Пайпэр Энн Уинд Кэмбэлл: Тоглоомын дүрмээ амархан өөрчлөөд байдаггүй орнуудад л хөрөнгө оруулах хүсэлтэй
Бид алдаанаасаа суралцаж чадсан
Манай улсын компаниудын хувьд хахууль өгч, авлигын хэрэгтэй ямар нэг байдлаар хутгалдах нь хууль бус. Америкийн компаниудын энэхүү ёс зүйн хэм хэмжээ нь хэлэлцээрийн ширээн дээр гаргаж тавих хамгийн чухал хүчин зүйлийн нэг. Гадаад харилцааны албаны ахлах ажилтан байсан Пайпэр Энн Уинд Кэмбэллийг АНУ-ын Ерөнхийлөгч Обама Монгол Улсад суух Элчин сайдаар нэрийг нь дэвшүүлж, Сенат баталсны дараа тэрбээр 2012 оны наймдугаар сарын 6-нд тангараг өргөж, Монголыг зорьжээ. Хатагтай Кэмбэлл 2011 оны зургадугаар сараас өнгөрсөн оны мөн хугацааг хүртэл Өмнөд Иракт АНУ-ын Засгийн газрын Иргэний ахлах төлөөлөгчөөр ажиллаж, мөн оны долдугаар сард Басра хотод АНУ-ын Ерөнхий консулын газрыг анх нээж байжээ.
Монгол Улсын гуравдагч хөрш, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болох АНУ-ыг төлөөлөн манай улсад суугаа Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг “Mongolian Economy” сэтгүүл энэ удаад “Элчин сайд” буландаа урин ярилцлаа.
-Монголд ажиллах хүсэлтийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Гадаад хэрэг хариуцсан албанд ажиллаад 24 жил болжээ. Таны хэлсэнчлэн би амьдралынхаа сүүлийн 10 жилийг Ирак, Афганистан тэргүүтэй эрсдэл өндөртэй орнуудад өнгөрүүлсэн. Монголд ирэх болсон нь ч үүнтэй холбоотой. Орчноо ялимгүй өөрчлөхийг хүссэн ч түүний зэрэгцээ зөрчил мөргөлдөөнт орнуудаас хуримтлуулсан туршлагаа өөр орчин нөхцөлд ашиглахыг хүссэн юм. Ажлын гараагаа эхлэх үедээ амьдралынхаа дийлэнх хугацаанд Азид дипломатчаар ажиллана гэж боддог байлаа.
Үүний зэрэгцээ зөрчилдөөнт талбарт ажиллах сонирхолдоо хөтлөгдөх болсон л доо. Гэвч Азид эргэн ирж, өөриймсөг санагддаг бүс нутгийн асуудлуудад анхаарал тавих нь миний хувьд чухал байсан. Харилцаа гэдэг зүйлийг зохицуулах тал дээр сөргөлдөөнт бүс нутгууд надад ихийг заасан.
-Монгол болон АНУ-ын харилцаа аль зүгт явж байна вэ?
-Хоёр орны харилцаа өргөн хүрээнд, гүнзгийрч буй. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд анхны айлчлалаа АНУ болон Канадад хийсэн явдлыг талархан хүлээж авсан. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Билл Бюрнс Монголд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хуралд оролцлоо. Мөн бидний соёлын хүрээн дэх хамтын ажиллагаа балар эртний түүхэн олдвор болох Триннозавр Батаарыг эргүүлэн авах тал дээр амжилттай хамтран ажиллаж байгааг жишээ болгож хэлмээр байна. Орчин үеийн түүх, соёл хүртэлх олон талаар хамтран ажиллаж буй.
Мөн 2008 оны долоодугаар сарын 1-ний үеэрх галд өртсөн зарим уран зургийг сэргээн засварлах ажилд Монгол болон АНУ-ын мэргэжилтнүүд хамтарч ур чадвар, тоног төхөөрөмжийн хувьд туршлага солилцож байна. Түүх соёлын хүрээнд хоёр орны харилцаа балар эртний үеэс өнөөг хүртэлх өргөн хүрээнд тэлж байгааг харахад таатай байна. Хоёр орны харилцаа эхний 25 жилийн хугацаанд хөгжлийн туслалцаанд суурилж байсан бол өнөөдөр бид эдийн засаг, худалдааны салбар дахь түншлэлийн хүрээнд харилцаагаа өргөжүүлэхийг илүүтэй сонирхох болсон. Харилцаа хамтын ажиллагааны хүрээнд аль ч талаас нь харсан Монголын эдийн засгийн хөгжил, өөрчлөлтийн нөлөөлөл их байгаа бол нөгөө талаас АНУ-ын бүсээ чангалж буй үйл явц ч тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа юм.
-Тэгвэл хоёр орны худалдаа ямар түвшинд явж байна вэ. Тодорхой өсөлтөө хадгалаад явж байна уу эсвэл гадаадын хөрөнгө оруулалт Монголоос дайжихад хүргэсэн улс төрийн тодорхойгүй байдлаас үүдэн буурах хандлагатай байна уу?
-Худалдааны хувьд өнгөрсөн хоёр жилийн турш тасралтгүй өсч байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 17 болон 12 хувийн өсөлтийг Монголын эдийн засагт авчирсан гол хүчин зүйл нь Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг бид мэдэж байгаа. Үүнийг дагаад хоёр орны худалдаа ч чамгүй өссөн. Бидний зүгээс дээрх өсөлтийн хандлага үргэлжилнэ гэж найдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид өдийг хүртэл Монголын талаар сайн муу мэдээллийг авдаг. Үүнтэй зэрэгцэн Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх тал дээр идэвхийлэн ажиллаж буй талаарх эерэг мэдээллийг тэд сонсож байна. Гэсэн ч хөрөнгө оруулагчид Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт орох эсэхийг анхааралтай ажиж бас хүлээж байгаа нь илт байгаа юм.
Мөн Ашигт малтмалын хуулийг ч дахин хэлэлцэж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд нийцсэн зөв суурийг тавьж өгнө гэж итгэж байна.
Америкийн болон олон улсын компаниудын хувьд тааварлахуйц хэмжээнд тодорхой, ил тод нээлттэй байдал чухал. Ийм л нөхцөлд тэд урт хугацаанд хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Ялангуяа Монголын хувьд хэзээд хаяад явахад бэлэн итгэлгүй /fly by night/ компаниудтай түншлэхийг хүсэхгүй байх.
Удаан хугацаанд тогтвортойгоор хөрөнгө оруулах дэлхийд данстай нэр хүнд бүхий компаниудыг Монголд ирээсэй гэж хүсч буй. Тэгвэл тийм компаниудын хувьд ойлгомжтой, амархан өөрчлөгдөөд байдаггүй тоглоомын дүрэмтэй орнуудад л хөрөнгө оруулах тухай бодож үздэг.
-Хэрвээ нууц биш бол АНУ-ын Элчин сайдын яам болон танай хөрөнгө оруулагчид Монголын төр, засгийн ямар шийдлийг сонирхон харж суугаа вэ?
-Мэдээж хөрөнгө оруулалтын орчныг илүү тогтвортой, ил тод болгох тал дээр Засгийн газар авч чадах алхмуудаа хийх нь чухал. Мөн голлох төслүүд дээрх Засгийн газрын шийдвэр. Бидний хувьд Засгийн газар ямар төслүүдийг Чингис бондоос санхүүжүүлэх шийдвэр гаргах бол гэдэг сонин байна. Стратегийн ач холбогдолтой төслүүдийн хүрээнд Засгийн газар ямар шийдвэрүүд гаргаж, цааш нь авч явах бол гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Нууцлаад байх зүйлгүй л дээ.
Тухайлбал, Америкийн “Пийбоди” компани Тавантолгойн нүүрсний нөөцийг ашиглах төсөлд оролцохоор нэлээд хүчин чармайлт гаргаж байна. Бид бусдын л адил Монголын Засгийн газар ашигт малтмалын нөөцүүдээ цааш нь хэрхэн удирдан авч явах бол хэмээн харж, хүлээж сууна.
-АНУ-ын компаниуд Монголын эдийн засгийн ямар салбарт түлхүү оролцоотой байна вэ?
-Юун түрүүнд АНУ эртнээс Монголын уул уурхайн салбарт шууд болон шууд бус замаар тодорхой хэмжээнд оролцоод явж байгаа гэдгийг хэлье. Манай улсын компаниудын нэлээд хувь нь энэ салбартай холбогдож байна. “Вагнер Ази” компанийн хувьд сайн туршлагуудыг үлгэрлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй Америк компаниудын нэг. Хэдий тус компани уул уурхайн суурийг бүрдүүлэгч тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч ч монгол ажилтнуудаа чадавхжуулж, мэргэшүүлэх тал дээр багагүй ажил хийж яваа.
Энэ бол АНУ-ын олон улсын хэм хэмжээ, ил тод байдал, байгаль орчны хамгаалалт тал дээр дэлхийд нэртэй компани. Энэ мэт ажлын байр бий болгож, уул уурхайн салбартай холбогдсон олон Америкийн компани бий.
Нөгөө талаас Монгол Улс голлох төсөл дээрээ “Пийбоди” компанийг үндсэн түншээр сонгоно гэдэг бол Монголын эдийн засаг дахь Америкийн оролцоо тэр хэмжээнд өсөн нэмэгдэж, шинэ шатанд гарна гэсэн үг. Мөн нүүрс олборлолтод хэрхэн байгаль орчны өндөр стандартыг мөрдөж, мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх сайн туршлагыг Монголд өгнө гэж бодож байна.
-Америк компаниудтай томоохон төслүүд дээр хамтарлаа гэхэд бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Би энд гурван зүйлийг цохон хэлмээр байна. Нэгдүгээрт, АНУ бол гаднын оронд компаниуд ямар ёс зүйг баримталж үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг хуульчилж, компаниудаа хазаарласан хамгийн анхны орнуудын нэг. Манай улсын компаниудын хувьд хахууль өгч, авлигын хэрэгтэй ямар нэг байдлаар хутгалдах нь хууль бус. Америкийн компаниудын энэхүү ёс зүйн хэм хэмжээ нь хэлэлцээрийн ширээн дээр гаргаж тавих хамгийн чухал хүчин зүйлийн нэг.
Хоёрдугаарт, технологийн шилжүүлэг. Өндөр туршлага, шалгарсан тоног төхөөрөмж, арга барилыг өвлүүлэх боломж юм. “Женерал Электрик” компанийн Салхитын салхин станц дахь оролцоо болон бусад Америкийн компанийн Монгол дахь үйл ажиллагааг харвал тодорхой ялгаатай түвшинд технологийн дэвшил авчирч буйг анзаарна. Гуравдугаарт, байгаль орчны тал дээр баримтлах өндөр стандарт шаардлагатай.
Манай улсад өнгөрсөн хугацаанд компаниудаа тодорхой зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гашуун туршлага бий.
Тухайлбал, миний өссөн газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулсан компани зүй бусаар аашилж, нутагт маань химийн хорт бодис үлдээгээд явсан. Улмаар хүмүүст болон тэдний амьдралд нөлөөлсөн байдаг. Бид алдсан туршлагаасаа суралцсан. Тиймээс л компаниуддаа маш өндөр байгаль орчны стандартуудыг тогтоож өгсөн байдаг. Тэд үүний хариуд сайн технологи, байгаль орчноо гэсэн анхаарлыг бий болгодог.
-Америкийн компаниуд Монголд хөрөнгө оруулахад ямар саад учирч байна вэ?
-АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр хөрөнгө оруулалтын тайлан гаргадаг. Энэ нь Америкийн төдийгүй монголчуудын хувьд мэдээллийн сайн эх сурвалж болдог. Тус тайланд бид АНУ-ын компаниудад Монголд хөрөнгө оруулахад ямар саад бэрхшээл тулгарч байгааг харуулахыг зорьдог. Орчноо мэдэхийн чухал нь хууль эрх зүй, нөхцөл байдлаар дамжуулан урагшлах үгүйгээ тунгаахад оршдог. Тиймээс Засгийн газрын гаргасан өөрчлөлт бизнесийн орчныг орвонгоор нь өөрчлөхгүй байх нь бизнест хэрэгтэй.
-Зөрчил мөргөлдөөнт газруудад амьдарч байсан хүний хувьд одоогийн Хойд Солонгосын өдүүлсэн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Балкан, Ирак болон Афганистаны зөрчилдөөнт нөхцөлд амьдралынхаа нэлээд хугацааг өнгөрүүлсэн. Түүнчлэн Индонез, Зүүн Тиморт ч ажиллаж үзсэн. Зөрчил мөргөлдөөнийг сонгосон орон болгоноос гарз хохирол, өвчин зовлон, заналхийлэл л харагддаг. Балканд ажиллаж байх хугацаандаа уулзсан Серб болон хорватчууд бүгд л “Бид өмнө нь ямар сайхан амьдралтай явснаа ухаараагүй явжээ” гэдэг. Хойд Солонгос төдийгүй бусад тайван бус бүс нутгийн удирдагч нарын хувьд бодох ёстой хамгийн чухал зүйл бол “Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоны хэлснээр “Юу хийж байгаагаа нүдээ нээгээд хараач” гэмээр байна. Тэдгээр бүс нутгийн хувьд хөгжлийн суурь болох тогтвортой байдал чухал.
