Франц евробүсэд сэргэлт авчрах уу

Markit дэлхийн санхүүгийн мэдээлэл, үйлчилгээний компани “Худалдан авагч менежерийн индекс” (PMI)-ийг сар, улирал, жилээр гаргадаг билээ. Энэ индексийн дагуу Францын хувийн хэвшлийн салбар өнгөрсөн сард 47.9, энэ сард 51.6 оноо авчээ. 50-аас дээш оноо өсөлтийг харуулдаг аж.

Харин евробүсийн 18 орны хувийн салбарынхны хувьд PMI индексээр өнгөрсөн сард 53.3, энэ сард 53.2 оноо авсан байна. Энэ нь ялимгүй удааширсан үзүүлэлт. Гэхдээ уг бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт сүүлийн есөн сар дараалан өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ оны эхний улиралд л гэхэд 0.5 хувиар өссөн аж. Мөн ажил эрхлэлтийн түвшин хоёр сар дараалан ялимгүй өссөн үзүүлэлттэй байна.

Эдийн засагчид Францын хувийн салбар энэ сард өсөхгүй хэмээн таамаглаж байв. Гэтэл харин ч эсрэгээрээ өсөлттэй гарчээ. Энэ талаар Markit-ийн ахлах эдийн засагч Крис Уйльямсон “Бүсийн сэргэлт эрчээ авч байна. Бодлого тодорхойлогчдын хувьд үүний нааштай шинж тэмдэг бол евробүсийн өсөлт хүрээгээ тэлж, Францыг хамарч буй явдал юм” гэв. Мөн IHS Global Insight-ийн Европ, Английг хариуцсан эдийн засагч Ховард Арчер “Энэ судалгаа нь евробүсийн сэргэлт аажмаар чангарч буйг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: http://www.bbc.com/news