Ухаалаг гар утас “эзнийхээ” ашгийг 81 хувиар нэмлээ

Өмнөд Солонгосын “Самсунг Интернешнл” компани энэ оны эхний улиралд 5.05 их наяд воны (4.5 тэрбум доллар) ашигтай ажилласан тухайгаа мэдээллээ. Тус үзүүлэлт нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 81 хувиар өссөн баяртай мэдээ аж. Тус корпорацийн ашгийн энэхүү огцом өсөлт нь “Galaxy” загварын ухаалаг гар утасны борлуулалттай холбоотой гэнэ. “Самсунг” компанийн төлөөлөгч Роберт И дээрх мэдээллийг хийх үеэрээ “Бид үндсэн бизнесийнхээ суурь дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэх аргаар орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.

Түүнчлэн тэрбээр тавдугаар сарын 3-ны өдөр “Galaxy” гар утасны шинэ загварыг нийтэд танилцуулна гэсэн байна. Энэ талаар “Meritz Securities” компанийн ажилтан Ли Сей Чул “Одоогоор ухаалаг утасны зах зээл дээр хоёр гол тоглогч байна. Тэр нь “Samsung”, “Apple” хоёр юм. Компанийн үйлдвэрлэж буй “Galaxy-III” загвар гарснаар гар утасны зах зээлд томоохон тэсрэлт авчирч, “Apple”-ийн хувьд хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байна” хэмээжээ.
“Самсунг Интернешнл” компани зөвхөн ухаалаг гар утас бус зурагт, компьютерийн дэлгэц үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч байр суурь эзэлдэг.