Хогтой биш хогны бодлоготой тэмцье

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн Засаг дарга нарыг хүлээн авч, хариуцагч нь тодорхойгүй ахуйн болон барилгын хог хаягдлыг ирэх сарын 15-ны дотор цэвэрлүүлэхээр гэрээ байгуулсан. Ингэхдээ 6339 сая төгрөгийг БОАЖЯ-наас төсөвлөж байгаагаа мэдэгдсэн. Харин иргэд орчин тойрондоо байгаа ил задгай хуримтлагдсан хур хогны талаар 263235 утсаар мэдээлэл өгөхийг уриаллаа. Тус хогийг БОАЖЯ болон Нийслэлийн байгаль хамгаалах газраас тээвэрлэж, цэвэрлэх ажлыг хийх аж. Хур хогийг цэвэрлэх нь зөв ч хэн нэгний тарьсан хогийг төсвөөс мөнгө гарган цэвэрлэх нь зохистой бус юм. Тиймээс ард иргэдэд хог тарихгүй байх ухамсарыг төлөвшүүлэх нь чухал гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Тиймээс иргэдийн тарьсан хогтой бус хоггүй байх бодлого, аргыг эрчимжүүлэх нь зөв гэдгийг БОАЖ-ын сайд онцолж байсан.

Машины хүрэлцээгүйгээс хур хог үүсэж байна

Хүн өдөрт дунджаар 300-500 грамм хог хаягдал гаргадаг байна. Харин өвлийн улиралд энэ тоо нэмэгдэж 700-1000 грамм хүрдэг байна. Нийслэлийн хүн амын тоо өсөж, үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэж, хот хөгжихийн хэрээр хогны хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Улаанбаатар хотын гэр хороололд 180 мянга орчим өрх амьдардаг гэсэн судалгаа бий. Үүнээс хүн ам олонтой Баянзүрх, Сонгино хайрхан, Налайх зэрэг дүүрэгт иргэдийн үүсгэсэн хогын цэг хэд алхаад л байдаг нь үнэн. Тэгвэл ийнхүү хур хог үүсээд байгаа шалтгааныг Хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн С.Аригун “Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 10 компанийн 170 орчим хогны машин иргэдэд үйлчилж байна. Энэ нь нийт өрхийн тоотой харьцуулахад хангалтгүй юм. Иргэд хогны машин ирэхгүй болохоор ил задгай хаяж, хогийн цэг үүсгэдэг. Энэ нь иргэдийн ухамсар, сэтгэхүйтэй шууд холбоотой. Нөгөө талаас хогны салбар хөрөнгө, санхүүгийн хүрэлцээ хангалтгүй нь нууц биш. Жишээ нь, орон сууцны иргэд хогны мөнгөө 100 хувь харин гэр хорооллол, албан байгууллагынхны дөнгөж 50-60 хувь л төлдөг байна. Хогны мөнгө гэж айл өрхөөс 2500 төгрөг авдаг ч эргээд хогийг нь ачихад 3500 төгрөг шаарддаг байна. Учир нь хогны машин цөөхөн учир хол газар явна, шатахууны үнэ, жолооч, ажилчдын хувцас, цалин , машины сэлбэг, завсар гээд ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж ажиллаж байна" гэлээ. БОАЖЯ-наас өнгөрсөн сард тус газарт хогны 28 машин нэмж өгсөн байна. Мөн удахгүй нийслэлийн хөрөнгө оруулалтаар 168 машин нэмж авах аж. Гэхдээ нийслэлийн хог, хаягдлыг бууруулахад хогны машины тоо нэмэгдэх нь чухал биш юм. Хамгийн гол нь иргэд хогоо ил задгай, гудамж, талбайд хаяхгүй, хогоо ангилж сурах нь юу юунаас том хөрөнгө оруулалт юм. Нийслэл хот хоггүй, цэвэр цэмцгэр, эрүүл цэвэр орчинтой болох нь иргэдийн хогоо зөв хаяж сурах дадлаас эхлэхийг холбогдох албаны хүмүүс хэлж байна.