Уул уурхайн хэрэгцээг эрчим хүчээр хэрхэн хангах вэ?

Оюутолгой, Тавантолгойн ачаар үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн монголчууд хөөрөх. Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл бүртгэгдсэн хэмээн баясах. Гэхдээ гэрэл, цахилгаангүйгээр эрдэс баялгийн үйлдвэрлэл, их бүтээн байгуулалтын тухай мөрөөдөөд ч хэрэггүй ээ. Социализмын үед эрчим хүчний салбараа түрүүлж хөгжүүлнэ гэж ярьдаг байсныг Та мэдэх байх. Харин өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий энэхүү салбар маань түрүүлэх нь битгий хэл, хоцрох байдалд ороод явж буй нь хатуу үнэн билээ.

Эргэн тойрноо ажиглахуй

Уул уурхайн салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг дангаараа “залгиж”, ДНБ-ий 30, экспортын 85 хувийг бүрдүүлэх болов. Гэвч саалиа бэлдэхээр саваа бэлд гэж монголчууд ярьдаг даа. Ашиглагдаагүй зэсийн хамгийн том нөөц гэсэн тодотголтой Оюутолгойн төсөл үйлдвэрлэл эхлэх хугацаагаа наашлуулж, 2012 он болгосон билээ. Олны дунд баяр хөөр дагуулж буй энэ мэдээ эрчим хүчний салбарынхны хувьд “шүдний өвчин” болсон нь мэдээж. Учир нь өнөөдөр 24 МВт-ын дизель станцаар л дулаан, цахилгаанаа залгуулж буй Оюутолгойн үйлдвэрлэл жигдрээд ирэх үед 280 МВт-ын эрчим хүчний хэрэгцээ гараад ирнэ гэсэн тооцоо бий. Манай ТЭЦ 3-ын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлээд ч хүрэлцэхгүй энэ хэрэгцээг яаж хангах билээ? Арай ашигт малтмалаа урд хөрш рүүгээ гаргаад, оронд нь эрчим хүч байнга импортлох юм биш биз? Харамсалтай нь яг ингэж байгаа жишээ мундахгүй бий.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд эдүгээ Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн сухайт”, “Монголын алт” корпораци (МАК) болон “Саусгоби Сэндс” компани нүүрс олборлож буй. Ийшээ 2006 онд 35 кВ-ын шугам Хятадаас татаж авчраад, уурхайн хэрэгцээг төдийгүй Өмнөговь аймгийн Ноён, Сэврээ, Гурвантэс сумыг эрчим хүчээр хангаж байгаа юм. Гэтэл өнөөдөр 35 кВ-ын шугамаар орж ирж буй гэрэл, цахилгаан нь хаанаа ч хүрэхээ байснаас “Саусгоби Сэндс”, МАК хоёр энэ шугамаар тохиролцож, чадвал энэ ондоо багтаад 110 кВ болгохоос өөр замгүй болсон юм билээ. Ийм нөхцөлд нүүрсээ боловсруулах, нэмүү өртөг шингээх талаар санасны ч хэрэггүйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Цаашдаа МАК нүүрс баяжуулах үйлдвэр барих зорилготой байгаа ч Нарийн сухайтад цахилгаан станц барихаас нааш энэ нь амьдралд хэрэгжихгүй ажээ. Ийнхүү бид нүүрсээ Хятадад гаргаад, оронд нь цахилгаан авч суух нь энгийн хэрэг болоод удаж байна. Уул уурхайн их бүтээн байгуулалт өрнөж буй говийн бүсийн эрчим хүчний хангамжийн байж байгаа царай ийм л байна. Уг нь дизель станц, импортоор голоо зогоож буй уул уурхайн компаниуд эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй холбогдож л байвал хөрөнгө, мөнгөө хайрлахгүй нь лавтай. Манай энэ салбарыг олигтойхон дэмжиж, хөгжүүлэх боломжийг олгож байсан бол уул уурхайн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг “толгойны өвчин” биш, “түрийвч түнтийлгэх эх үүсвэр” мэтээр харж болох буюу.

Ямар төлөвлөгөө байна вэ?

Тавантолгой ордыг түшиглэн дулааны цахилгаан станц барьж, түүгээрээ говийн бүсийг эрчим хүчээр хангах төрийн бодлого уг нь бий. Гэхдээ судалгааны шатанд явж байгаа энэ ажилд 4-5 жил шаардлагатайг мэргэжилтнүүд ярьж байна. Тэрнээс өмнө нийслэлээс Тавантолгой, Оюутолгой руу 220 кВ-ын шугам татах тендер зарлаж, “M-Cи-Эс Интернэйшнл” компани гүйцэтгэх болсон билээ. Өөрөөр хэлбэл, Чойр, Мандалговь, Тавантолгой руу татах шугамын ажлыг хэрэгжүүлж, дотоодын эх үүсвэрээс томоохон уурхайнуудыг цахилгаанаар хангаж таарах нь. Төвийн эрчим хүчний систем өөрийгөө яая гэж байж юун Тавантолгой, Оюутолгойг хангах манатай гэж Та гайхаж магадгүй. 2015 он гэхэд ТЭЦ 5-ын эхний үе шат хэрэгжсэнээр 450 МВт цахилгаан, 500 Гкал дулаан боловсруулахаар байгаа нь авралын дохио болж байгаа юм.

Харин Тавантолгойн цахилгаан станц босоод ирэх цагт дээрх шугам эсрэгээрээ, говийн бүсээс төвийн бүсээ эрчим хүчээр хангах үүрэг гүйцэтгэх юм билээ. Товчхондоо, бид нэг сумаар хоёр туулай буудах гэж байгаа нь энэ. Харин тэр сайхан цагийг хүртэл Оюутолгойн төсөл БНХАУ-аас эрчим хүч импортлохоос өөр арга алга даа.
Түүнчлэн Цагаан суваргын ордыг Багануураас Чойроор дамжуулан цахилгаанаар хангах ажил зураг төслийнхөө шатанд явж байна. Зөвхөн энд л гэхэд 70 МВт-ын хүчин чадал хэрэгтэй гэх тооцоо гарсныг “Монголын алт” корпорацийн дэд ерөнхийлөгч Г.Цогт тайлбарлав. Тодруулбал, Багануур Чойрын 110 кВ-ын шугамыг хоёр хэлхээ болгож, Чойроосоо 220 кВ-ын шугам татах замаар л Цагаан суваргын зэс-молибдений ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж болох юм. Үүнийг концессын дагуу МАК өөрөө хийх төлөвтэй. Цогцоор нь авч үзвэл говийн бүсийн эрчим хүчийг шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар хангахад төрийн бодлого чиглэж буй ажээ.

Хувийн хэвшлийнхэн наашиллаа

Сүүлийн үед эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн хүч түрэн орж ирэх болов. Ухаж үзвээс уул уурхайн компаниуд энэ салбарт хөрөнгө оруулахаас өөр ямар ч аргагүй болоод байгаа юм. “Энержи ресурс” компани Ухаа худагт 18 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц ашиглалтад оруулахад бэлэн болсон. Түүнчлэн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Мо Эн Ко” компани ч 12 МВт-ын дулааны цахилгаан станц барих зөвшөөрлөө авчихаад байгаа юм. Энэ мэтээр хувийн компаниуд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд эрчим хүчний асуудлаа өөрсдөө зохицуулах шаардлагатай тулгарч буй.

Гэхдээ хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, тэдэнд боломж олгохын зэрэгцээ төрийн ачааг хөнгөлөх бодлого хэрэгжиж эхэлснийг сануулах нь зүйтэй болов уу. 2010 оны хоёрдугаар сард Концессын тухай хууль гарснаар эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх, ялангуяа гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжих эрх зүйн нөхцөл бүрдэж эхэлсэн гэж ойлгож болно. Засгийн газраас баталсан концессын жагсаалтад эрчим хүчний холбогдолтой 16 объектыг хувийн хэвшилд шилжүүлнэ гэсэн чиглэл ч бий. Энэ хүрээнд эхнээсээ 60 МВт-ын Могойн голын станцын төсөл хэрэгжээд явж байх жишээтэй. Түүнчлэн ТЭЦ 5, Тавантолгойн станц ч гэсэн концессын дагуу хэрэгжих төлөвтэй. Сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн орчин ч сайжирсан тухай дурдахгүй өнгөрч болохгүй биз. Тухайлбал, “Клинтек” компани Өмнөговь аймгийн Ханбогд сумд 250 МВт-ын салхин парк барих зорилт тавин ажиллаж байна шүү дээ.

Эцэст нь...

Уул уурхайн өсөн нэмэгдэж буй хэрэгцээний зах зухаас нь л дурдахад ийм байна. Ер нь 2015-2030 оны түвшинд эрчим хүчний 3000 МВт орчим нэмэлт хэрэглээ гарахаар байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан тооцоолсон байна билээ. Манай ДЦС-уудын нийт хүчин чадал 856.3 МВт байгаатай харьцуулахад энэ бол тэнгэрийн тоо юм.
Уг нь дээрх хэрэгцээг хангаад, хангалттай их ашиг олох сайхан төслүүд цаасан дээр бичээстэй л байдаг. Тухайлбал, Нялга-

Чойрын бүсэд 4800 МВт хүчин чадалтай Шивээ-Овоогийн цогцолбор боссоноор дотоодын хэрэгцээнд 7.6 хувь буюу 273 МВт-ыг нийлүүлж, үлдсэнийг нь БНХАУ руу экспортлох боломж бий. Түүнчлэн 300 МВт-ыг Өмнөговийн бүсийн уурхайнуудын эрэлт хэрэгцээг хангахад зарцуулна гэсэн тооцоо ч байв. Харамсалтай нь энэхүү төслөөс одоо хүртэл үр дүнг нь гаргаж чадаагүй байна. Энэ мэтийн төсөл урагшлахгүй байгаа шалтгаан нь үнэ тарифын буруу бодлого, хөрөнгө оруулалтын таагүй орчинтой холбоотойг мэргэжилтнүүд тайлбарлаж буй.

Эрчим хүчний салбар нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд өгөөжөө өгөх хугацаа нь урт байдгаараа хүндрэлтэй билээ. Үүний зэрэгцээ Монголд эрчим хүчний үнийг төрөөс зохицуулдаг нь хөрөнгө оруулалтыг үргээж буй нь нууц биш. Өртгөөсөө доогуур үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг алдагдалтай салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүн хаанаас олдох билээ? Харин 2010 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 72-дугаар тогтоол гарсан нь салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах суурь болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Дээрх бичиг баримтын хүрээнд нүүрсний болон эрчим хүчний үнийг 2014 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, цаашдаа зах зээлийн зарчимд шилжүүлэх боломж бүрдсэн билээ.

Олон жилийн турш хөрөнгө оруулагчдыг татах зүйлгүй шахам ирсэн эрчим хүчний салбарын ирээдүй одооноос өөрчлөгдөж эхлэх нөхцөл ийнхүү бүрджээ. Энэ эрчээрээ урагшилж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж чадваас уул уурхайн хэрэглээ өсөх тусам баярлах биз ээ. Цаашилбал эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүч экспортлох зорилгыг төр, засаг өвөртөлж буй. Үүнийгээ л биелүүлж чадвал бид үсрэнгүй хөгжилд жинхэнэ утгаараа хүрэх буюу.