Хамтын тэтгэвэр

Манай улсын хүн амын тэтгэвэрт гарах нас өндөр байна гэж зарим хүн шүүмжилдэг. Тэд үүнийгээ, насаараа хөдөлмөр эрхлээд тэтгэвэрт тогтоолгохынхоо өмнө, эсвэл гарангуутаа бурхан болж байна гэж тайлбарлах. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Өөрөөр хэлбэл, 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд хэн нэг нь үргэлжлүүлэн авч болох тухай юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Бид уг хуулийн төслийг маш олон хүчин зүйлийг үндэслэж, боловсруулсан. Насаараа ханилсан хань нь бурхан болчихоор ард үлдсэн ахмадууд сэтгэлзүйн дарамтад ордог. Нөгөөтэйгүүр өрхийн орлого буурч, зарлага нь хэвээр байх жишээтэй. Тиймээс ханийнхаа тэтгэврийг үлдсэн нэг нь мөнх бусыг үзтэлээ авах боломжийг энэ хуулиар олгоно.. Бидний тооцоолсноор тэтгэврийг нь 100 хувь олгосон ч тэтгэврийн даатгалын санд ачааалал ирэхгүй байгаа. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцүүлгийг явцад тэтгэврийнх нь 50, 70, 100 хувиар олгох уу гэдгийг ярилцаж, тогтооно” гэв.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг ирэх оноос хэрэгжүүлэхээр төсөл санаачлагчид боловсруулжээ. Тиймээс УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх аж.