Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурал халуухан болж байна

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын ээлжит хуралдаан энэ сарын 6-нд Өмнөд Африкийн Дурбан хотноо эхлэв.
Хуралдааныг нээж Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зума, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Кристина Фигурэс нар үг хэлэв.

Бан Ги Мүн хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд та бүхний зүтгэл хэрэгтэй байна. Энэ хуралд оролцож буй хүмүүс ч тэр, дэлхий дахин ч тэр “Үгүй” гэсэн хариулт авах учиргүй. Цаг хугацаа бидний талд биш байна” хэмээн хэлэв. Ийнхүү хэлэхдээ тэрбээр Дэлхийн цаг уурын байгууллага (WMO), Цаг уурын өөрчлөлтийн эсрэг Засгийн газар хоорондын байгууллага (IPCC)-аас мэдээлсэн хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн ялгарал нь түүхэн дэх хамгийн дээд хэмжээндээ хүрээд байгаа бөгөөд өөрчилж болшгүй аюулд хүрэхгүйн тулд 2050 он гэхэд тал хувиар бууруулах ёстойг дурдав.

Мөн тэрбээр “Эдийн засгийн хүндрэлтэй байдал олон оронд тулгарч, улс төрийн тогтолцоо зарим оронд өөрчлөгдөж, үзэл баримтлал зөрчилдөж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Гэвч эдгээрийн аль нь ч цаг уурын асуудлын эсрэг бодит алхам хийхэд нөлөөлөх учиргүйг онцолж байна” гэв. Түүнчлэн Бан Ги Мүн өнгөрсөн жил болсон ээлжит хуралдаанаар тохирсон “Цаг уурын өөрчлөлтийн эсрэг ногоон сан”-гийн хөрөнгийг зарж эхлэх тал дээр ажиллах хэрэгтэйг хэлэв. Хэдийгээр тус сангийн хөрөнгийг зарцуулж эхлэх болоогүй байгаа ч дэлхийн хамгийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд туслах нь бидний үүргээс гадна тогтвортой ирээдүйн төлөө хийх том хөрөнгө оруулалт болохыг ч онцолжээ. Сангийн асуудал дээр Бан Ги Мүн улс орнууд богино болон урт хугацааны зорилтыг дэвшүүлэх хэрэгтэйг зөвлөв. Урт хугацааны төлөвлөгөөнд 2020 он хүртэл улсуудын Засгийн газар, хувийн хэвшил болон бусад эх сурвалжаас жил бүр 100 тэрбум ам.доллар төвлөрүүлэхээр тусгах саналтай байгаагаа ч илэрхийлжээ.

Гэвч долоо хоног үргэлжлэх уг хурал эхлээд ганцхан хонож байхад оролцогч улсуудын хооронд зарим маргаан гарч байна. “Өмнөд Африк, Хятад Бразил тэргүүтэй үйлдвэрлэгч орон агаарын бохирдлын ихэнх хувийг үүсгэсэн гэдэг нь худлаа. Хөгжиж буй орнуудын хувьд хүлэмжийн хийн асуудал саяхнаас яригдах болсон” хэмээн Энэтхэгийн Байгаль орчны сайд Жаяанта Натаражан хэлэв.

Энэ үед Хятад, Бразил улсын төлөөлөгчид ч дуугүй суусангүй.Тэд цаг уурын өөрчлөлттэй холбоотой баримт бичигт асуудлыг анх үүсэгсэн орнуудын үүрэг хариуцлагын талаар ч ярих хэрэгтэй гэлээ. Тэгтэл АНУ, Канад, Япон, Орос зэрэг улс дэлхийн бүх орныг хамарсан гэрээг хүсэмжилж байгаагаа хурлын үеэр илэрхийлжээ.
Харин хөгжиж буй орнуудын хувьд Мексикийн Канкун хотноо болсон өнгөрөгч хурлын амлалт хэрэгжээгүй байгааг дурдаад, Цаг уурын өөрчлөлтийн эсрэг ногоон сан дээрх амласан 100 тэрбум ам.долларыг яаралтай хуримтлуулж, шуурхай ажиллахыг хүслээ.

Мөн Дурбан хотноо байгаль орчныг хамгаалах үйлсэд нэгдсэн идэвхтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриалан жагсаал зохион байгуулж байгаа аж.