Хар ус харамладаг болъё

Усгүй бол амьдрал үгүй. Ямар ч үнэтэй эд хөрөнгө, материаллаг зүйлс байлаа ч хүн төрөлхтнийг ундаалах чандмань эрдэнэгүй болсон цагт дэлхий ертөнц мөхнө. Тиймээс өдөр ирэх тусам нөөц нь багасч буй усаа хайрлах шаардлага хүн бүхний өмнө тулгараад байна. Манай улс усны замбараагүй хэрэглээтэй. Энэ хэрэглээгээ танаж, ариг гамтай ашиглахгүй бол Сингапурчууд шиг цэвэр усаа гадаадаас импортолж авах аюул ойрхон бий.
Монголчууд хар ус харамладаггүй гэдэг. Тэр хэрээр усыг хайрлах, үнэлэх ойлголт бидэнд суугаагүй гэж хэлж болох. Дэлхий ертөнц даяаршиж буй энэ үед манайхан энэ сэтгэхүйгээс салах ёстойг харуулж байна. Учир нь, 2020 он гэхэд манай улсын ундны усны нөөц хэд дахин багасах судалгаа гарсныг мэргэжилтнүүд ярьдаг. Тиймээс одооноос тооцоо судалгаатай хандахыг энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид хэлж байна. Манай улсад усны нөөцийн судалгаа мониторинг одоо хүртэл байдаггүй аж. Газрын доорх гүний буюу байгалийн усны нөөц уул уурхайд ашиглахад хүрэлцээтэй эсэх нь ч тодорхойгүй. Гэтэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд гүний усыг хайр гамгүй ашиглаж байна. Уг нь, тухайн газар нутгийн хөрсийг шим тэжээлээр хангах хэмжээний усыг үлдээх ёстой байдаг аж. Энэ байдал уул уурхайд цэвэр ус ашиглах эсэхийг төрийн бодлогоор зохицуулагдах ёстойг илтгэнэ
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Усны мониторингийн хэлтсийн дарга н.Мөнх-Эрдэм “Ус төрийн мэдэлд байх ёстой онцгой бүтээгдэхүүн. Тиймээс энэ чиглэлийн байгууллагууд ч онцгой мэдэлтэй баймаар. Одоо аймаг, сум бүр өөр өөрсдийн усны бодлогоор явж байна. Үүнийг зогсоож, усны онцгой эрхтэй байгууллага орон нутагт очиж ажиллан төрийн бодлого шийдвэрийн дагуу ажиллаж буй эсэхийг хянаж, үүрэг өгдөг болмоор байна. Ийм байгууллагагүйгээс аймгийн удирдлагууд төрийн хуулиас давсан тогтоол гаргаж байна. Үүнд Өмнөговь аймгийг нэрлэж болно” гэв.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа буюу Мандал сум ундны усны нөөцгүй болж буй аж. Тэд “Спирт бал бурам” компанийн өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцөөс усаа авч хэрэглэж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, хүн амын ундны усны асуудлыг төсвийн хөрөнгөөр шийддэггүй нь олон сумыг усаа өндөр үнээр хэрэглэхэд хүргээд буй. Мөн өөрийн хөрөнгөөр хайгуул хийж гаргасан нөөцийг тухайн байгууллага давуу эрхтэйгээр эдэлдэг байдлыг хуулиар зохицуулах шаардлагатайг Мөнх-Эрдэм дарга яриандаа онцолсон. Усны салбар улсын төсвөөс хамгийн бага хөрөнгө оруулалт авдаг аж. Үүнийг нэмэх шаардлага бийг ч хэлсэн. Энэ жил анх удаа ус ашигласны төлбөрөөс 40 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ. Уг мөнгийг Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан ашиглахаар болсон байна. Цаашид энэ салбараас орж буй мөнгийг буцаагаад өөрсдөд нь зарцуулж, хөгжүүлэх хэрэгтэй болжээ. Тэгэхгүй бол төсвийн эрх орон нутагт очсон гэдгээр далимдуулан байгаль орчин тэр дундаа устай холбоотой олон чухал шийдвэрийг тухайн аймаг, сумын удирдлагууд дур мэдэн гаргаад буй аж. Энэ нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ажилд чөдөр тушаа болох нь түгээмэл гэх.
Нэгэнт усны асуудлыг хөндөн бичиж буйгийнх энэ чиглэлийн хууль эрхзүйн орчинг дурдалгүй өнгөрч болохгүй нь. Одоо энэ салбарт Усны тухай болон Хот суурин ус хангамж ариутгах татуургын тухай хууль үйлчилж байна. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах нь тэнцвэртэй байх ёстой аж. Гэтэл дээрх хуулиудад энэ талаарх заалт өрөөсгөл тусжээ. Тиймээс үүнийг нэгтгэвэл ашиглалт хамгаалалт нь цогц болж, жинхэнэ утгаараа хэрэгжих үндэстэй аж. Түүнчлэн 2012 онд Байгаль орчны багц хууль батлагдсан. Үүнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль багтаж байгаа. Энэ хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд бас л учир дутагдал буй гэсэн. Тухайлбал, хуульд иргэн, аж ахуйн нэгж бүр ус бохирдуулагч байна гэж заажээ. Тэгэхээр аль нэг сумаас 20-30 км-ийн зайд орших малчин Дорж ялихгүй зүйлээс болж ус бохирдуулсан байвал байгаль хамгаалагч нь очиж торгож таарах нь. Түүнийг ус бохирдуулсан гэдгийг хэн нотлох, яаж хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй байхад торгох боломжгүй. Дээрээс нь хэн гол ус бохирдуулж байна гээд хянаад шалгаад явах цаг зав, хөрөнгө ч байгаль хамгаалагч болон улсын төсөвт байхгүй. Тэгэхээр одоо яах вэ. Хятад, Хонконгод ус зөвшөөрөгдөх хэмжээнээс бохирдсон эсэхийг хардаг юм байна. Хэрэв стандартад заасан хэмжээнээс илүү бохирдсон байвал ус бохирдуулсны төлбөрийг 2-3 дахин нэмж төлүүлдэг аж. Манайд ийм торгуулийн систем хуульд туссан ч төдийлэн хэрэгжихгүй байгаа. Мэдээж батлагдаад жил гаруйхан болж буй хуульд өөрчлөлт оруулах хэцүү. Тиймээс дагаж мөрдөх журмаа сайн гаргах шаардлага байна
Манайхан саарал усыг эргэлтэд оруулж, дахин ашиглах талаар ярьдаг. Гэтэл дахин ашиглах гэхээр ус боловсруулах үйлдвэр байхгүй. Одоогийн тоног төхөөрөмжөөрөө эргэлтэд оруулбал цэвэр ус хэрэглэснээс гурав дахин илүү зардал гарах тооцоог мэргэжилтнүүд хийжээ. Тиймээс нэн түрүүнд ийм үйлдвэртэй болох. Үйлдвэр ашиглалтад орох хүртэл цэвэр усаа ариг гамтай хэрэглэх сэтгэлгээг хүн бүрийн тархинд “тарих нь” чухал болоод байна.