Ухаалаг гар утас ой мод, шүрэн арлуудад аюултай гэв үү

Гар утас үйлдвэрлэгч компаниуд тугалгаар түүхий эдээ хийдэг бөгөөд Apple Samsung зэрэг томоохон компаниуд тугалгаа Индонезийн Бангка арлаас авдаг гэх судалгааг Вашингтонд төвтэй “Friends of Earth” судалгааны байгууллагаас гаргажээ. Ингэснээр тус арлын ой мод, тариалангийн талбай, шүрэн арлууд болон хүн ард нь хохирч байгааг мөн судалгаагаар харуулсан байна.

Тугалгыг бүх төрлийн утас болон электрон хэрэгсэлд гагнаас хийх зорилгоор ашигладаг бөгөөд дэлхийн тугалгын хэрэгцээний гуравны нэгийг Бангка болон түүний хөрш Белитан арал хангадаг аж.

Судалгааны багийнхан тугалга олборлосноос үүдэн гарч буй хэд хэдэн аюулыг нэрлэжээ.

• Бангкад хийгдэж буй байгальд хөнөөлтэй, хяналтгүй олборлолтын улмаас 2011 онд долоо хоног тутам нэг хүн нас барсан гэх тооцоог орон нутгийн цагдаагийн хэлтэсээс гаргасан байна.

• Тугалганы олборлолтоос гарсан хог хаягдал нь далайн ургамалаар хооллодог яст мэлхий, шүрэн арлуудыг мөхөлд хүргэж байгаа аж.

• Тугалга олборлолтоос болж ой мод сүйрснээс хөрс нь хүчиллэг болсон. Улмаар тариалчинд ургацаа авч чадахгүйд хүрч, амьдралын түвшин нь дордож байна.

Samsung болон Apple компанид “Танайх Бангкагаас олборлодог тугалгыг гар утасны түүхий эддээ ашигладаг уу?” гэх асуултыг судалгааны багийнхан тавиад байгаа ч тодорхой хариулт өгөөгүй байна. “Friends of Earth” судалгааны байгууллагын Ерөнхий захирал Анди Аткинс “Судалгаагаар тугалга олборлолт нь хүн ба байгальд муугаар нөлөөлж байгааг харуулж байна” гэжээ.

Түүнчлэн дэлхий дээр өдгөө сая сая хүн ухаалаг гар утас ашиглаж байна. Гэхдээ хэрэглээнээсээ болоод өөрсдийгөө болон эх дэлхийгээ хохироохыг хэн ч хүсэхгүй нь лавтай. Тиймээс гар утас үйлдвэрлэгчид түүхий эдээ хүний биед болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй зүйлсээр хийхэд анхаарах хэрэгтэй гэв. Мөн тэрбээр Samsung 2011 онд 95 сая ухаалаг гар утас борлуулсан. Шинжээчдийн үзэж буйгаар ирэх гурван жилд хэрэглэгчдийн тоо хоёр тэрбум гаруй болж өсөх төлөвтэй” байгаа. Тиймээс утаснуудаа дахин ашигдах нь тугалганы хэрэгцээг багасгаж болох юм хэмээн тайландаа дурджээ.