Халдваргүйжилтийн тусгай машин бэлэглэлээ

Монгол улсын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, мал эмнэлгийн албыг бэхжүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газраас 375,0 сая рублийн өртөг бүхий буцалтгүй туслалцаа үзүүлэхээр 2010 оны сүүлчээр шийдвэрлэсэн аж. Тэгвэл энэ тусламжийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүлхийн өвчнөөс сэргийлэх 37.0 сая тун вакциныг хүлээн авсан аж. Тэгвэл тусламжийн сүүлчийн хэсэг болгон 22 ариутгал халдваргүйжилтийн тусгай зориулалтай ДУК автомашиныг өчигдөр ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд В. В. Самойленко аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрынханд хүлээлгэн өглөө.

Тус ариутгал халдваргүйжилтийн тусгай зориулалтаны машинуудыг нийслэл болон аймгийн Мал эмнэлгийн албанд хуваарилжээ. Энэхүү автомашин нь халдварт өвчний голомт, шаардлагаар болон урьдчилан сэргийлэх зорилгоор цаг агаарын ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай, халдваргүйтгэлийн уусмалыг бэлтгэх, 0+85 хэм хүртэл халаах, найман метр хүртэлх өндөрт 2,5 МПа (кг/см2) хүртэлх даралтаар шүрших, нэг минутанд найман литрээс доошгүй шингэнийг мананцар маягаар шүрших чадвартай. Мөн жолоочоос гадна дөрвөн хүний суудалтай, бензин хөдөлгүүртэй, энэ онд үйлдвэрлэсэн машин гэдгээрээ онцлог аж.