Уул уурхайн салбарыг Улаанбаатар групп хариуцна

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын ээлжит 43 дугаар чуулганд Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож байна. Тус чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн Товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран санаачилсан “Нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг баталжээ.

Уул уурхайн салбар дэлхийн олон улсад хурдацтай хөгжиж, улс орнуудын эдийн засагт тус салбараас олох орлого хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед тус группыг байгуулах нь ихээхэн ач холбогдолтойг чуулганд оролцогчид онцолсон байна. Улаанбаатар хотын группын гол зорилго нь олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөгдөх Үндэсний тооцооны системийн хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэд бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд онол, арга зүйн сайн туршлагыг нэгтгэж, арга зүй, практикийн зөвлөмжийг боловсруулах юм.

Мөн уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө, түүнийг тооцож, тодорхойлох практик зөвлөмж боловсруулах, уул уурхайд суурилсан эдийн засагтай бусад оронтой хамтран ажиллах гүүр болох зэрэг үйл ажиллагааг хариуцна хэмээн Үндэсний Статистикийн хорооны Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.