Хар усыг харамлая

Монголчууд тоо бодож сурах хэрэгтэй юм болов уу. Хэрэв тоо бодож чаддаг байсан бол бид Төв цэвэрлэх байгууламжаа Туул усан цогцолбортой нь бариад, Орхон, Хэрлэнгээс Говь руу шугам татаад эхэлчихсэн, гадаргын ус, саарал усыг ашигладаг болсон байх ёстой. Гэвч бид дараах тоонуудыг нэг л сайн ойлгохгүй байгаа бололтой.

Монгол Улс цэвэр усны нөөцөөр 145 орноос 121 дүгээрт ордог. Нийт усны нөөцийн хоёрхон хувь нь газрын гүний ус. Харин нийт хэрэглээний 80 хувийг газрын гүний уснаас авдаг. Улаанбаатарчууд бүр 99 хувийн хэрэгцээгээ зөвхөн газрын гүнээс хангадаг.

Эрдэмтдийн тооцоолсноор 2020 он гэхэд нийслэлчүүд усны хомсдол орж, цэвэр усаар цангаж эхэлнэ. Уул уурхай, газар тариалан хөгжиж, хүн амын хэрэглээ нэмэгдэхний хэрээр ойрын 10-20 жилд усны нийт хэрэглээ 3-4 дахин ихэснэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн Хэрлэн голыг аврах “баатарлаг” тэмцэл өрнүүлж байсан. Нийтэд нь аваад үзвэл бид жилд 10 орчим шоо км усыг байгалиас авах эрхтэй. Гэхдээ тэрхүү 10 км/куб усны ердөө долоон хувь нь говьд бий. Гэвч Оюутолгой, Тавантолгой, Цагаан Суваргын ордоос эхлээд монголчуудын эрдэнэсийн сангууд говийн бүсэд олдсон. Эдгээр баялгийг олборлож, үнэд хүргэхэд ус хамгийн хэрэгтэй. Тэртэй тэргүй дундарч буй говийн бүсийн газрын гүний усаар хүдэр угааж буй нь хайран. Тиймээс усны өөр эх үүсвэртэй болох ёстой. Хамгийн боломжит хувилбар нь Орхон, Хэрлэн зэрэг томоохон голын урсгалаас тухайн голын усны түвшин, экосистемд хохирол учруулахгүйгээр усан сан байгуулж, хуримтлуулсан усаа говийн бүс рүү хүргэх.

Жишээ нь, Хэрлэн голын усны өчүүхэн хэсгийг говь руу урсгах төсөл байсан юм. Үүний үр өгөөжийг нотлох бэлээхэн техникийн тооцоо бий. Орхон голыг аваад үзье. Хэрэв секундэд урсах усны метр кубээр яривал Орхон голын урсац ойролцоогоор 44 метр/куб/секунд байдаг. Харин говь руу татсан сувгаар урсах ус хоёр м/к/секунд байна. Ингэхээр нийт урсацын ердөө 4-5 хувийг ашиглах болно. Ямар ч ашиглалтгүй гадагшаа урсаад гарчихдаг гадаргын усыг энэ хэмжээнд ашиглахад ямар ч нөлөө байхгүй гэж “Престиж Инженеринг” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ш.Ганзориг хэлж байна.

Дэлхийн олон оронд гадаргын усыг хуримтлуулдаг том усан сангууд байдаг. ОХУ-д л гэхэд томоохон голуудад түшиглүүлэн барьсан усан цогцолборууд бий. Эдгээр усан сан тухайн голын хэвийн урсацаас ус авч хуримтлуулдаггүй, гол үерлэж илүүдэл ус бий болох үед л тэрийг нь хураадаг урсацын тохиргоотой. Хураасан илүүдэл усаа газар тариалангийн талбай, ногоон байгууламж услах гээд төрөл бүрийн зорилгоор ашигладаг. Түүнчлэн том усан сан бүрдүүлснээр нийслэлийн бүсэд ууршил, зөөлрөл, чийгшил бий болж утаа, тоос ч багасах юм.

2014 онд Монголын усны салбарын хэдэн мэргэжилтэн Малайзад болсон Усны экспод оролцохдоо малайчууд борооны усыг хэрхэн хуримтлуулж ахуйн хэрэглээндээ ашигладаг, ямар ч амтгүй гэж болохоор цэвэр усыг ямар өндөр үнээр худалдаж авдгийг хараад өрөвдсөн гэдэг.

Монголын хэрэглэгчид америкчуудаас 24 дахин, Японоос 30 дахин, Германаас 35 дахин бага мөнгийг усны хэрэглээндээ төлдөг. Уул уурхай, үйлдвэр, газар тариаланд ашигласан усныхаа тонн тутамж 11 хэн цент төлдөг. Гэвч “усны бослого”-оос эмээж өдий болтол усны үнийг байх ёстой хэмжээд нь хүртэл өсгөх зоригтой Засгийн газар гарч ирсэнгүй.