Хавдраас сэргийлэх арга Монголд

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд нэлээд тархаад байгаа умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтыг орон даяар энэ сарын 12-ноос эхлүүлээд байгаа аж. Тус дархлаажуулалтын ажлыг ЭМЯ, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, “Итгэл” хавдаргүй монгол үндэсний сан хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. Вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдахыг хүссэн 11-15 насны охид ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар ажлын өдрүүдэд 09.00-15.00 цагт үйлчилж байгаа төдийгүй одоогийн байдлаар 40 охин вакцинд хамрагдаад байгаа аж.

Өчигдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдвал зохих 14248 охидоос 72,1 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм байна. Тус дархлаажуулалт Өмнөговь аймгийн хэмжээнд 91,3 хувь, Сэлэнгэ аймагт 69,1 хувьтай байгаа бол Багануур дүүрэгт 78,7 хувь, Баянгол дүүрэгт 65,3 хувьтай явж байгаа төдийгүй одоогийн байдлаар вакцинд хамрагдсан охидод дархлаажуулалтын хүндрэл илрээгүй гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон мэдээлжээ. Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины гурван тунгийн дархлаажуулалт энэ оны 3,5,9-дүгээр сард явагдах бөгөөд I тунгийн дархлаажуулалт өнөөдөр дуусаж байгаа бол II тунгийн дархлаажуулалт тав дугаар сард эхлэх юм байна.