Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа

Шувууд жиргэж, горхи хоржигносон байгалийн нэгэн үзэсгэлэнгийн өнгө будаг дэлгэцэнд тодорч зочдын нүдийг баясгана. Цаст уул, цэцэгт хөндий, умбан алдах усны шувуудыг харахад сэтгэл гэгэлзэж урин дулаан цагийг эрхгүй хүсэмжлэх аж. Гэнэт хальс эргэж хүнд даацийн машин, өтгөн утаа, ширгэсэн гол, онгилсон газар нүдний өмнө эрээлжилнэ. Саяхан л догдолж байсан сэтгэл давчидаад ирлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албанаас “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг элчин сайдууд, олон улсын байгууллагуудад танилцуулах хурлын үеэр ийм нэгэн баримтат киног оролцогчдод үзүүллээ. Уг уулзалтад Франц улсын Элчин сайдын яам /ЭСЯ/, БНХАУ-ын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга, ОХУ-ын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Консул, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч зэрэг зочид оролцож байгаа аж.

“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, түүний эхний үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг УИХ, Засгийн газраас өнгөрсөн онд баталсан билээ. Хөтөлбөрт байгаль экологи, эдийн засгийн хувьд ашигтай томоохон ажлуудыг төлөвлөсөн байна. Тухайлбал, 2012-2016 он хүртэл Авто тээвэрт хосолмол түлш хэрэглэдэг болох. 2011-2016 он хүртэл хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, арчилгааг сайжруулах. Органик хог хаягдлыг боловсруулж хийн түлш үйлдвэрлэх. Хүлэмжийн хийг бууруулах, усны зохистой хэрэглээг бий болгох гээд олон ажил хийхээр төлөвлөжээ. Харин эдгээр ажлыг хийхийн тулд хөрөнгө оруулалт, арга туршлага хэрэгтэй. Уг төлөвлөгөөг Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудад танилцуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг уялдуулах талаар санал бодлоо солилцох нь уулзалтын зорилго аж. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан “Өнөөдөр манай орон уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдол, цөлжилт гээд байгаль экологийн олон асуудалд нэрвэгдээд байна. Энэ нь хүн ардын амьдрал тэр ч бүү хэл улс орны эдийн засаг, тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудал. Тиймээс бид гаднын орнуудын тэргүүн туршлага, тусламж дэмжлэгийг авч, өөрийн оронд тохирох гарцыг хайх хэрэгтэй” гэв.

Хуралдааны үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил болон, хэрэгжүүлэх ажлын талаар баримтат кино үзүүлж, зарим нэг илтгэлийн танилцуулга явагдсан. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Д.Дагвадорж уур амьсгалын өөрчлөлт болон дээрх хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр “Өнөөдөр дэлхийн дулаарал улс орон бүрт харилцан адилгүй байгаа. Гэхдээ манай орны хувьд хоёр, гурав дахин эрчимтэй явагдаж байна. Тийм учраас бид яаралтай арга хэмжээ авахгүй бол оройтож магадгүй” гэсэн юм. Уур амьгалын өөрчлөлт нь зөвхөн Монгол Улс бус дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ үед, элчин сайдын яам болон бусад гаднын байгууллагууд, Монгол Улсын Засгийн газар холбогдох байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийллээ.