Хамтарсан Засгийн газраас гарах хүсэлтээ өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан АН-ын гишүүн сайд нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өглөө. Тус бичгийг Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр гардуулан өгсөн байна. Тэд Засгийн газрын тэргүүнд өгсөн бичигтээ “ 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 35 дугаар хуралдааны тогтоолоор Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй гэж санал нэгтэйгээр шийдвэрлэснийг үндэслэн Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх заалтын дагуу хамтарсан Засгийн газрын гишүүд бид албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байна “ гээд гарын үсгээ зурцгаажээ.