Уул уурхайн салбарт урт намар болж байна

БНСУ-ын “ Поско”, Финляндын “Оутотек”, Казахстаны “Tай Кэн Самрук”, Японы “Кобе Стийл” компанийн төлөөлөгчид манайд саатаж байна. Саатах болсон шалтгаан нь Монголын ашигт малтмал. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын уул уурхайн салбарынхан, хөрөнгө оруулахыг сонирхогчид “Metals Mongolia-2011”сэдвийн дор Төрийн ордонд хоёр өдрийн турш хуралдлаа. Анх удаагаа зохион байгуулж байгаа тус чуулганд 25 орны 800 орчим төлөөлөгч оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газар экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон. Тиймээс хөрөнгө оруулагчдад байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхийг чухалчилж байна” хэмээн ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригт “Мetals Mongolia-2011” олон улсын анхдугаар чуулганыг нээсэн билээ. Монголд хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхтэй холбоотой учраас уг хурлын үеэр шийдэх асуудал, хэлэлцэх сэдвийн хувьд далайцтай байлаа.

Хөрөнгө оруулагчдын хувьд манайхыг хууль эрх зүйн болоод бизнесийн орчноо тогтвортой байлгаасай гэдэг хүсэлтэй нь ярьж байгаагаас ил байсан. Мөн түүнчлэн металлсын хуралд оролцогчид Оюутолгой, Тавантолгойн талаар улиг болсон зүйл ярихыг огтхон ч хүсэхгүй байв. Хөрөнгө оруулагчид ихэнхдээ Монголд нүүрс, алт зэсээс гадна газрын ховор элемент, хүнд аж үйлдвэрийн салбарыг түлхүү сонирхож байсан юм. Энэ чиглэлээр дэлхийн энтэй томоохон төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа ч илэрхийлж байсан. Уул уурхайн салбарын хөгжлийн өсөлтөд “урт нэртэй” хууль сөргөөр нөлөөлж байгааг “Гложекс” группын Ерөнхий захирал Л.Наранбаатар энэ үеэр тэмдэглэсэн.

УИХ-ын гишүүн, Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн дарга С.Оюун “Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлүүд” илтгэл тавив. Тэрбээр цаашид газрын ховор элементийн геологи, судалгааны ажлыг төрийн зардлаар хийх, бодлогын төвшинд дэмжихээ амласан юм. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэцогт төмөр утас үйлдвэрлэх гэж буй тухай чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Хаягдал төмөр боловсруулах зориулалттайгаар анх баригдсан Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр төмөр утас үйлдвэрлээд зогсохгүй боловсруулах үйлдвэртэй болохоор ажиллаж байгаагаа ч дотоод, гадаадын төлөөлөгчдөд дуулгаж амжсан.

Ашигт малтмалын орд газруудыг ашиглалтад оруулахаас гадна одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийх, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарах Төмрийн хүдэр, түүний баяжмалыг боловсруулж металл хийц үйлдвэрлэх, зэс, цайр, молибден зэрэг өнгөт металлын баяжмалыг гүйцээн боловсруулах үйлдвэрийг эх орондоо байгуулах нь чуулга уулзалтын гол зорилго. “Хөх ган” компанийн гүйцэтгэх захирал Ц.Батболд шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх технологийг нэвтрүүлсэн туршлагаа хуваалцсан юм.

Манай төмрийн хүдрийн таамаг нөөц нэг тэрбум тонн бөгөөд хар төмөрлөгийн аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж байгааг” Поско Ресеорч” группын хэлтсийн удирдагч Кванг Ганг Су онцолсон бол Монголд Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай саналаа Эн Эф Си корпорацийн дэд ерөнхийлөгч Чин Жунман илэрхийлсэн билээ.

Уул уурхай, металлургийн салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, уг төслүүдэд олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь чуулганы тэргүүн зорилго. Зорилго биелсэн эсэхийг ирээдүй цагийн хэлцэл, хамтын ажиллагаа, гэрээ хэлцэл илтгэнэ байх.

Монголын уул уурхайн салбар өдгөө зөвхөн Монголынх бус дэлхийн төв болсныг гэрчлэх нь чуулганы өнгө төрх. Төрийн ордны Их танхимд хөрөнгө оруулагчид, нүцгэн гараараа уул уурхайн салбарыг болголцож явсан алтан үеийнхэн саатсан. Орчин үеийн шинэ техник технологийг эзэмшиж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шинэ цагийнхан ч байв. Хүнд хүчир ажлаа түр орхин, зангиатай хуралд уригдсан уул уурхайн төлөөлөгчид хоёр өдрийн хуралдаанд түүртсэнгүй. Өөрөөр хэлбэл, хурлын дундуур гарч орж, урилгат суудлаа эзэнгүй харагдуулсангүй, бас “давсанд явсан” хүн ч бараг байсангүй.

Ашиг малтмалтын газарт бүртгэлтэй 1200 гаруй ашиглалтын лицензийн 400 гаруйг нь л ашиглаж байгаа юм байна. Тиймээс төрөөс эдийн засгийн эргэлтэд орохгүй, үхмэл хөрөнгө болж буй лиценцыг хүчингүй болгох асуудлыг чуулганы үеэр хөндсөн. Харин уул уурхйн боловсруулах үйлдвэрийн салбарт 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай цаашид Тогтвортой байдлын гэрээ байгуулах хуулийн төслийг боловсруулсныг Зоригт сайд чуулганы индрээс дуулгасан. Мөн хүнд аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон байна.

“Уул уурхайн шинэ ордууд ашиглалтад орж, энэ салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдэж байна. 2009 онд 14 уурхай, 2010 онд 12, энэ оны есөн сарын байдлаар 19 уурхай ашиглалтад орсон. Эдгээр уурхайд 8700 ажлын байр шинээр бий болж, уул уурхайн салбарт нийтдээ 50 гаруй мянган хүн ажиллаж байна” хэмээн ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригт хэллээ.

Монголын уул уурхайн салбарт өсөлт бас дахин өсөлт ажиглагдаж байгааг чуулганы үеэр төлөөлөгчид онцолж байсан юм. Тухайлбал, Зэсийн баяжмал хайлах, цэвэршүүлэх үйлдвэрийг Эрдэнэт, Сайншандад барихаар хоёр хувилбарыг төлөвлөөд байгаа ажээ. Оюутолгой ашиглалтад орохоор 2015 онд 205 мянган тонн зэс олборлох бол 2020 онд зэсийн олборлолт нэг тоннд хүрэх тооцоог хийжээ. Манай улсын цэвэр зэсийн баталгаат нөөц нь 36.3 сая тонн хэмээн ЭБЭХ-ний сайд онцолсон.

Өдгөө төмрийн хүдрийн 33 ордын баталгаат нөөц нь 660 сая тонн юм байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Бэрэн” групп, “Болд төмөр Ерөө гол” компанийнхан бүтээгдэхүүний дээжээ чуулганы үеэр дэлгэн тавьсан байв. Цаашид хар төмөрлөгийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс анхаарч, бодлогын төвшинд дэмжихээ салбарын сайд чуулганы үеэр мэдэгдсэн. Дэлхийн зах зээлд ч төмрийн эрэлт хэрэгцээ тэлсээр байгаа билээ. Тиймээс нүүрс, зэс, алтнаас илүүтэй төмрийн хүдэр,гянт, болд, цайр, жонш металлургийн аж үйлдвэржилтийн хөгжлийн эрин айсуй гэж үзэж болохоор.

“Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 орноос 100 дугаар байранд, өрсөлдөх чадвараараа 143 орноос 96-д багтаж байгаа аж. Эдгээр өсөлт нь уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой боловч дэд бүтцийн салбарын хөгжил сул байна” хэмээн ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун дүгнэв.

Харин хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд баялаг байгаа боловч дэд бүтцийн салбарын хөгжил уул уурхайн салбараас хоцорч байгаад сэтгэл дундуур байна. Өөрөөр хэлбэл, уурхайг ашиглахад хөрөнгө оруулалтын зардал асар их байгааг “Баян айраг Эксплорэшн” компанийн гүйцэтгэх захирал Билл Колвин учирлалаа. Тэрбээр уурхайн үйл ажиллагаа явуулахад дэд бүтцээ компани өөрөө бүтээн байгуулах учраас компанийн хариуцлага хамгийн чухал болохыг онцлов. Хэдий манай дэд бүцийн хөгжил сул боловч хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулахгүй, харин ч улам хайртай болж, ээнэгшин дасаж магадгүй нь. Гэхдээ манай төр, засаг хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгаж, зөв бодлого явуулбал шүү дээ. Монголыг гадныхан Тавантолгой, Оюутолгойгоор нь мэдэхээс илүүтэй дараа дараагийн “толгой” –н тухай боддог байж магадгүй юм. “Яндаж болдоггүй баялагтай Монголд одоо ямар том орд байгаа бол” гэж байнга бодох талтай.

Чуулганы үеэр геологи хайгуулын ажилд төрөөс ахиухан төсөв баталж, алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн нөөцөө шинэчлэн тогтоох шаардлагатай болохыг ахмад геологичид хэлж байсан. Монголын Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Ганжууржав “ Зөвхөн боловсруулах биш төмөр утас, хадаас зэргийг өөрсдөө хийдэг болж, машины үйлдвэртэй ч болох хэрэгтэй. Гаднын орнууд руу төмрийн хүдэр, цайр, жонш зэргийг хэтэрхий хямд үнээр гаргаж байна” хэмээсэн нь төр, засгийн бодох л асуудлын нэг болов уу. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөний явц”-ыг ҮХШХ-ны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганбаатар танилцуулсан юм. Тэрбээр “сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг барихад “ Бэхтель” компанийн техник эдийн засгийн үндэслэлд тооцоолсноор 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай” гэлээ.

Тэртээ 2000 жилийн тэртээгээс “Бух дарах” гэж аргаар байгалийн салхи, газрын тогтоцыг ашиглан хүдэр хайлуулж, зэр зэвсэг, эдлэл хэрэгслээ хийж явсан ч үйлдвэрлэлийн төвшинд хүртэл өргөжүүлж, хөгжүүлж амжсангүй” хэмээн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Металлургийн салбарыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” илтгэлдээ хэлсэн. Амжуулах төр, засгийн мэргэн бодлого ч байгаагүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан Содном “Төрийн ордонд уул уурхайн салбарынхан уулзаад асуудлаа хэлэлцэнэ гэдэг төрийн том хүндлэл. Уул уурхай улс орны хөгжилд ийм их хэрэгтэй болсон байна. Үйлдвэр байгуулах бодлого зөв. Сайн бодож, тооцож, үнэхээр үр ашигтай гэсэн төслөө л зөв сонгох хэрэгтэй. Тэгэхээр уул уурхайн салбарын хөгжлийн бодлогыг илүү тодорхой болгож байгаа нь сайн хэрэг” хэмээн үнэлсэн. Уул уурхайн салбарт урт намар болж байна.