Хойд хөршийн эдийн засаг огцом унаж байна

ОХУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны эхний гурван сарын байдлаар 1.1 хувиар буурчээ. Тус улс хурдацтай хөгжиж буй BRICS (Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк)-ийн орнуудын нэг билээ.

Харин өнгөрсөн оны эхний гурван сарын байдлаар 4.9 хувиар огцом нэмэгдэж байсан үзүүлэлтэй байжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард эдийн засгийн цар хүрээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар тэлсэн ажээ.

Хойд хөрш маань энэ оны эдийн засгийн өсөлтөө 3.6 хувиар өснө хэмээн таамаглаж байснаа өнгөрсөн долоо хоногт 2.4 хувь болгон бууруулав. Үүний шалтгаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүн багасч, хэрэгцээ буурсантай нь холбоотой аж.

BRICS-ийн гишүүн бусад орон болох Бразил, Энэтхэг, БНХАУ болон Өмнөд Африкт ч гэсэн эдийн засгийн өсөлт нь удаашраад буй.

ОХУ-ын эдийн засаг, хөгжлийн сайд Андрей Белусов оны эхний улирлын эдийн засгийн өсөлт оны төгсгөл хүртэл хадгалагдана гэдэгт итгэхгүй байгаагаа сануулав. Тэрбээр “Одоохондоо бид эдийн засгийн хямралд хараахан ороогүй боловч удахгүй орж магадгүй” гэжээ.

“Нефтийн үнийн уналт Оросын эдийн засгийг дордуулж байгаа нь тодорхой. Энэ ондоо эдийн засаг зогсонги байдалд орох шинжтэй байна. Тус улс нь нефть үйлдвэрлэгч дэлхийн хоёрдогч том орон бөгөөд нефть, хийн нийт экспортын 60 хувийг нийлүүлдэг” гэж “Capital Economics” макро эдийн засгийн судалгааны компанийн ахлах эдийн засагч Нэйл Шийринг хэлжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Оросын эдийн засгийн өсөлт 2013-2014 онд зогсонги байдалд орох байх гэсэн хүлээлттэй байна” гэжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн эдийн засгийн хямрал 2008 онд зээлийн хямралыг үүсгэж байсан шиг Орос орны эдийн засгийг сүйтгэж болох талаар хэлсэн байна.

Өчигдөр Ерөнхий сайд Дмитрий Медведев эдийн засгийн өсөлт буурах болсныг худалдааны түншүүдийн эдийн засаг суларч байгаатай холбоотой хэмээн Төрийн ДУМ-ын депутатуудад хэлсэн үгэндээ дурджээ.