Хариуцлагагүй салбарын балаг үргэлжилсээр

Улсын хэмжээнд 3000 орчим барилгын компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдал болон ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлээгүйгээс энэ салбарт осол, гэмтэл олноор гарах болсон. Нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр жил ирэх тутам баригдаж буй барилга байгууламжийн тоо нэмэгдэж, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо өссөөр. Тухайлбал, хоёр жилийн өмнө барилгын тусгай зөвшөөрөлтэй 2031 компани үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнгөрсөн онд 2633 болсон байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын дүнгээр жилд дунджаар 500 гаруй барилга байгууламж шинээр баригдаж буй судалгаа гарчээ. Тэгсэн хэр нь тус салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангахгүй байгаагаас хүний амьд явах. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг эрх ноцтой зөрчигдөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ гаргасан тайланд дурджээ.
Улсын хэмжээнд 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн амь насаа алдаж, 130 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Мөн 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан нь тус салбарт осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол буурахгүй байгааг харуулж буй аж. Тиймээс ХЭҮК өнгөрсөн онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран “Хурд групп”, “Гангар инвест”, “Тулга констракшн”, “Тайгам Алтай”, “Хасу цамхаг” компани болон барилгын төсөл хөтөлбөрт захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчээр оролцож буй 15 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Ингэхдээ ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг шалгасан аж. Харамсалтай нь, хариу нь тун тааруу гарч. Өөрөөр хэлбэл, барилгын төсөл, хөтөлбөрт оролцож буй аж ахуйн нэгж, байгууллага захиалагч ерөнхий гүйцэтгэгчтэй, ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч, бригад, хувь хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилладаг аж. Тэгэхдээ хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг захиалагч ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр зөвхөн гүйцэтгэгч тал дангаараа хариуцаж байж.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцийн 17 дугаар зүйлд нэг ажлын байранд үйл ажиллагаа зэрэг явуулж байгаа хоёр буюу түүнээс дээш байгууллага конвенцийн шаардлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ёстой гэж заажээ. Энэ нь манай улсын нэгдэн орсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 155 дугаар конвенц, 164 дүгээр зөвлөмжийг зөрчсөн явдал аж. Түүнчлэн манайхан барилгын туслах ажилтнаар энэ талын анхан шатны мэдэгдэхүүнгүй хүн авч ажиллуулдаг нь осол, гэмтэл гарах бас нэгэн шалтгаан болдог байна.
2013 оны байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах гэрчилгээг 47 байгууллагад олгожээ. Өнгөрсөн хугацаанд ийм сургалтыг нийт 22 удаа зохион байгуулж, салбарын 529 мэргэжилтнийг хамруулсан байна. Барилгын салбарт олон мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг учраас энэ тоо төдийлэн хангалтгүй. Компаниуд ч сургалтад хамрагдахдаа хойрго байгаа аж.
Цаашид энэ байдлыг давтахгүйн тулд тухайн ажлын байранд ажиллаж буй иргэн маш хариуцлагатай байх ёстойг Монголын барилгачдын холбооны төлөөлөл хэлж байна. Ингэж аль аль талдаа уялдаа холбоотой ажилласнаар барилгын салбарт гарах осол гэмтлийн тоо буурна гэж тэд үзэж буй аж.