Уул уурхайн салбарынхныг нэгдэхийг уриалсан “Хариуцлагаар нэгд” аян эхэллээ

Б Билэгт Эдийн засгийн сэтгүүлч

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн санаачлагаар “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ын “Хариуцлагаар нэгд” аян өнөөдөр Туушин зочид буудалд болж өнгөрлөө. Уг аянгийн нээлтэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцож үг хэлэв. Тэрбээр “Бүх салбар дотроос хамгийн хариуцлагатай байх хэрэгтэй салбар нь уул уурхай юм. Монгол Улсад ажлын байр, гадаад валютын нөөц болон хөрөнгө оруулалт хамгийн их хэрэгтэй байгаа өнөө үед уул уурхайн салбар зогсож болохгүй. Харин ч улам хариуцлагатайгаар цаашаа ажиллах хэрэгтэй” талаар хэлэв. Энэхүү санаачилгын зорилго нь Монгол Улсын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн сайн жишгийг нэвтрүүлж бодитой төлөвшүүлснээр салбарын тогтвортой хөгжлийг бий болгох аж.

Арга хэмжээнд оролцож, санаачилгыг эхлүүлж буй байгууллагууд нь Аспайр Майнинг ХХК, Багануур ХК, Оюу Толгой ХХК, Саусгоби Сэндс ХХК, Терра Энержи ХХК, Энержи Ресурс ХХК, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ зэрэг уул уурхайн салбартаа тэргүүлэх компаниуд аж. Энэ талаар Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлэхдээ “Салбарын хувьд тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд нэгдэж байр сууриа илэрхийлэх ёстой гэж өмнө нь ярьж байсанчлан өнөөдөр бүгд гарын үсэг зурлаа. Уул уурхайн салбар Монгол Улсын татварын орлогын гуравны нэгийг, экспортын орлогын 80-90 хувийг бүрдүүлдэг. Тийм ч учраас хариуцлагатай ажиллаж, зөв хандлагыг бий болгох хэрэгтэй. Оюу Толгой, Энержи Ресурс зэрэг томоохон байгууллагууд олон улсын туршлагыг уул уурхайн салбарт нэвтрүүлээд явж байна. Тэгэхээр хуримтлуулсан туршлагаа бусаддаа хуваалцаж нийт салбарынхаа стандартыг дээшлүүлж ажиллахын төлөө л зорьж байгаа” гэдгээ хэлсэн юм.


“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ын “Хариуцлагаар нэгд” аянгийн үеэр тавигдсан сонирхолтой нэг илтгэл нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүний тавьсан илтгэл байсан юм. Тэрбээр уул уурхайн салбарыг олон нийт хэрхэн хардгийг тайлбарлахдаа “Уул гэдэг үг монголчуудад хамгийн нандин дотно үгсийн нэг. Гэтэл салбарын нэр нь “Уул уурхай” учир хүмүүс уул ухаж байна гэх ойлгох хандлага бий. Үүгээр зогсохгүй байгалийн нөөцийг байгалийн баялаг гэж ярьдагтай холбоотойгоор экспортын орлогыг Монголчууд баялаг зөөж байгаа мэтээр ойлгодог.” гэдгийг дурдсан юм. Уул уурхайн компаниуд нэгдэж ажиллах нь мөн олон нийтэд төрсөн ташаа ойлголтыг өөрчлөх, мөн ард иргэдийн санал гомдлыг шуурхай авч, хариуцлагатай ажиллахад түлхэц болох юм.

Эцэст нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй том жижиг аж ахуйн нэгжүүд нэгдсэнээр тогтсон стандарт бий болно. Цаашлаад уул уурхайн бизнесийн орчин сайжирч, тодорхойгүй байдал алга болсноор салбарынхны менежмент, үйл ажиллагаа дараагийн шатанд гарч олон улсад өрсөлдүйц болохыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр онцлов. Уул уурхайн салбар дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс хамааралтай. Хэдий тийм ч Монгол улсын газар нутгийн 0.2 хувийг ашигладаг ч нийт ДНБ-ний 20 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар ойрын жилдээ хэрхэн ажиллах нь уг салбарынхан хэрхэн хамтарч, нэгдэж ажиллахаас шалтгаалах юм.