Уурхайн цогц нөхөн сэргээлт: Эрээний уурхайн ногоон бүс

Булган аймгийн Сайхан сумын нутаг дахь Эрээний нүүрсний уурхай байсан газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, өвс ургамал бүхий эрүүл газар болгосон байна. Энэхүү нөхөн сэргээлтийн цогц арга хэмжээг “Пийбоди Энержи” компани дэлхийн өнцөг булан бүрт явуулдаг уул уурхайн үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг байгаль орчны шилдэг стандартыг Монголд нэвтрүүлэх үүднээс “Пийбоди-Винсвэй Ресорсез” компани болон Монголын холбогдох байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэжээ. Нөхөн сэргээлтийн энэхүү цогц арга хэмжээ нь Монгол Улсын хувьд ийм төрлийн анхны төсөл байсан бөгөөд нөхөн сэргээлтийн явцад үрсэлгээ хийж үүнээс хойш ганцхан жилийн дараа туршилтын журмаар хадлан авсан нь амжилттай болсон байна.

Өчигдөр

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны есдүгээр сард “Уул уурхайн салбар дахь байгаль орчны нөхөн сэргээлт” тавдугаар үзүүлэх сургалт Булган аймагт болохоор товлогдож, тэндээс сурвалжлага бэлтгэв. Ашигт малтмалын газар, МХЕГ-ын Газрын байгаль орчны хяналтын улсын болон орон нутгийн байцаагч, уул уурхайн компанийн төлөөлөгч гээд 300 гаруй зочидтой улсын хэмжээний томоохон үзүүлэх сургалт болсон юм.
Булган аймгийн Сайхан сумын нутагт буй Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцаж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг шимтэн үзэж явлаа. Уурхайн хаалт гэхээр л харанхуй нүх, овоолсон шороо, сэвтсэн хөрс, сэргэж чадахааргүй болсон уул хөндий нүдэнд буудаг гэмтэй. Харин энэ бодол бараг л 360 градус өөрчлөгдсөн шүү. Уул уурхайн нөхөн сэргээлтийн талаарх хүн бүрийн төсөөллийг орвонгоор нь эргүүлж чадсан уул уурхайн компанийнхан бол “Пийбоди Энержи” болон түүний Монгол дахь хамтарсан компани болох “Пийбоди-Винсвэй Ресорсез”.

Уул уурхайн компанийн 300 гаруй төлөөлөгчийн нүдэнд булаг, цөөрөм, бутлаг ургамал хамгийн түрүүнд буусан. Буух буухдаа үерийн хамгаалалт, ус зайлуулах хоолойтой нь төгс шийджээ. Хамгийн тод санагдаж байна, нөхөн сэргээлтийн гаднах талбайд үхэр бэлчээрлэж, энүүхэнд нь хаяа нийлэн малчин айл намаржиж байсан юм. Уул уурхай, хөдөө аж ахуй ийн зохицжээ.
Энэхүү нөхөн сэргээлтийн явцын үр дүнг сэтгүүлчдэд уурхайн дарга Б.Батмөнх танилцуулсан. Тухайн үед 15 га-д нь техникийн нөхөн сэргээлт, 18 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай өдгөө танигдахын аргагүй. Түүнчлэн ногоон бүтээн байгуулалт хийжээ. Орон нутгийн иргэдээс санал асуулга авч уурхайн хоосон орон зайд газрын хөрсний үе давхаргын дагуу систэмтэйгээр хөрсний дүүргэлт хийн үржил шимтэй хөрсөөр хучсан байв.

“Биологийн нөхөн сэргээлт бүрэн дууссаны дараа энэхүү талбай нь малын бэлчээр болно. Худаг, цөөрөм тавьсан энэ талбайд дөрвөн нэр төрлийн өвсний үр суулгасан” хэмээн тайлбарлаж байв. Мониторингийн тогтмол судалгаа явуулж, усны чанар, ургамлын шим, хөрсний чанарыг шалгана хэмээн 2010 оны есдүгээр сард хэлснийг тэмдэглэж явлаа. Нөхөн сэргээлтийн ажилд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ хэлж байв. Энэхүү өгүүлж буй нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хоёр жилийн өмнөх үйл явдлын түүх шүү дээ. Харин одоо нөхөн сэргээлт үргэлжилжсээр. Хоёр жилийн өмнө хийсэн гээд тэд энэ чигт нь үлдээгээгүй байгаа нь бусдад жишээ болохуйц жишиг юм уу даа.
Техникийн нөхөн сэргээлтийн талбайд 0.33 литр ус гүний усны ундаргатай худаг, 238 ам метр талбай бүхий жижиг цөөрөм бий. Худгийг өмнө нь зөвхөн дулааны улиралд хэрэглэдэг байсан бол өнгөрсөн онд орон нутгийн малчдын хүсэлтээр өвлийн улиралд ашиглах боломжтой болгожээ. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд заасан долоон зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэхүү нөхөн сэргээлтийн төсөл нь 2011 онд MINING JOURNAL-аас зохион байгуулсан шилдэг ECO уурхай номинацид шалгарчээ. Товчоор хэлбэл уг нөхөн сэргээлтийн төсөл нь манай улсын хувьд уул уурхайн анхны ногоон төсөл гэж хэлж болно.

Өнөөдөр

Нөхөн сэргээлт нь байгаль өөрийн жамаар нөхөгдөх процессийг хурдасгаж буй нэг ёсны арга хэмжээ. Төслийг гүйцэтгэгч багийнхны дүгнэлтээр Эрээний уурхайн нөхөн сэргээлт урьдчилан төлөвлөж байснаас хамаагүй хурдан нөхөн сэргээгдэж байгаа юм байна. Өнгөрсөн онд нөхөн сэргээсэн талбайгаас туршилтын байдлаар хадлан авч үзэхэд нэг га талбайгаас 8.5 тонн хадлан авсан бол хажуу талд нь байгаа жирийн талбайгаас хоёр тонн хадлан авчээ. Өөрөөр хэлбэл даруй дөрөв дахин илүү гарцтай байна. Мөн нөхөн сэргээсэн талбайд тарвага, туулай, жирх, зурам зэргээс гадна олон төрлийн шувуу үүрээ засаад, үдлэх болж. Төслийн баг энэ онд орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу шувуу болон жижиг хөхтөн амьтдын судалгаа хийлгэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Уул уурхайн нөхөн сэргээлтийг уурхайн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх ихээхэн үр дүнтэй байдгийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Компанийнхан нөхөн сэргээлтийн санг тухайн жилийн нийт үйл ажиллагааныхаа зардлын төсөвт тусгадаг ажээ. Эрээний уурхайн техникийн нөхөн сэргээлтэд ойролцоогоор нэг га-д 55 сая төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд нэг га-д 17 саяыг тус тус зарцуулжээ. Харин орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт нэг га-д ногдох зардал нь 2.5 сая төгрөг болж байгаа юм. Төслийн баг саяхан усны хоолойн аманд хунгарласан цасыг цэвэрлэхээр яваад иржээ.

Маргааш

Уурхай хаагдсан ч заавал хийх ёстой ажил бол нөхөн сэргээлт болохыг хэн хүнгүй мэднэ. Харин мөрдөж буй нь даан ч хомсхон. Энэ буруу зуршлийг өөрчлөх дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж буй “Пийбоди Энержи” компанийн санаачилсан нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх төслийн баг маргааш нөхөн сэргээлтийн талбайдаа юу хийх вэ? Тэднийх орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахад нэлээд ач холбогдол өгдөг бөгөөд сайн түншлэлийн харилцааг бий болгох нь тэдний ажлын амжилт гэж үздэг. Орон нутгийнхан сэтгэл хангалуун, иргэний хөдөлгөөнийхөн ч жишээ авч ярьж яваа хэчнээн уул уурхайн компани манайд бий билээ?

“Пийбоди Энержи” компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Грегори Бойс “Пийбоди Энержи компани тогтвортой хөгжлийн загварыг бий болгох байгаль орчны шилдэг стандартыг Монголд нэвтрүүлж байгаадаа бахархалтай байна. Бидний эрхэм зорилго бол уурхайн эдэлбэр газрыг наад зах нь өмнө байсантай нь адил, цаашилбал илүү сайжирсан байдалтайгаар хүлээлгэн өгөх явдал юм. Бид өндөр мэргэжлийн, чадварлаг багтай бөгөөд тэдний гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлууд дэлхийн өнцөг бүрт сайшаагддаг” хэмээн ярьсан юм.
“Пийбоди Энержи” компанийн тухайд дэлхийн хэмжээнд уурхайн эдэлбэр байсан нийт таван мянга гаруй акр талбайд нөхөн сэргээлт хийж, хагас сая гаруй модыг суулгасан бөгөөд 2010 онд газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтэд нийтдээ 245 сая ам.долларыг зарцуулжээ.