Хойд хөршийн таамаг

ОХУ-ын эдийн засаг нь гол нэрийн бүтээгдэхүүнээс шууд хамааралтай. Тухайлбал, нефтийн үнээс эдийн засаг нь шууд хамааралтай байдаг тул тус улсын Эдийн Засгийн Хөгжлийн яамнаас эдийн засгийн өсөлтийн тооцоог дөрвөн хувилбараар боловсруулсан гаргадаг байна. Энэ нь болзошгүй аюулыг тооцоолох, эрсдлээс хамгаалах боломжийг бүрдүүлдэг аж.

Хувилбар 1 /уламжлалт/
Уг хувилбараар импортын бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадвар сул хэвээрээ байх бөгөөд хөрөнгө оруулалт бага хэмжээгээр нэмэгдэн, хөрөнгийн дотогшлох урсгал байхгүй, хөгжилд зориулсан төсвийн зарлагыг бууруулах бол эдийн засгийн өсөлт нь 2012-2014 онуудад 2.8-3.8 хувь байхаар байна.

Хувилбар 2 / өөдрөг бус/
Оросын эдийн засгийн өрсөлдөх чадвар харьцангуй сайжрахаар авч үзсэн бөгөөд импортыг орлох дэд бүтэц, хүний капиталийн хөгжилд зориулсан төсвийн зарлага бага хэмжээгээр нэмэгдэн, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сайжирна гэж үзсэн байна. Түүнчлэн гадаад нөхцөл байдал харьцангуй тааламжтай, дэлхийн эдийн засгийн өсөлт 3.7-4.0 хувь байх ба Урал нефтийн үнэ нь тогтвортой өндөр буюу нэг баррель нь 97-101 ам.долларт байна гэж үзвэл ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2012-2014 онуудад 3.7-4.6 хувьд байхаар аж.

Хувилбар 3 /сөрөг/
Дэлхийн эдийн засаг буурч (хөгжсөн орнуудын өсөлт зогсонги байдалтай) байгаа нь нефтийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж 2013 онд нэг баррель нь 80 ам.долларт хүрч болзошгүй төлөв ажиглагдсаар байгаа аж. Түүнчлэн оросын эдийн засаг нь гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас хэт хамааралтай учраас тус улсын эдийн засаг 2012-2013 онуудад 1.5-2.5 хувь болж буурч магадгүй. Хэрвээ дэлхийн эдийн засаг энэ мэт уналттай байвал ОХУ-ын эдийн засаг 2014 онд 3.7-аар хувиар буурч, рублийн ханш их хэмжээгээр сулрахаар байна. Түүнчлэн уг хувилбарт дэлхийн эдийн засгийн хямрал болон нефть бүтээгдэхүүний үнэ 2012 онд нэг баррел нь 60 ам долларт хүрж ч магадгүй гэж үзсэн байна.

Хувилбар 4 /өөдрөг/
Дэлхийн эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байж, 2012-2013 онуудад нефть бүтээгдэхүүний үнэ нь баррель нь 105-109 ам.долларт, 2014 онд 113 ам.долларт хүрнэ гэвэл эдийн засгийн өсөлт нь суурь өсөлтөөс 2012-2014 онуудад 3.9-4.6 хувьд хүрэх юм. Харин хамгийн сүүлийн мэдээгээр газрын тос энэ оны долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар 100 ам.долларын босгыг давсан байна. Энэ байдал цаашаа үргэлжилбэл газрын тосоор баялаг орны эдийн засагт сайнаар нөлөөх юм.