Францад 1400 орчим хүн коронавирусийн халдвар аваад байна
Европ тивд коронавирусийн халдварын голомт нь Итали болоод байгаа боловч анхаарал хандуулах ёстой өөр нэг улс бол Франц. Тус улсад гуравдугаар сарын 9-ний байдлаар 1400 орчим хүн халдвар авч, 30 хүн нас бараад буй нь Европтоо Италийн дараа хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоонд тус улсын Соёлын сайд Франк Рьесте орж байна. Тэрбээр Францын доод танхим болох Үндэсний ассемблейд өнгөрсөн долоо хоногт ажиллах хугацаандаа халдвар авсан бөгөөд тус ассемблейн таван гишүүн халдвар авсан нь тогтоогдсон юм. Гэхдээ 46 настай сайдын биеийн байдал сайн байгаа гэж тус улсын хэвлэлд бичжээ.
Францын хувьд коронавирусийн тархалтыг тухайн бүс нутгийн хэмжээнд тогтоон барихаар тус улсын эрх баригчид ажиллаж байна. Улс үндэстний өдөр тутмын хэвийн амьдралыг алдагдуулалгүйгээр аюулгүй байдлыг хангахын тулд тэнцвэртэй байдал чухал гэж Эрүүл мэндийн сайд Оливье Веран өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр мөн 5000-аас олон хүн нэг дор цугларахыг хориглосон шийдвэрийг улам чангалж, 1000-аас олон хүн цугларсан арга хэмжээг улс даяар хориглож буйг мэдээлсэн. Франц даяар эл шинэ хоригийг хэрэгжүүлж эхэлсэн ч спортын уралдаан тэмцээн, нийтийн тээвэр, жагсаалд энэ нь хамаарахгүй аж.
Одоогийн байдлаар Францын дараах дөрвөн бүс нутагт (кластер бүс гэж нэрлэж буй) коронавирусийн тохиолдол хамгийн олон илрээд байна. Тэдгээр нь Бриттани дахь Morbihan, Швейцар улстай хил залгаа Францын зүүн хэсгийн Haute-Savoie, Францын зүүн хойд хэсгийн Oise, Haut-Rhin юм. Эл дөрвөн бүс нутагт зах, олон нийтийн болоод сүмийн үйл ажиллагаа зэрэг хүн олноор цугларах бүхий л арга хэмжээг хоригложээ. Түүнчлэн Oise, Haut Rhin-д өчигдрөөс эхэлж 14 хоногийн турш сургууль, коллеж, асрамжийн газруудыг хаахаар шийдвэрлэсэн байна.
Коронавирусийн халдварын тохиолдол хамгийн олон илэрсэн мужууд
Коронавирусийн халдвар авсан нь илэрсэн франц иргэний хувьд дээрх аюултай бүс нутгаас ирээгүй боловч Oise нь Паристай ойролцоо оршдог юм. Тэрбээр Марсель болон Парис хотод (тодруулбал “Арева” компанийн төв оффис байрладаг Courbevoie коммун) ажиллаж байгаад ОХУ-ын Москва хотоор дамжин манай улсад ирсэн билээ. Одоогийн байдлаар Парис хот болон дагуул хотуудад нь коронавирусийн халдвартай 100 орчим иргэн эмнэлгийн хяналтад ороод байгаа юм.
Франц улсад одоогийн байдлаар рагбигийн “Six nations” тэмцээний Франц, Ирландын багийн тоглолт, Парисын марафон, дуучин Мадоннагийн Парис дахь тоглолт зэрэг томоохон арга хэмжээнүүд цуцлагдаад байна.