“Хар алт”-ны ханш тэнгэрт хадлаа

Газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 30 орчим хувиар нэмэгджээ. Манай импортын 25 гаруй хувийг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны үнэ нэг хувиар өсөхөд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 0.1 хувиар буурна гэсэн тойм тооцоо ч байдаг. Гэтэл баррель нефтийн ханш 100 ам.долларт хүрсэн нь түлш, шатахууны хэрэгцээгээ 100 хувь гаднаас хангадаг монголчуудын хувьд таатай мэдээ лав биш.
WTI маркийн баррель нефтийн ханш өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хугацаанд 16.8 хувиар огцом өсч, 99 ам.доллараас давсныг хүснэгтээс харна уу. Энэ нь дэлхийн зах зээлд газрын тосны хомсдол бий болж байгаатай холбоотойг мэргэжилтнүүд тайлбарлав.
Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн тооцоолсноор 2011 онд нефтийн хэрэглээ өдрийн 1.5 сая баррелиар буюу 1.7 хувиар нэмэгдэж, 89.3 сая баррельд хүрэхээр байна. АНУ-ын эдийн засаг сэргэж, Азийн орнуудын хэрэглээ мэдэгдэхүйц өсөхөөр байгааг тус агентлагийн шинжээчид анхааруулжээ.

Гэтэл ОПЕК буюу нефть экспортлогчдын холбоо олборлолтоо нэмээд нэмээд 29.8 сая баррельд л хүргэж байгаа юм. “Дайран дээр давс” гэгчээр Ойрх Дорнодын үймээн, Японы гамшиг “хар алт”-ны үнэ улам өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлав. Газрын тосны үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохидог Ливи улсад нефть олборлолтын хэмжээ огцом буурчээ. Энэ тухай Ливийн төрийн өмчит Үндэсний газрын тосны корпорацийн захирал Шокри Ганем мэдэгдсэн байна.

ОУЭХА-ийн үзэж буйгаар 2013 онд нефтийн үнэ санхүү, эдийн засгийн хямралаас өмнө тогтоосон рекордоо эвдэж магадгүй аж. Баррель нь 147 ам.доллараас давах хандлагатай гэсэн үг. Ер нь цөөнгүй судлаач 2015 он гэхэд эрчим хүчний хямрал болно хэмээн таамаглаж байгааг сануулах юун. Тэр хүртэл ч хол байна гээд тайван сууж болох ч өдрөөс өдөрт өсч байгаа газрын тосны үнэ түгшүүр зарлаж байна. Гэтэл монголчуудын түлш, шатахууны хэрэглээ улам нэмэгдсээр. 2003 онд бид 441 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолж байсан бол эдүгээ энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдээд буй. За тэгээд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ улам л өсөх төлөвтэй. Хамгийн “даруухнаар” бодоход л 2012 онд 1.1, 2015 он гэхэд 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Түлш, шатахуун нь стратегийн чухал ач холбогдол бүхий эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч бүтээгдэхүүний нэг билээ. “Монголчууд болж өгвөл дотоодын хэрэгцээнийхээ 50 хувийг, болохгүй бол ядахдаа 30 хувийг өөрсдөө хангах хэрэгтэй” хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Ганбаатар онцолж байв.