Хариуцлагатай уул уурхай Монголд

Өнгө өнгийн цэцэг алагласан, уудам хөндий тал газар алсаас дурайх. Холын холд Монголын хөх уулс шиг уулан толгодууд харагдана. Тэрхүү ногоон талд ан амьтан амар тайван амьдрах нь байгаль дэлхийг улам чимжээ. Энэ зураглал бол АНУ-ын Денвер мужийн Wyoming хотын Powder голын хөндий. Харин тэр тал хөндийн хэвлий дэх байгалийн баялгийг хэдийнэ ухаад авчихсан гэсэн Peobody компанийн мэргэжилтнийн үгийг сонсоод бидний хэдэн сэтгүүлч дуу алдаж билээ. Газрын дор нуугдах баялгийг ухаж аваад нөхөн сэргээлтийг үнэхээр ийн хийдэг бол янз бүрийн санал гомдол юунд гарч, бас харуусал төрөх билээ гэж тэрхэн үед бодогдож байлаа. Монголчууд өнгөрсөн он жилүүдэд өвөг дээдсээс үлдээсэн баялгаа ашиглаж байна гээд газраа ухаж, сүйтгээд үзэсгэлэнт сайхан нутаг усаа бөмбөг дэлбэлсэн мэт болгож хаясан болохоор тэр. “Бид нөхөн сэргээлт хийхдээ тухайн газар нутгийг 100 хувь биш ч 90 гаруй хувийн хэмжээнд эргэн хэвэнд нь оруулж чаддаг гэж Peobody компанийн мэргэжилтэн тайлбарласан юм. Тэгвэл манайд 98 бүү хэл 50 хувьд хүрэхүйц нөхөн сэргээлт хийж чадаж байгаа бил үү.

Сүүлийн үед Монгол Улсад уул уурхай хурдацтай хөгжиж байгаатай уялдан хариуцлагатай уул уурхайн талаар ихэд ярих боллоо. Энэ бол дэвшил. Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ ч байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Талуудын эрх ашгийг тэгш хангах зорилготой Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ-аас хариуцлагатай уул уурхайн найман зарчимын хүрээнд шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, дөрвөн компани дээр туршиж эхлээд байгаа бөгөөд давуу болон сул талыг гаргаж ирсний дараа төрд тодорхой санал боловсруулж хүргэх аж. Олон улсад бол тогтвортой хөгжил, ил тод санаачлага гэсэн нэрээр байгууллагууд байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тиймээс гурван талын эрх ашгийг хамгаалсан төлөөлөл бүхий эднийх шиг байгууллага бусад оронд байдаггүй тул гадныхан ихээхэн сонирхож, үр дүн хэр байхаас шалтгаалан туршлага хуваалцах талаар ярьж байгаа аж. Мөн тус байгууллага орон нутаг болон нутгийн иргэдтэй харилцах анхдугаар чуулга уулзалтыг хийж, Австралийн Квийсландын их сургуультай хамтран хоёр ч сургалт зохион байгуулсан нь компаниудын хувьд ач холбогдолтой хариуцлагаа хэрхэн дээшлүүлэхэд мэдлэг өгсөн арга хэмжээ болжээ.

Хариуцлагатай уул уурхай гэхээр зөвхөн байгаль орчны асуудал биш аж. Бүх оролцогч талуудын, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурлаж, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол Улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай гэнэ хэмээн тодорхойлжээ. Яг энэ тодорхойлолт өнгөрсөн хугацааны манай уул уурхайн салбарын үйл ажиллагаатай төдийлөн нийцэхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас олон аймгийн газар нутаг сүйтгэгдэж, ард иргэд хохирч үлдсэн нь нууц биш. Нэгэн үе орон нутгийнхан уул уурхайн компаниудыг үйл ажиллагаа явуулахад нь ихээхэн хүндрэл учруулж, дарамталдаг, мөнгө төгрөг нэхдэг, орон нутгийн захиргаанаас нь зөвшөөрөл олгодоггүй зэрэг асуудал байнга гаргадаг байлаа. Энэ тухай тус салбарын бизнес эрхлэгчид төрийн түшээдэд хандан гомдоллох нь цөөнгүй байв. Нөгөө талаар компаниудын зүгээс байгаль орчны менежмент хэрэгжүүлдэггүй, тайлан тэнцлээ үнэн зөвөөр гаргадаггүй, хүлээх хариуцлага сул, байгаль хамгаалах чиглэлд ямар ч ажил хийлгүй байгаль орчны байцаагчдыг нүд хуурсан бичиг цаасаар аргалж өнгөрөөх байдал газар авсан байсан. Харин төрийн хувьд хууль дүрмээ боловсронгуй болгож, чанд мөрдүүлэх, мөн аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөрсгөх талаас туйлын хангалтгүй ажиллаж ирсэн. Өнөөдөр 50-250 мянган төгрөгийн торгууль уул уурхайн компаниудад дэндүү инээдэмтэй биш гэж үү. Гэтэл тэд дээрхээс хэд дахин илүүгээр байгаль дэлхийг хохироосоор байдаг шүү дээ.

Уг нь хариуцлагатай уул уурхайн зарчмаар бол олон талын оролцоог хангаж, эхнээсээ л биенээ ойлгож, дэмжиж ажиллавал илүү амжилтад хүрдэг гэдгийг Австралийн Квийнсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэнгийн Уул уурхайн нийгмийн хариуцлагын төвийн захирал Дэвид Бреретон ярьж байна.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө тухайн бүс нутагт байгаль орчны үнэлгээг нарийн сайн хийлгэж, мөн төртэй хамтарч ажиллахын зэрэгцээ орон нутгийн иргэдтэй хэл амаа ололцож ажиллавал дараа нь ямар нэг бэрхшээл гараад байхгүй аж. Төрийн зүгээс нутгийн иргэдийн оролцоо ямар байх, тухайлбал, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, нөхөн сэргээлтэд хэрхэн оролцох чиглэлээр хуульчилж өгвөл асуудал илүү тодорхой болно гэж байгаль орчны мэргэжилтнүүд үздэг. Уул уурхай өндөр хөгжсөн орнуудын иргэдийн уул уурхайн талаарх мэдлэг боловсрол өндөр учраас хэл ам гараад байдаггүй, нөгөө талаар компаниуд нь үйл ажиллагаагаа эхнээс нь хуулийн хүрээнд олон нийтэд ил тод мэдээлэл өгч ажилладаг байна. Мөн бусад оронд жижиг, том гэлтгүй уул уурхайн чиглэлийн бүх компани байгаль орчин хариуцсан газар, хэлтэс, мэргэжилтэнтэй байдаг аж. Тэр мэргэжилтэн нь байгаль орчны тодорхой төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг байгууллагаасаа гаргуулж ажилладаг туршлага дэлхийд түгээмэл гэнэ.

Харин сүүлийн жилүүдэд манай томоохон аж ахуйн нэгжүүд байгаль орчны мэргэжилтэнтэй болж, томоохон компаниуд нь олон хүний бүрэлдэхүүнтэй газар, хэлтэс байгуулж ажиллаж байгаа нь сайшаалтай.

Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлөөс орж ирэх мөнгийг улс орны хөгжил болон ард иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэхэд зарцуулах талаар ярихаас гадна байгаль орчны ирээдүйн нөлөөллийг одооноос харж, зөв зохистой бодлого явуулж ажиллахад хариуцлагатай уул уурхайн талуудын оролцоо хамгаас чухал юм гэдгийг эцэст нь тэмдэглэе.