Ховор ч юм шиг, үнэтэй ч юм шиг...

.... Үс нь халзарч, шүд нь унасан, үр тариа нь үхэж хатсан гэхчилэн олон тооны гомдол саналыг Хятад улсын газрын ховор элемент олборлох уурхайн ойр орчимд амьдардаг иргэд гаргадаг. Тус улс ч байгаль орчин, ард иргэдээ эн тэргүүнд тавьсан уу эсвэл газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээл дээр 20 орчим хувиар унасантай холбогдуулан үнээ өсгөх бодлого барихаар шийдсэн үү. Газрын ховор элемент боловсруулах хэд хэдэн томоохон үйлдвэр хаалгаа барьж, эрх баригчдын зүгээс экспортоо хумиж, татвараа нэмэх бодлого явуулж эхэлсэн. Дэлхий нийт тус улсыг байгаль орчин, ард түмэн гэхээс илүү тус шийдвэрийг эдийн засгийн сонирхлынх нь үүднээс өлгөн авч тайлбарлаж байгаа. Мэдээж хэрэг Хятадын дотоодын хэрэгцээ өссөн нь нэгдэх үнэн. Томоохон үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээлийн уруудсан үнийг өсгөх үүднээс хаалгаа түр хугацаанд барьсан нь хоёр дахь үнэн. Өнөөдөр Хятад улс байгаль орчиндоо учруулсан хор хөнөөлөө арилгахын тулд газрын ховор элементээс олсон доллар тутмынхаа хариуд 100 доллар зарцуулах хэрэгтэй болж байгаа нь хамгийн гашуун гуравдахь үнэн.

Тэгвэл Монголд...

Газрын ховор элементийн тухай ярьж эхэлснээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэ сарын 17-нд Төрийн ордонд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “ Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран “Газрын ховор элемент, стратегийн металлын олборлолтоос зах зээл рүү” сэдэвт уулзалт семинарыг зохион байгууллаа. Тус хуралд Герман, Канад. Хятад зэрэг улсаас ирсэн мэргэжилтэн, судлаачид дэлхийн туршлага, өнөөгийн байдал, Монгол улсын боломж, үр ашгийн талаар сонирхолтой илтгэлүүд тавилаа.

Газрын ховор элемент гэх хэдий ч ховор биш харин ч тархац сайтай уг эрдсийг эзэгнэнхэн төрсөн орон нь манай урд хөрш юм. Тус улс дэлхийн нийт хэрэгцээний 95 гаруй хувийг нийлүүлдэг. Тэгвэл Монгол улс ирээдүйд дэлхийн нийт хэрэгцээний 16,77 хувийг нийлүүлэх боломжтой гэж таамаглаж байгаа. Гэвч бүрэн гүйцэд судалгаа шинжилгээ хийгдээгүй өнөөдрийн түвшинд газрын ховор элементийн талаарх яриа түүхий барьцгүй байгаа гэж үзэж болно. Гэвч одоо л биш бол хэзээ ч биш гэдгийг тус хурлын үеэр Хятад дахь “Форбэс & Манхаттен” компанийг төлөөлөн ирсэн Алайстэйр Нэйл хэлж байсан юм. Гэвч газрын ховор элемент руу яаравчлан орж, шуударлаа ч гэсэн манайд дор хаяж бэлтгэлийн дөрвөөс таван жилийн хугацаа хэрэгтэй гэнэ. “Ирээдүйд энэ салбар ашигтай ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Гэхдээ газрын ховор элементийг дагаж манай улсад хөтлөгдөн ирэх ашиг бол мэдлэгт суурилсан эдийн засаг, өндөр техник технологи байх болно” гэж УИХ-ын гишүүн С. Оюун хэлж байсан. Магадгүй бид өөрсдөө ч тэр өндөр технологийг ойрын хугацаанд үйлдвэрлэх боломжтой болохыг үгүйсгэхгүй. Тэгэхийн тулд гол түүхий эд болох газрын ховор элемент бидэнд зайлшгүй хэрэгтэй юм. Нөгөө талаас газрын ховор элементээс болж байгаль орчиноо сүйтгэсэн гашуун туршлага бэлээхэн урд хөршид бийг байнга санахад илүүдэхгүй. Тэгвэл тус хурлын үеэр энэ тал дээр гадаадын зочид төлөөлөгчдийн зүгээс бидэнд анхааруулж байсан зүйл бол техник технологи хөгжсөн өнөөгийн нийгэмд байгальд хор хөнөөлгүй технологийг оруулж ирэх өргөн боломж бий. Тиймээс хамтрагчаа зөв сонгож, хүний нөөцөө эртнээс бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэж байлаа.