Хавай арлын аялал жуулчлалын нууц

“Алоха” инээмсэглэл

“Алоха” буюу “Сайн байна уу” хэмээн жуулчдыг инээмсэглэн угтах хавайчууд их найрсаг, хөгжилтэй сайхан сэтгэлтэй. Тэдний энэхүү инээмсэглэл гадаадын жуулчдыг татах гол хүч гэж хэлэх үндэстэй. Үүнийхээ хүчээр хавайчууд өнөөдөр элбэг хангалуун амьдардаг гэдгийг дэлхийн эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, хавайчуудын гадна дотнын жуулчдыг угтан авах чин сэтгэлийн инээмсэглэл тэдний амьдралын баталгаа болдог гэж ойлгож болно.

XVI зуунд дэлхийн бараг хамгийн ядуу буурай байсан уг арал өнөөдөр таван тивийн хүмүүсийн очихыг хүсдэг мөрөөдлийн газар нь болж хувирчээ. 1700-гаад онд тус арал дээр өнгөт арьст поленесчууд амьдардаг байж. Харин 1778 онд их далайд аялж явсан нэгэн европ хүн анх энэ арлыг нээсэн гэдэг. Түүнээс хойш арал руу зүүн Америкийн орнуудын цагаан арьстнууд олноор нүүдэллэн очиж, газар тариалан эрхлэх болсон түүхтэй. Ази, Америк тивийг холбосон ашигтай байрлалтай энэ газар нэгэн үе япон, америкчуудын харилцааг муутгаж байсан гашуун түүх бас бий. Эзэрхийлэл, түрэмгийлэл, дайн байлдаан багагүй амссан Хавайн арлынхан 1959 оны наймдугаар сарын 21-нд АНУ-ын 50 дахь мужаар албан ёсоор зарлагдсан билээ.

Америкчууд тус арлыг эгнээндээ нэгтгэснээс хойш маш их хөрөнгө хаясны үр дүнд дэлхийн иргэдийн сонирхлыг татахуйц аялал жуулчлалын хамгийн том төвийг байгуулсан. Өнөөдөр энэ аралд жилдээ 8-9 сая жуулчин зочилдог гэхээр ямар их хөдөлмөр хүч, мөнгө зарцуулсныг харуулах биз. Тиймээс ч Номхон далайн гүн цэнхэр усаар хүрээлүүлсэн үзэсгэлэнт байгаль, зөөлөн агаар, өндөр хөгжил, иргэдийнх нь тайван амьдрал гээд бүх зүйл нь гайхалтай зохицсон энэ арал жуулчдыг соронзон мэт татдаг юм. Хавайн уугуул иргэд бор царайтай, олонх нь махлаг. 1852 онд энэ арлын 90 хувь нь нутгийн уугуул иргэд байсан бол өдгөө тав орчим хувийг л эзлэх болж. 1523 мил урт, 10459 ам дөрвөлжин газар нутагтай Хавайн нийслэл нь Хонулулу хот. Тус хотод хамгийн алдартай аялал жуулчлалын томоохон Waikiki төв бий. Энд гадаадын жуулчид олноор очиж шар айраг уунгаа Хавайн арлын соёл урлагийн тоглолт үзэж, далайд сэлж, эрэг дээр нь биеэ шарна. Зөвхөн жуулчид бус, нутгийн иргэд нь ч ийм маягаар амарна. Хавайчууд ажил хийдэггүй, байнгын амралтад байгаа юм шиг сэтгэл төрүүлэх нь бий. Гэхдээ тус арлынхан элсэн чихэр, кофе, төрөл бүрийн жимсний үйлдвэрлэлээр дэлхийд нэлээд дээгүүрт ордог гэж үзэхээр тэд ажлаа ч хийнэ, бас амарч ч чаддаг.

“Монгол инээмсэглэл”

Тэг­вэл агуу их түүхтэй монголчууд бид яагаад аялал жуулчлалын сал­бараа Хавай шиг хөгжүүлж дэлхийн хүмүүсийг эх орондоо татаж чадахгүй гэж. Уг нь гаднынхан манай улсыг сонирхож, жуулчлахыг ихэд хүсдэг юм билээ. Гол бэрхшээл нь аялал жуулчлал нь өндөр хэмжээнд хөгжөөгүй, зам тээвэр, өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын дэд бүтэц хөгжөөгүй байгаа нь асуудал болж байна. Үүнээс гадна хамгийн том асуудал бол бид жуулчдад үнэн сэтгэлийн үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа юм. Алс орноос Монголыг зорин ирэх жуулчдыг ядахдаа чин сэтгэлээсээ инээмсэглэн угтаж ч чадахгүй байна шүү дээ. Жуулчдын хувьд тухайн орныг үнэлэх хамгийн эхний үзүүлэлт нь иргэдийн инээмсэглэл, харилцааны соёл байдаг. Олон мянган км-ийг туулаад, манай орныг зориод ирэхэд нь монголчууд хөмсөг зангидсан баргар царайтай угтахаар жуулчид анхандаа ихэд гайхдаг гэсэн. Би ямар алдаа гаргалаа ч гэж боддог гэсэн шүү.

Японы нэг жуулчин манай улсад 14 хоног зочлохдоо нэг л юм үгүйлэгдээд байна, тэгсэн мөртлөө яг юу вэ гэдгээ мэдэхгүй байна аа л гээд байж. Гэтэл тэр жуулчныг явахын урд өдөр байнга ордог зоогийн газрын үйлчлэгч нь сайн яваарай гээд инээмсэглэжээ. Мөнөөх жуулчин тэр даруйд үгүйлэгдээд байсан зүйл нь инээмсэглэл болохыг ойлгож, тэрхүү монгол залуугийн чин сэтгэлийн инээмсэглэл Монгол орныг хэзээ ч мартахгүйд хүргэлээ гээд сэтгэл хангалуун нутаг буцсан тухай манай аялал жуулчлалын мэргэжилтэн ярьж билээ.

Тийм ээ монголчууд бид жуулчдад инээмсэглэн үйлчилж чадахгүй байгаа нь үнэн. Монголын үзэсгэлэнт сайхан байгаль, үндэсний хоол, язгуур урлаг тэдэнд таалагддаг. Дэд бүтэц хөгжөөгүй, үйлчилгээний соёл тааруу гээд олон асуудлыг тэд ойлгодог. Ганцхан жуулчдад инээмсэглэл тодруулсан харилцааны соёл байхгүйг тэд ойлгодоггүй гайхаад байдаг юм. Гаднынхан битгий хэл, дотоодын жуулчид үгээ хэлэх нь олонтаа шүү дээ. Тэгэхээр нарлаг хөх тэнгэр шигээ сэтгэл тэнүүнээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан гадна, дотнын жуулчдаа угтан авч, үдэж яагаад болохгүй байна вэ? Инээмсэглэхэд гарз гарахгүй шүү дээ, монголчууд аа.

Хавайн давуу тал бол иргэд маань гадаадын жуулчдад “Алоха” буюу “Сайн байна уу” гэж мэндлэхээс эхлээд “Алоха” буюу “Баяртай” хэмээн үдэх хүртэл тэдний сэтгэлд хүрсэн үйлчилгээг үнэн сэтгэлээсээ үзүүлж чаддагт оршдог хэмээн Хавайн аялал жуулчлалын мэргэжилтнүүд хэлснийг энд онцлон тэмдэглэе.