Уучлаарай! Хүн бүр нян тээж яв аа

Bayarmaa sergelen Journalist Bayarmaa.S

Зурагтад 40 гаруй жил амьдарч буй иргэн н.Нансалмаа гуайн хашаанд өнөөдөр дөрвөн айл амьдран суудаг. Эднийх жорлонгийн нүхээ 5-7 метрийн гүнзгий ухдаг бөгөөд өмнөх дүүрсэн жорлонгийн нүхээ шороогоор булж, цементлээд дээр нь амбаар барьсан аж. Одоогийн буюу дөрөв дэх жорлонгоо бариад зургаан жил болжээ. Шагайвал үнэртэй, бохир байхын дээр зүгээр л шороо нурж, жорлонг дүүргэхгүй гэсэндээ бохирын ханыг нь хэдэн талаас нь ор мөр төдий банзаар хашжээ. Хамгийн энгийн, зардал багатай технологи буюу нүхийг бетондон, соруулдаг байдлаар шийдэх эдийн засгийн боломжтой ч илүүдэл зардал гэж харж байгаа учраас 00-доо мөнгө зарахыг хүссэнгүй. “Дахин нүх ухах газар хашаанд маань хангалттай байгаа” гэж байлаа. Харин угаадасны нүх байсангүй.

Дараагийн айл мөн зурагтад байрлалтай 0.5 га газартай иргэн Мягмарынх. Тэдний хувьд дахин жорлон барих газаргүй болсон тул өнгөрсөн жил байгаа ганц хэсэгтээ нүхийг нь бетондож, соруулдаг байдлаар шийдсэн. Энэ хавьд ийм тохиолдлоор соруулдаг жорлонг барьсан айл цөөнгүй гэнэ. Гэр хорооллын нийтлэг дүр төрх нэг ийм юм.

Нийслэлд өнөөдөр цэвэр ангилалд багтдаг хөрс байхгүй. Их, бага гэдэг дүн л яригдах болсон гэдгийг харьяа яам болон холбогдох газрууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. НМХГ-аас найман дүүргийн суурьшлын бүсийн 74 цэгээс хөрсний нян судлалын шинжилгээг авахад дээжийн 64 хувь нь дунд зэргийн болон их бохирдолтой гарсан. Үлдсэн хувь нь бага бохирдолтой. Үүний шалтгаан, хөрсний бохирдлын эх үүсвэрийг БОАЖЯ-наас эрэмбэлэхэд нэгд, гэр хорооллын нүхэн жорлон оржээ. Өдөрт нүхэн жорлонгоор дамжин ойролцоогоор 1.0 сая литр бохир хотын хөрсийг бохирдуулдаг хэмээн УБ хотын Захирагчийн ажлын алба мэдээлэв.

Есөн дүүргээс хамгийн их хөрсний нянгийн бохирдолтойд Чингэлтэй нэрлэгдсэн. Тус дүүргийн хувьд Дэнжийн мянга, Хүчит шонхор, Бөмбөгөр гэсэн томоохон захууд, Баянбүрдийн тойрог орчмын авто засварууд, Хайлааст, Зурагтын гэр хорооллоос тус тус хүнд металлын агууламж нийслэлийн дунджаас илүү илэрсэн нь ийнхүү хамгийн их бохирдолтойд тооцогдох суурь болж байна.

Зөвхөн хотын захын хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн гэж ойлгож болохгүй. Учир нь хотын төв хэсгийн газар бүхэлдээ хотын дундаж агууламжаас 3-8 дахин их буюу “бохирдолттой” гэсэн ангилалд багтаж, 2017 оныхтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь амьсгалын замын өвчин, харшил, элэг, бөөр, мэдрэл, зүрх судасны замын өвчин, хавдар гэх мэт өвчлөл үүсэх шалтгаан болж байна гэдгийг энэ сарын 04-нд болсон “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын доройтол болон эрүүл ахуй” хэлэлцүүлгийн үеэр ярьсан.

“Та өөрийгөө цоо эрүүл хүн гэж бодож байна уу. Ингэж хэлж байгаад уучлаарай. Улаанбаатар, аймгийн төв, төвлөрөл дунд амьдарч буй хүн бүр өвчтэй. Үүнийгээ мэдэхгүй яв аа. Хөрсний бохирдлоос болж ямар нэгэн нян тээж, дотроосоо идэгдэж байгаа. Би ч бас” хэмээн НБОГ-ын ахлах мэргэжилтэн шулуухан хэлсэн нь цочролд орууллаа.

Бохирдсон хөрсөнд халдварт өвчин үүсгэгч нянгуудын амьдрах чадвар өндөр байдаг. Тухайлбал, цусан дахь суулгын нян нэг жил, шимэгчид хоёроос гурван жил, хүж хорхойн өндөг зургаагаас нэг жил, боом татрангийн үүсгэгчид 25-30 жил, сүрьеэгийн нян зургаан хүртэлх хугацаагаар хөрсөнд амьдрах чадвартай. Өвчлөлийн 85 хувь нь 0-15 насны хүүхдүүд байгаа бол гэдэсний халдвараар өвчилсөн нийт хүүхдүүдийн 62 хувь нь гэртээ байдаг аж. /НЭМҮТ/

Хүнд элементийн бохирдол нь нянгийн бохирдлыг бодвол удаан хугацаагаар хөрсөнд хадгалагддаг онцлогтой. Зуны ширүүн бороотой үед хөрс нэвт норж угаагдалд орсноор хөрсөн дээрх хүнд металлууд нь газрын доорх усыг бохирдуулах аюултай. Газрын гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд нян бага зэрэг илэрсэн хэмээн БОАЖЯ мэдэгдэж байна. Халдвартын эмнэлгийн судалгаагаар зургаа, наймдугаар сард халдварт шар өвчин их гардаг нь хөрсний бохирдолтой холбоотой гэж үзжээ.

Цаашид гэр хорооллын дэд бүтэц, төвлөрсөн усан хангамж нэмэгдэх хэдий ч 2030 оны байдлаар 404 мянга гаруй хүн энэхүү системд хамрагдаж чадахгүй гэсэн судалгааг БОАЖЯ-наас мэдээлж байна. Хувь хүн дор бүрнээ хариуцлагатай байх ч бас чухал.

Хог хаягдлаа ангилахаас эхлээд жорлонгоо өөрчлөх, бохир усаа асгах шийдэл гээд өөрсдийн ахуй амьдралдаа зөв дадал зуршил, аргачлалыг нэвтрүүлэх ёстой. Өртөг зардал багатай, хотын дэд бүтцээс хамааралгүй, хөрсөнд ялгадас нэвчих боломжгүй жорлонг бид өөрсдөө төлөвлөх хэрэгтэй болоод байна.

Жилийн дөрвөн улирал, эрс тэрс уур амьсгал, нийслэл хотдоо гэр хороолол төвлөрөн, тойрон хүрээлсэн манай улсын нөхцөл дэлхийн өөр хаана ч байхгүй. Бидэнд олон улсад хэрэглэж байгаа бус шинэ арга, зам, инновацийг өөрсдөө бүтээх хэрэгтэй. Бага оврын бие даасан цэвэрлэх байгууламж, эко жорлонгийн “Монгол технологи”-ийг гаргаж ирэх хэрэгтэй байна. Дэлхийн технологи бидэнд тохирохгүй гэдгийг БОАЖЯ-ны газрын дарга Ц.Уранчимэг болон НБОГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан нар баталж байна. Хамгийн энгийнээс эхэлье.

Хамгийн ойрын зардал бага нүхэн жорлонгийн бохир задлах бичил биетэн болон хүнд металл хуримтлуулах чадвартай ургамлаар цэвэрлэх аргыг ашиглая. Хашаандаа төлөвлөлт хийж, үмхий лууль, одой хайлаас, дэлхий тогторгоно, багваахайн зүйл, лавр навчит улиас гэх мэт ургамлыг тарьснаар хөрсөн дэх хүнд металлыг бууруулах боломжтой. Мөн жорлонгийн нүхээ бетондох, жорлонгоо байнга цэвэрлэж, хлорамин болон бусад амьд бактери бүхий био бэлдмэлийг хэрэглэе. Бидэнд арга зам огт байхгүй бус байгаа. Амьд бактери бүхий био бэлдмэлийг нийлүүлдэг нэр бүхий таван компанийн бүтээгдэхүүн 350 цэгээр худалдаалагдаж, аж ахуйн нэгжүүд жорлонгийн шийдлүүдийг санаачлан санал болгож байна. Ниргэсэн хойно нь хашхирах бус ниргэхээс өмнө асуудлыг шийдвэрлэж байя.