргээлт хийвэл ургамалжилт 2-3 жилийн дотор бүрдэнэ. Харин Баянхонгор, Өвөрхөнгай, Говийн бүсэд нөхөн сэргээлт хийхэд хэцүү байдаг” гэсэн мэдээлэл өгөв.

БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулагдах хөрөнгийг баталжээ. Түүнийгээ хэрэгжүүлэх баталгаа болгож ашигт малтмал олборлож байгаа аливаа аж ахуйн нэгж тухайн жилийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтэд зарцуулах мөнгөнийхөө 50 хувийг нь Төрийн сангийн нөхөн сэргээлтийн тусгай дансанд 2006 оноос эхэлж байршуулах болжээ. Тус санд одоогийн байдлаар 190-ээд аж ахуйн нэгж хамрагдаж, гурван тэрбум орчим төгрөг хуримтлагдсан байна. Хэрэв тухайн жилдээ энэ арга хэмжээгээ хэрэгжүүлээгүй бол зардал нь сандаа үлдэж, нөхөн сэргээлтийг өөр байгууллагаар хийлгэх тохиолдолд ашиглахаар зохицуулагдсан байна. Түүнчлэн 2006 оны Ашигт малтмалын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг мэргэжлийн байгууллагууд дэвшүүлж байгаа бөгөөд жишээ нь Монголын уул уурхайн үндэсний ассоциациас гэхэд л Байгаль орчны нөхөн сэргээлтийн даатгал ба эрсдэлийн сан бий болгох тухай санал оруулсан байгааг гүйцэтгэх захирал Н.Алгаа дурдлаа.

Уул уурхайн хэдэн зуун жилийн түүхтэй гаднын орнуудын туршлагаас харахад, уурхайн хаалтын үйл ажиллагааг янз бүр хийсэн байх бөгөөд жишээлбэл зарим нь аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж байхад нөгөө хэсэг нь усан спорт, наран шарлагын газар, цанын бааз, сургалтын полигон, цэцэрлэгт хүрээлэн, тэр ч байтугай казино болгож ашиглаж байгаа туршлага бий. Манай орны хувьд аялал жуулчлалд ашиглахаар биш юм аа гэхэд ядаж бэлчээрийн чиглэлээр нөхөн сэргээх нь илүү дөхөм байх юм гэж зарим мэргэжилтэн үзэж байна.

Нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийсэн аж ахуйн нэгж манайд бараг байхгүй ч нөхөн сэргээлтийн ажлаа тодорхой хэмжээнд гүйцэтгэж байгаа компаниудад Багануур ХХК, “Гацуурт”, “Бороо Гоулд”, “Монполимет”, “Пибоди” зэргийг дурдаж болох аж. Ашигт малтмал, уул уурхайгаас олох ашиг хонжоо улс орны эдийн засгийн хувьд хэдий чухал ч эвдэрч сүйтгэгдэж байгаа газар нутгаа монголчууд бид хайрлахгүй бол нэгэн цагт байгаль биднээс нүүрээ буруулж, ямар ч гамшиг ирж болзошгүйг бодох цаг иржээ.