Хадгаламж банк Төрийн банктай нэгдлээ

Монголбанк Банкны тухай хуулийн 48.2 дахь заалт, 55 дугаар зүйл, 56.2.2 дахь заалтад тус тус үндэслэн өчигдөр Хадгаламж банкинд Банкны эрх хүлээн авагч томилон, эрх хүлээн авагчаас санал болгосны дагуу тус банкны тодорхой актив, пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүллээ.

Хадгаламж банк нь Монгол Улсын бүх аймаг, суманд 503 салбар нэгжээр дамжуулан банкны бүхий л төрлийн үйлчилгээг, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны хэрэглээний төлбөр зэрэг олон нийтэд үзүүлэх төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцан гүйцэтгэдэг. Банк нь 3268 ажиллагсадтай, банкны системийн нийт активын найман хувийг бүрдүүлдэг томоохон таван банкны нэг. Тиймээс Монголбанк, Засгийн газраас дээрх шийдвэрт хүрчээ.

Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлснээр тус банкинд 2011 оноос хойш үүссэн санхүүгийн чадварын хүндрэлийг шийдвэрлэж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан, тус банкнаас иргэдэд үзүүлдэг банкны болон төрийн санхүүгийн үйлчилгээ хэвийн, тасралтгүй, саадгүй явагдах нөхцөлийг хангаад байна.