Хамгийн ирээдүйтэй нь салхи


Монголын эдийн засгийн чуулган энэ оны гуравдугаар сарын 3-4 ны хооронд Төрийн ордонд зохион байгуулагдах билээ. Тэгвэл тус чуулганы үеэр хэлэлцэхээр төлөвлөсөн олон асуудлыг хөндөн, салбар хурлууд эхнээсээ зохион байгуулагдаж байна. Тухайлбал,саяхан Үндэсний Хөгжил Шинэтгэлийн хороон дээр “Нүүрс үү, Салхи уу?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Үндсэндээ нүүрсний болон салхины эрчим хүчний сул болоод давуу талууд илтгэлийн явцад тодорхой харагдсан бөгөөд оролцогчдын зүгээс ойлгомжгүй асуудлыг сөргүүлэн тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байсан юм.

Зардал өндөртэй салхин сэнс байгалийн гоо үзэсгэлэнг гундаах, жигүүртэн амьтан гэмтээх болон дуу чимээ их гаргах сул талтай гэх боловч хүн амьтан үргэн дайжих хэмжээнд хурцадмал асуудал үүсгэдэггүй болохыг судлаач Х. Батсуурь илтгэлдээ дурьдсан. Тухайлбал салхин сэнс салхийг саармагжуулдаг учир цөлжилтийн эсрэг зогсох нэг арга гэдгийг хэлж байлаа. Нөхөн сэргээгдэх эрчим хүчний төрлүүдээс хамгийн ирээдүйтэй нь салхи гэдгийг тэрбээр мөн онцолсон.

Бүтээмж багатай, хүрээлэн буй орчны бохирдол ихтэй шатах түлшнээс татгалзах цаг нь болсоныг энэ үеэр хүн бүр нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байсан юм. Түүнчлэн Ньюком компанийн захирал Б.Бямбасайхан 2012 он гэхэд хийж дуусахаар төлөвлөөд буй салхин парк байгуулах ажлынхаа явцыг танилцуулсан юм. Манай улсын эрчим хүчний таван хувийг хангах энэхүү цахилгаан станцын эрчим хүчний борлуулах үнэ хуулиар тогтоож өгсөний дагуу 9,5 цент байх бөгөөд дэлхийн бусад орнуудад одоогоор 13-16 центийн үнэтэй байгаа аж. “Салхит” станц жилдээ 168 сая кв.ц эрчим хүчийг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх юм билээ. Ингэснээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг 185 мянган тонноор бууруулах, 1.6 сая тонн ус хэмнэх зэрэг талаараа дулааны цахилгаан станцаас давуу байх гэнэ. 2005 онд УИХ-ын баталсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2020 он гэхэд улсын нийт эрчим хүчний 20-25 хувийг уг салбарын технологиор шийднэ хэмээн тусгасан байдаг.

Хуралд оролцогдсын зүгээс салхи, нүүрсийн аль аль нь хэрэгтэй. Гэхдээ нэг хэсэгтээ нүүрсдээ тулгуурлах нь мэдээж гэдгийг хэлж байлаа. Технологийн хувьд салхин станц дангаараа нийт эрчим хүчний дийлэнхийг хангаж явахад хүндрэлтэй. Иймээс тэр нь илүү энэ нь илүү гэж нүүрс ба салхины эрчим хүчийг ялгаж зааглах зүйлгүй. Ус бага хэрэглэдэг, утаа бага гаргадаг байгаль орчинд ээлтэй технологи руу явья. Үүний хажуугаар орчин үеийн технологийг ашиглаж, нүүрснээс үүсэх бохирдлыг багасгах тал дээр анхаарья хэмээн хуралд оролцогсод эцэст нь дүгнэлээ.