Харилцаа тогтооё, Харилцан суралцъя, Хамтдаа хөгжье

“Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” /ГОУХАН/-ээс хэрэгжүүлж буй “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр”-ийн хүрээнд ирэх даваа гаригт болох гэж байгаа Герман Монголын бизнесийн өдрүүд чуулга уулзалтын талаар тус нийгэмлэгийн Компанийн нийгмийн хариулцлага хариуцсан мэрэгжилтэн О.Батболдоос тодрууллаа.

-Герман Монголын бизнесийн өдрүүд 22-24 ны өдрүүдэд болох гэж байна. Чуулга уулзалт монголчуудад ямар давуу тал, шинэ боломжийг бий болгох вэ?

-ГОУХАН-ээс Герман Монголын бизнесийн өдрүүд чуулга уулзалт 22-24-нд “Blue sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээний нэг онцлог нь өнөөдөр Монгол улсад тулгамдаж байгаа хэд хэдэн сэдвийн хүрээнд ярилцах, санал солилцох, туршлага хуваалцах боломжтой болох юм. Тухайлбал, эхний өдөр “Технологийн шинэчлэл-Аж үйлдвэрийг хэрхэн шинэчлэх вэ” сэдвийн хүрээнд салбар хурлууд зохион байгуулагдана. Уг хурлаар нүүрс шингэрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний ирээдүйн шийдэл, мах, махан бүтээгдэхүүний чанар гээд олон чухал сэдвийг хамрах юм. Харин дараагийн өдрийн хуралдаанаар “Хангамжийн сүлжээний менежмент өсөж буй зах зээлд хэрхэн үйлчилгээ үзүүлэх вэ” малгай сэдвийн дор логистикийн бүхий л асуудлыг цогцоор нь хөндөн ярилцана. Гурав дахь өдөр нь “Бизнесийн менежмент-Монголын өөрчлөгдөж буй шинэ нөхцөлд хэрхэн дасан зохицох вэ” сэдвийн хүрээнд компанийн нийгмийн хариуцлага, боловсон хүчний менежмент гэх мэт олон асуудлаар ярилцах болно. Герман бол технологийн хөгжил, компанийн нийгмийн хариуцлага гээд олон зүйл дээр дэлхийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор ордог. Тиймээс дээрх сэдвүүдийн хүрээнд бидэнтэй харилцан ярилцах нь монголчуудад шинэ санаа өгөх, туршлага солилцох боломжийг олгож байгаа юм. Мөн энэ удаагийн арга хэмжээ хоёр орны бизнесийн салбар хоорондын харилцан хамтын ажиллагааг бий болгоход түлхүү анхаарах болно.

-Чуулга уулзалтад гадаад дотоодын нийт хэчнээн төлөөлөгч оролцох вэ?
-Германы 40 гаруй компанийн төлөөлөгч оролцохоор саналаа ирүүлсэн байгаа. Бидний сайн мэдэхээс “Audi”, “Siemens”, “ThyssenKrupp” зэрэг томоохон компаниудын төлөөлөл ирнэ. Дотоодын компаниудын хувьд яг өнөөдрийн байдлаар 600 гаруй хүн уг арга хэмжээнд оролцох саналаа ирүүлчихээд байна. Тиймээс гурван өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд өөртөө хэрэгтэй гэх салбар хуралдаанд ирэх боломжтой. Түүнчлэн уг хуралд манай төр засгийн төлөөл оролцоно. Мөн ХБНГУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал энэ үеэр таарч байгааг онцолмоор байна. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалт бүх талын байр суурийг харуулсан, хамтран зөвшилцсөн үр дүнтэй хурал болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Хурлын уриа товч тодорхой, үүрэг зорилгоо оновчтой тодорхойлсон сангадлаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бидний дэвшүүлсэн уриа “Харилцаа тогтооё, Харилцан суралцъя, Хамтдаа хөгжье” гэсэн байгаа. Яагаад энэ уриаг өгөх болсон гэхээр Германы компаниуд дэлхийд өөрийн гэсэн нэр хүнд, нүүр царайг хэдийнэ бий болгож чадсан. Тэр ч утгаараа олон улсад үлгэр жишээ болдог орны нэг. Тиймээс энэ хүчирхэг орны бизнесийн салбарыг өөрийн оронд авчрах харилцан хамтын ажиллагаа тогтоох, хамтдаа хөгжих боломжийг бий болгох үүднээс энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ зорилгынхоо хүрээнд уг уриаг өгсөн. Манай дотоодын компаниуд ч гэсэн өнөөдөр ямар хүчирхэг болж байгаа билээ. Тэр утгаараа бизнесийн шинэ түнштэй болох, мэдлэг туршлагаа хуваалцах хэрэгтэй.

-Герман улс Монгол орноос газар зүйн байршил холын хувьд бизнесийн хамтын ажиллагаа бий болгоход зарим талаар хүндрэлтэй байдаг гэдэг. Энэ талаар талууд ямар бодолтой байна вэ?
-Үнэхээр газар зүйн байршил хол, бизнесийн орчин ондоо гэх мэт асуудал хоёр орны хамтын ажиллагааг зарим талаар хойш татдаг. Дээрээс нь германчууд маш няхуур ард түмэн. Тэр утгаараа биднийг судлах, турших тал дээр ихээхэн цаг зарцуулах нь дамжиггүй. Түүнээс биш учиргүй өнөөдөр яриад маргааш манайд үйлдвэрээ барихгүй. Эхлээд танилцана тэгээд төлөөлөгчийн газраа байгуулна. Түүнийхээ дараа сургалтын төвөө нээх жишээтэй. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалтаар нэг талаар бид Германы томоохон компаниудын итгэлийг олох, өөрсдийнхөө нөөц бололцоог сайтар танилцуулах шаардлагатай. Энэ утгаараа манай хувийн хэвшлийнхэн санаачилгатай байх нь чухал. Хэрвээ харилцан ойлголцож, талууд нэг нэгэндээ таалагдвал эхний ээлжинд Хятадад байгаа Германы томоохон аж үйлдвэрийн салбаруудтай харилцаа тогтоож болох юм. Харин ГОУХАН Германы аж ахуйн нэгжүүдэд өөрсдийгөө үнэ төлбөргүй таниулан сурталчилах, мэдээллийн гарын авлага, бүтээгдэхүүний загвараа олон нийтэд түгээх, улмаар Монголын зах зээлд алхам алхамаар дөхөх боломжийг олгож байгаа.

-Манай улсын хувьд ирээдүйн хөгжлийнхөө хүрэх цэг, үлгэр жишээ болгодог улс бол яах аргагүй Герман. Тэр ч утгаараа тэдэнтэй хамтран ажиллах ашиг сонирхол өндөр байдаг. Тэгвэл германчууд биднийг ямар нүдээр хардаг бол.
-Манай улсыг хэрвээ уул уурхайн салбараас нь салгаад харвал аж үйлдвэрлэл, болоод техник технологийн салбарын хөгжил сул байдаг нь германчуудын итгэлийг алддаг. Гэхдээ уул уурхайтай холбоотой эдийн засгийн өндөр өсөлт, бусад салбараа дэмжих гэсэн хүсэл эрмэлзлэл нь тэднийг татах гол хүч болж байгаа. Тиймээс бид энэ итгэлийг л алдахгүй байх хэрэгтэй. Энэ удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар санал илгээхэд ихэнх нь татгалзаагүй. Харин ч хаанаас ямар хүн явуулах вэ, хэрхэн хамтран ажиллах зэрэгт ихээхэн анхаарал хандуулсан.

-Чуулга уулзалтын үеэр өөр ямар сонирхолтой үйл ажиллагаа байгаа вэ?
-Германы томоохон компаниудын үзэсгэлэн зохион байгуулагдана. Үзэсгэлэнд ихэвчлэн уул уурхайн техник хэрэгсэл болон бас бусад зүйлийг дэлгэн тавихаар байгаа. Мөн уулзалтын үеэр талуудад бизнесийн харилцаа холбоо тогтоох таатай орчинг бүрдүүлэх үүднээс VIP өрөө ашиглах, хурлын үеэр захиалга авах, утасгүй интернетэд холбогдох, орчуулагч гаргаж өгөх гээд олон үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ.

-Герман Монголын бизнесийн өдрүүдийг уламжлал болгон авч явах уу?
-Юутай ч энэ удаагийн уулзалтаа амжилттай зохион байгуулчихаад оролцогч талуудаас санал авах төлөвлөгөөтэй байна. Үнэхээр уламжлал болгон зохион байгуулах шаардлагатай гэж үзвэл татгалзах аргагүй.