Хар нуур, Мухартын голыг аврах төсөл

Sarangerel
2024-09-17 11:21:36
Ангилал: Эдийн засаг

“Хар нуур-Үндэсний парк” нь Монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн хүмүүс, холбоодын хамтран хийсэн төсөл юм. Нийтдээ 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Монголынхоо нэгэн үзэсгэлэнт газрыг түшиглэн дэлхийд гайхуулах хэмжээний үндэсний паркийг байгуулах том мөрөөдлийг тархиндаа суулгаад ТЭЗҮ-г хийхээр ханцуй шамлан орцгоожээ. ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг макро, микро орчны шинжилгээ, Завхан аймгийн удирдлага, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, орон нутгийн иргэд болон менежментийн судлаачид, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн түвшний уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлагуудыг өргөнөөр зохион байгуулсан. Энэ нь талуудын оролцоог хангах зорилготой. ТЭЗҮ боловсруулах үйл ажиллагаанд “Natural Sustainable” ХХК, Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэн, Удирдлагын Академи, ХААИС, МУИС, Идэр Их Сургууль, Бүс нутгийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Инженер Геодези ХХК, “Монгол төрх ландшафт” ХХК, “УРВД” консалтинг зэрэг компани оролцсон байна.

“Хар нуур-Үндэсний Парк” ТЭЗҮ нь нийт 2025 хуудаснаас бүрдэх бөгөөд 59 бүлэг, 300 дэд бүлэг, 1312 хүснэгт, 501 зураг, 156 график материал бүхий ажилбаруудаас бүрдсэн мега хэмжээний төсөл болжээ. / “Монголчууддаа жишиг болгосон сайн төсөл хийе гэж зорьсон. Үнэхээр сэтгэлээ гаргаж ажиллая гэж манай багийнхан тохиролцсон” гэж Удирдлагын академийн багш, Менежментийн үндэсний зөвлөх, “Хар нуур-Үндэсний Парк” төслийн удирдагч Ц.Өнөржаргал ярьжээ. Харин Төслийн зөвлөх, Монгол Улсын гавьяат багш, доктор профессор, Удирдлагын Академийн багш, Я.Шуурав “Төслийн ТЭЗҮ-д түүний алсын харааг, тогтвортой хөгжлийн болон “Алсын хараа-2050” баримт бичгийн үзэл баримтлалтай уялдуулсан, “Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үндэсний парк байгуулах” гэж тодорхойлоод түүнээс ургуулан төсөл (Үндэсний парк)- ийн зорилго, үнэт зүйл, зорилтууд, үйл ажиллагааны үнэ цэнийг нарийвчлан томьёолжээ.

Мөн ТЭЗҮ-д төслийн 25 нэрийн бүтээгдэхүүнийг нэгбүрчлэн зураглаж, хүлээгдэж буй үр дүн, төсөл хэрэгжүүлэх хугацаа, бүтээгдэхүүн тус бүрийн болон нийт хөрөнгө оруулалт, түүний үр ашгийг тооцоолж, ТЭЗҮ хэрэгжүүлэх үеийн бодлого, төлөвлөлтийн асуудлуудыг авч үзсэн нь аливаа ТЭЗҮ-д тавигддаг нийтлэг болон үндсэн шалгуурыг хангахаар болжээ” хэмээн дүгнэсэн байна. Манай улсын хувьд аялал жуулчлал нь уул уурхай, хөдөө аж ахуйн дараа орох эдийн засгийн гуравдагч том салбар болох ирээдүйтэй салбар юм. Мөн эдийн засгийн бусад салбартай нягт уялдаатайгаар тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх хамгийн боломжтой. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зорилтын хүрээнд “Монгол Улс нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болно” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ хүрээнд Засгийн газраас 2023-2025 онуудыг Монголд зочлох жилээр зарлаж, аялал жуулчлалын тухай хуулийг батлан гаргаж, аялал жуулчлалын салбараа хууль эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллаж байна.

“Хар нуур-Үндэсний Парк” ТЭЗҮ нь нийт 2025 хуудаснаас бүрдэх бөгөөд 59 бүлэг, 300 дэд бүлэг, 1312 хүснэгт, 501 зураг, 156 график материал бүхий ажилбаруудаас бүрдэнэ.

Мөн Ковид цар тахлаас хойш дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагад томоохон өөрчлөлт гарч, олон улсын жуулчид онгон дагшин байгальтай, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал бүхий улс орон руу аялах сонирхолтой болсныг мэргэжилтнүүд ярьсаар байна. Дэлхийн жуулчдын энэ шинэ хандлагад Монгол орон яг таг нийцэж буй учраас олон улсын мэдээллийн агентлагууд дэлхийн жуулчдын аялахад тохиромжтой 10 улсын нэгээр Монгол Улсыг байнга нэрлэсээр байна. Төв суурин газраас залхсан дэлхийн жуулчдын энэ хандлага цаашид ч үргэлжлэх бөгөөд нүүдэлчин соёл, үзэсгэлэнт байгальтай Монгол Улс дэлхийн анхаарлын төвд улам илүүтэй орсоор байх нь тодорхой юм. Тиймээс бид саваа бэлдэх ёстой. Монгол Улсын хувьд жуулчдын зорьдог цөөн бүс бий. Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймаг гэх мэт. Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчид баруун бүс нутагт аялахыг илүүд чухалчилдаг болсон билээ. Үүний нэг нь Завхан аймаг юм. 2023 оны жилийн эцсийн байдлаар Завхан аймагт дотоодын 65601, гадаадын 11467 нийт 77068 жуулчин аялжээ.

Завхан аймгийн хувьд аялал жуулчлал хөгжих байгалийн өгөгдэлтэй нутаг. Хангай, говь, тал хээр гэсэн байгалийн бүх бүтэц нэг аймагт хослон байдаг нь Завхан билээ. Аялал жуулчлал сайн хөгжөөгүй, дэд бүтэц сул, ард иргэдийн аялал жуулчлалын талаарх ойлголт нимгэн байдаг нь харин өнөөдөр давуу тал болох юм. Завхан аймаг эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаагаар ч аймгууд дундаа хойгуур байруудад ордог. Энэ нь газар нутгийн байршил буюу өндөр уул нуруу, даваа гүвээдтэй, мөн гол мөрөн олон байдагтай холбоотой. Харин энэ бүхэн өнөөдөр аялал жуулчлалын хувьд жинхэнэ боломж гэж харагдаж байна. Тиймээс Завхан аймгийн эдийн засгийн хөгжлийн гарц бол  аялал жуулчлал юм. Үүнийг тус аймгийн үе үеийн удирдлагууд нь “ногоон аймаг” гэж тодорхойлж ирснээс харж болно. Гэхдээ ийн нэрлэчихээд аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлд дорвитой бодлого явуулж, бодит алхам хийх талд учир дутагдалтай явж иржээ. Үүнд “Хар нуур-Үндэсний парк” төслийг онцлон хэлэхийг хүсч байна. Энэ бол Завхан аймгийг хөгжүүлэх, улмаар баруун бүсийн аялал жуулчлалын тулгуур эдийн засгийн төв болж чадах хэмжээний зорилгыг агуулсан, дөрвөн жилийн өмнө боловсруулж, ТЭЗҮ нь бэлэн болчихсон төсөл юм. Харин өдгөө энэхүү төслийг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах цаг иржээ. Тус төсөл орон нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх гол зорилготой. Мөн Улаагчны Хар нуур дээр түшиглэн дагуул маршрутуудыг хөгжүүлэх замаар Завхан аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг цогцоор харсан төсөл ажээ. Тухайлбал, тус төсөлд аймгийн олон сумын нутаг дэвсгэр дэх байгалийн үзэсгэлэнт газрыг хамарсан 6 дагуул маршрутыг хөгжүүлэхээр тусгасан байна.

2018 он “Nomadic by Nature-Eco Zavkhan” хөтөлбөр боловсруулсан

2019 он “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийг эхлүүлсэн

2020 он “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийн ТЭЗҮ-г хийсэн

2020 он Завхан аймгийн ИТХ-аар “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийг хэрэгжүүлэхээр баталсан

Аялал жуулчлалын 25 бүтээгдэхүүнийг бий болгож, дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын туршлагыг энэ бүс нутагт нэвтрүүлэн хөгжүүлэх том зорилтыг дэвшүүлжээ. Завхан аймаг үзэсгэлэнт байгаль, уул ус, нуур, ховор ан амьтан, шувуудтай. Хангай, говь, тал хээр хосолмол байгалийн бүтэцтэй. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалсаар яваа малчид нь байна. Жуулчдын дурсамж бүтээх дуртай тэмээ, морь, сарлаг нь байна. Дэлхийд ховордсон тахь нь байна. Завхан аймаг энэ байгалийн нөөц дээрээ түшиглэн дэлхийд гайхуулсан аялал жуулчлалын цогц байгууламж барьж яагаад болохгүй гэж. Бид улс орныхоо ирээдүйг томоор харж, өргөн хүрээнд сэтгэж ажиллаж, амьдрах цаг ирсэн. Жалга довны үзлээсээ, улстөржилтөөсөө, хэдэн гэр бариад аялал жуулчлал хийж байна гэдэг бодлоосоо салах цаг болсон. Өвөг дээдэс минь бидэнд өгөгдөл, өв соёл, арвин түүхийг үлдээсэн. Бид одоо харин тэрхүү өвийг эдийн засгийн өргөн агуулгаар харж хөгжүүлж, улс орноо, аймгаа, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. Үүнд “Хар нуур-Үндэсний парк” төсөл том үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүдийн хэлж буйг энд дахин давтан онцлон тэмдэглэе. Төслийн хамгийн эхний зорилго Хар нуур, Мухартын голыг хамгаалахад чиглэжээ гэж үзэж байна. Өнөөдөр тус газарт дотоодын олон аялагч, иргэд очиж, дуртай газраа байрлаж, хог бий болгож, байгалийг бохирдуулсаар байна. Компани, хувь хүмүүс дуртай газраа кэмп нэрийдлээр гэр барьж, үйл ажиллагаа явуулж байна.

Цэлэлзэн мэлтийх нуурын хөвөө, орчин тойрон хүмүүсийн хөлддарагдаж, өтгөн шингэний үүр болж байна. Хамгийн сэтгэл эмзэглүүлэм асуудал бол нуур бохирдох аюул тулгарч, нуураас холгүй орших Мухартын голын ус татарч эхэлсэн явдал гэж нутгийнхан халаглан ярьж байна. Энэ бүхэн юутай холбоотой вэ гэхээр тусгай хамгаалалттай энэ газарт төрийн бодлого, хөгжлийн стандарт байхгүйтэй холбоотой. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж болдог хуулийн үндэслэл бий. Гэхдээ аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай стандарт, тогтсон дүрэм журам байхгүй байгаа нь гол асуудал болжээ. Эх орны аль ч газар, хаана ч иргэд аялах амрах эрхтэй. Харин төр засаг энэ эрхийг нь байгалиа хамгаалах байдлаар стандартжуулан хөгжүүлэх ёстой. Ийм стандарт байхгүйгээс Хар нуур нь Өгий нуур шиг жил бүрийн зун олны хөлд дарагдаж, бохирдох дээрээ тулсан байна. Энэ бол зөвхөн нутгийнхны сэтгэл эмзэглэх бус Монгол Улсын асуудал гэж харж байна. Тиймээс Хар нуурыг аврах гарц шийдэл нь энэ төсөл юм байна гэж дүгнэж байна.

“Хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаараас 2024.09 сар