Хойд Солонгосын сонирхол Монголд


Солонгосын хойгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийн хүрээнд эхэлсэн БНАСАУ, Япон улсын харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн уулзалт хамгийн сүүлд манай улсад 2007 онд билээ. Тэгвэл энэ удаад манай улс тус хоёр орны Засгийн газар хоорондын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санал тавьснаар энэ сарын 15-нд тус уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Тэгвэл тус уулзалтын хүрээнд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга /АДХ/ -той ГХЯ-ны сайд Л.Болд өчигдөр уулзжээ.
Уулзалтаар сайд Л.Болд АДХ-ын Чве Тэ Бокийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой болохыг онцолсон байна. Манай улсын зүгээс дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх замаар улс төрийн яриа хэлэлцээрийг идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хөдөлмөрийн харилцаа, батлан хамгаалах зэрэг салбарт өргөжүүлэх, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.
Харин үүний хариуд Чве Тэ Бок дарга Монголтой тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэж ирсэн бөгөөд цаашид харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайж ажиллахаа мэдэгдсэн. Түүнчлэн БНАСАУ-ын АДХ, Монгол Улсын УИХ-ын хамтын ажиллагаа хоёр талын хүрээнд төдийгүй, Азийн парламентын холбоо зэрэг бүс нутаг, олон улсын тавцанд амжилттай хөгжиж байгааг хэлжээ.
Тэрбээр Монгол улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлого нь Монголын ард түмний эрх ашигт нийцэн, амжилтад хүрч байгаад баяр хүргэж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг чухалчилсан байна. Мөн цаашид эдийн засгийн агуулгыг баяжуулах шаардлагатай байгааг цохон тэмдэглэж байв. Үүний тулд ЗГХК-ын ээлжит IX хуралдааныг даруй зохион байгуулах нь зүйтэй хэмээх саналыг хоёр орны зүгээс дэмжсэн юм.
Мөн Чве Тэ Бок уулзалтын үеэр улсынхаа нийгэм, эдийн засгийн байдал, хөгжил ба амжилтын талаар мэдээллэл өгч, Солонгосын хойгийн сүүлийн үеийн улс төрийн байдал, өөрийн улсын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарлаж хэлсэн нь цаашдын харилцаа хамтын ажиллагааны үүдийг цэлийтэл нээж өгсөн хэрэг боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.