Хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалахад анхаарна

B Shurenchimeg
2022-07-06 12:41:52
Ангилал: Мэдээ

 

Дэлхийн 87 улс оронд 175 мянга гаруй монгол иргэн ажиллаж, суралцаж байна. Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөгөөн чуулга уулзалт-2022”-ын нэгдсэн зөвлөгөөн өчигдөр төрийн ордонд өндөрлөлөө.

Тус чуулганаар өмнөх хоёр өдөр хэлэлцсэн салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох яамд агентлагууд, шийдвэр гаргагчдад хүргүүлсэн юм. Чуулганд дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, сурч, амьдарч буй монголчууд хүрэлцэн ирж өөрсдөд нь тулгамдаж буй нийгмийн асуудлуудаа хөндөн ярилцаж, эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засагт хэрхэн хувь нэмрээ оруулах талаар санал солилцсон юм. Мөн хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол хүүхдүүдийн боловсрол, Монгол диаспора ба монгол хүний төлөвшил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зэрэг сэдвээр танилцуулга, илтгэл сонсож, хэлэлцлээ.

Түүнчлэн хилийн чанад дахь иргэдийн талаарх төр засгийн бодлогыг шинэ түвшинд гаргах, иргэд, байгууллагууд төр засагтай дараагийн шатанд хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлохыг зорьсон юм.

Нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газар, УИХ-ын зарим гишүүн оролцсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ хилийн чанадад төрж, өсөж байгаа монгол хүүхдүүдэд зориулж эх орондоо ирэхэд нь нүүдлийн соёлын боловсрол эзэмших зуслангуудыг бүсчлэн байгуулах, “Монгол наадам”, урлаг соёлын өдөрлөгийг Ази, Европ, Америк, Австрали тивд ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгийг  онцолсон. Мөн тэрбээр “хилийн чанад дахь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, цахим үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, эх орондоо эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэхэд нь нэгдсэн мэдээллээр хангах, зөвлөн туслах тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлуудад анхаарлаа хандуулна” гэдгээ чуулганы индэр дээрээс зарласан. 

Түүний дараа Соёлын сайд Ч.Номин “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх нь” сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр илтгэлдээ соёлын салбарын хөгжлийн бодлогын гол тулгуурын нэг нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, түүнийг бэхжүүлэх” зорилт бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн суурь судалгаа хийсэн тухай дурдсан юм.

Эл судалгаанаас үзвэл монголчууд бидний үндэсний нэгдмэл үнэт зүйл 49 хувьтай гэж гарсан бол соёлын нэгдмэл үнэт зүйл хамгийн өндөр буюу 64 хувь, нийгмийн нэгдмэл байдал 53 хувь, эдийн засгийн нэгдмэл байдал 40 хувь, улс төрийн нэгдмэл байдал 38 хувьтай гэж гарчээ.

Мөн Монгол Улс дэлхийд танигдсан байдал, Монгол Улсын гадаад дахь нэр хүнд, үндэсний соёл урлаг бусад улсад танигдсан байдал, бид өөрсдийгөө болон дэлхийн улс орнууд биднийг хэрхэн дүгнэдэг талаарх судалгааг дэлхийн нэр хүнд бүхий олон улсын байгууллагуудтай хамтран хийж, соёлын салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. 

Чуулганы төгсгөлд хоёр өдрийн турш үргэлжилсэн салбар хуралдаануудаас гарсан санал зөвлөмжийг танилцуулсан. Тухайлбал, АНУ, Европын Холбооны улсуудад нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын үйлчилгээ эрхлэх нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах санал гаргалаа. Мөн хилийн чанадад төрсөн Монгол хүүхдүүдийн эцэг эх нь Монгол Улсын уугуул иргэн байх тохиолдолд тухайн хүүхэд давхар иргэншил олгох тухай хүсэлт хүргүүлэв. Түүнчлэн хилийн чанадад амьдарч байгаа Монгол иргэд сонгуульд санал өгөх эрхийг баталгаажуулах, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн санал өгөх үйл явцыг хялбаршуулах, сонгуульд оролцох иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээлэл сурталчилгааг түгээх зэрэг санал хүсэлтээ холбогдох яамд, шийдвэр гаргах түвшний удирдлагуудад хүргүүлэхээр боллоо.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg