Хазаар үгүй Хятад жуулчид

Тэнэг хүн тэнүүчилж, ухаант хүн жуулчилдаг хэмээн Их Британийн зохиолч Томас Фүллэр хэлсэн байдаг. Аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжиж буй өнөө үед хэрэглэгчийг "хаан"-д өргөмжлөх үйлчилгээ газар аваад буй. Гэвч хүний нутагт айлчилж буй харийн "хаан" ч үйлдлээ цэнэж, үгээ хянадаг. Соёлт нийгмийн сонгодог жишээ болох өндөр хөгжилтэй орнуудын жуулчид гаднын орноор аялахдаа хогоо хүртэл халааслаад буцах нь бий. Харин эсрэгээрээ түүхэн дурсгалт бүтээлийг сүйтгэж, хаа саагүй хог хаягдлаа шидэлж, хэл ам гаргадаг жуулчид байх агаад тэд дийлэнх нь хөгжил буурай эсвэл хөгжиж буй орнуудын иргэд байх нь элбэг. Япон, Америк, Тайванийн хөгжил хурдасч, иргэд нь хөрөнгөжиж байсан жилүүдэд тэдгээр улсын жуулчид зүй бус хандлагатай, соёлгүй гэх шүүмжлэлийг дагуулж байсан. Тэгвэл сүүлийн үед эдийн засгийн 7-9 хувийн тогтмол өсөлтийг үзүүлж яваа мандах нар Хятад улсын аялагчид дээрх улсуудын өнгөрсөн туршлагыг давтаж, усыг нь уусан ч ёсыг нь дагахгүй байгаагаа харуулах болжээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар өнгөрсөн жил Хятадын 83 сая иргэн гаднын орнуудад нийт 102 тэрбум ам.долларын зардал гарган аялжээ. Улмаар 2020 он гэхэд жил бүр 200 сая хятад иргэн гадаад руу аялах тооцоо бий. Улс орноор авч үзвэл энэ нь аялал жуулчлалын салбар дахь хамгийн өндөр үзүүлэлт. Гэвч энэ бол зөвхөн зоосны нэг тал. Аялал жуулчлалын салбарт Хятад улсын хөрөнгөжиж буй иргэд хүч түрэн орж ирж, ашиг орлогыг нэмэгдүүлж байгаа ч салбарын тогтвортой байдлыг хазгайтуулж, ёс суртахууны асуудлыг хурцаар тавихад хүргээд буйг гаднын хэвлэлүүд онцолж байна.

Бага хөрөнгөөр бүтсэн ч ихээхэн амжилт олсон “Тайландад төөрсөн нь” хэмээх бүрэн хэмжээний кино, улсынхаа үйлчилгээний салбарын захиалгыг Хятад жуулчдаар дүүргэж чадсандаа бахдаж байсан нь саяхан Гэвч өнөөдөр тайландууд хятадуудын эсрэг бослого гаргахад ч бэлэн байна. Учир нь, тэдний хувьд зөвшөөрч үл болом олон хандлага хятадуудаас гарч байгаад иргэд гомдоллох болжээ. Хятад жуулчид авто замын урсгал сөрөн хурдтай давхидаг, дөрвөн замын уулзвар дээр зүг чигээ олохгүй хоорондоо хэрэлдээд зогсчихдог гэх мэт сөрөг утгатай сэтгэгдэл Тайландын “The Nation” сонинд ирсэн бөгөөд үүнийг нь тус сонин “Эрхлэгчид ирсэн захидал” буландаа хэвлэсэн байдаг. Тайландын зарим зочид буудал, хятад иргэдийг хоёр хүний өрөө захиалсан атлаа дөрөв, тавуулаа хэрэглэдэг, хувцсаа тагтаар дүүргэн өлгөдөг, өрөөгөө бохир заваан хэрэглэдэг хэмээн үйлчлэхээс татгалзах болжээ.

Тайландын зарим цахим хуудас иргэдийн гомдол саналыг нэгтгэн хятадуудын гаргадаг нийтлэг зохисгүй үйлдлийг жагсаажээ.

Үүнд:

1.Суултуурын усаа татдаггүй

2. Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг

3 Чанга дуутай/ Таван одтой зочид буудалд ч хашгичиж харьцдаг/

4. Дараалал дайрдаг, шүлс, хогоо дуртай газраа хаядаг

5. Хүүхдээ хаана ч бие засахыг зөвшөөрдөг


6. Харилцахад хамгийн төвөгтэй англи хэлтэй

Иргэдээ соёлжуулна

Өнгөрсөн сард олны дунд ихээхэн шуугиан тарьсан мэдээллүүдийн нэг нь Египтэд аялж явсан Хятад гэр бүлийн дуулиан байлаа. Энэ хэргээс үүдэн хятад аялагчдын нэр хүнд улам унаад буй. Египтийн өмнөд хэсэгт орших эртний хотын тууриас үлдсэн түүхэн дурсгал дээр Хятад ханзаар “Дин Минхао энд ирээд явлаа” хэмээн сийлсэн байхыг олжээ. Тус дурсгалд 3000 жилийн дараа дахин гар хүрч зүрхэлсэн нэгэн нь Хятад улсын 15 настай иргэн байжээ. Хүүгийн эцэг эх хэвлэлээр дамжуулан Египт болон тус улсын иргэдээс уучлал хүссэн билээ. Түүнчлэн энэ жилийн эхээр Хятадын үнэт өв болох Хориотой хотод хадгалагддаг төмөр саван дээр мөн л бичиг сийлснийг олжээ.

Хонконгийн “South China Morning post” өдөр тутмын сонины цахим хуудсын эрхлэгч Эми Ли саяхан бичсэн нийтлэлдээ “Бүдүүлэг хятад жуулчид” хэмээх нэрэн дор гарч буй мэдээлэл хамгийн их хандалттай байгааг онцолжээ. Удаа дараа хамгийн их уншсан мэдээллээр шалгарахдаа сар гаруйн хугацаанд жагсаалтыг тэргүүлсээр байжээ. Энэ нь тус улсын жуулчдын зан авирын талаар өөрийн нүдээр үзээгүй ч төдий олон хүн мэддэг боллоо гэсэн үг.

Хятадын нэг тэрбум гаруй хүн гаднын олон орны хувьд аялал жуулчлалын асар том боломж ч тооноос илүү чанар эрхэмлэгчдийн хувьд гамшиг гэж үзэх нь элбэгшсэн байна. “South China Morning post” сонины Эми Ли “Чанга дуутай, түргэн ааштай, эрээ цээргүй, дуулгаваргүй, соёлгүй гэж тэднийг хүмүүс үзэж байна” хэмээн бичжээ.

Тэгвэл тэд яагаад биеэ зөв авч явж чаддагүй юм бэ?

Хонконгийн Политехникийн их сургуулийн аялал жуулчлалын судлаач Ён Чен “Жуулчид ёс бус хандлагатай байхыг өөрсдөө хичээдэггүй. Тэд зүгээр л өөрөөрөө байгаа. Хятад хүн хятадаараа байгаа нь л тэр” гэсэн байдаг. Гэвч хятад хүн бүр соёлгүй, бүдүүлэг гэж ойлгох нь өрөөсгөл. Ён Чен боловсролын түвшин өндөртэй хятад иргэдийн хувьд биеэ авч явах байдал харьцангуй дээгүүр байгааг мөн онцолсон. Түүний судалгаагаар улс төрийн тогтворгүй үед өсч торнисон хүмүүсийн хувьд энэхүү бүдүүлэг харилцаа, хандлага ихээхэн ажиглагдаж буй аж. Төрийн эргэлт гарах үеэр сурч боловсрох боломж хомс, сурах эрхээ хасуулж байснаас үүдэлтэй хэмээн судалгааны дүн гарчээ. Мөн хуучин цагийн хятадуудын амьдарч байсан цаг үе халаагаа өгсөн ч өнөөгийн амьдралын хэв маяг тэдний хувьд дасан зохицоход төвөг учирч байгааг харуулж буй. Анхдагч хэрэгцээгээ хангах гэж өдөр шөнөгүй мөнгөний төлөө амьдарч ажилласаар өдийг хүрсэн хүмүүсийг бүдүүлэг хэмээн шүүмжлэх нь нэг талаар өрөөсгөл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч энэ нь хөрөнгөжиж буй одоогийн хятадуудын “цээж баян” журамгүй аашийг хүлээн зөвшөөрч хаацайлах тайлбар биш гэдгийг тэд мөн хэлж буй. “South China Morning post” сонины Эми Ли Хятадын 30 иргэм насны аялагч эрээс аялах болсон шалтгааныг асуухад “Би баян учраас” хэмээн хариулжээ. Энэ нь тус улсын иргэдэд аялал жуулчлалын жинхэнэ мөн чанарыг ойлгох ухамсар хараахан төлөвшөөгүй байгааг харуулж байна.

“Аялна гэдэг жуулчдын хувьд туршлага хуримтлуулах, бусдаас суралцах үйл явц. Тиймээс хятад жуулчдын олон улсыг гайхшруулж буй хачин ааш удаан үргэлжлэхгүй” хэмээн Жэцзян их сургуулийн аялал жуулчлалын профессор Ван Ванфей хэлжээ.

“Хятад иргэдийн ёс бус ааш гаргасан жишээ үргэжлэх болсон нь манай үндэстний олон улс дахь нүүр царайг халтартуулж байна” хэмээн Хятадын дэд сайд Ван Ян өнгөрсөн сард болсон тус улсын Аялал жуулчлалын шинэ хуулийн хэлэлцүүлэг дээр хэлсэн. Тэрбээр мөн улсынхаа аялал жуулчлалын салбарын чанарыг сул, үндэс суурь нь хэврэг байна хэмээн шүүмжилсэн билээ. Аялал жуулчлалын салбарын шинэ хуулийн дагуу компаниуд аяллын гэрээ байгуулахдаа ёс суртахууны зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх заалт тусгаж өгөхийг зөвшөөрч байгаа юм байна.

Өнгөрсөн сарын сүүлээр Хятадын Засгийн газар олон улсад үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн Үндэсний конвенц баталж, иргэдээ “соёлжуулхаар” болсон. Конвенцийн гол санаа нь “Соёлтой жуулчин байх нь иргэн бүрийн үүрэг” бөгөөд соёлын үнэт өвд ямар нэг хохирол учруулах тал дээр хатуу хяналт тавих ажээ. Үндэсний аялал жуулчлалын газраас өргөн барисан тус конвенцэд багтаад буй тогтоолууд нь өнгөрсөн хугацаанд хятадуудын үзүүлсэн ёс бус үйлдлийг хязгаарласан зохицуулалтуудыг багтаажээ. Дээрх үндэсний уриалга нь Хятадаас гарч буй болон тус улсад орж ирж буй бүх жуулчинд хамаатай.