Хойд хөрш зүгээр суувал хямрал руу хальтирах нь

ОХУ эдийн засгаа өдөөх арга хэмжээ авахгүй аваас энэ оны намар гэхэд хямрал руу хальтирахаар нөхцөлд байгааг тус улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Андрей Белусов мэдэгдлээ. Тэрбээр мөн “Хямралаас зайлсхийхийн тулд одоогийн нөхцлөөс яаралтай гарах нь нэн тэргүүний ажил. Тиймээс яаралтай арга хэмжээ авах нь зайлшгүй” хэмээжээ.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас ДНБ, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт тэргүүтэй макро эдийн засгийн энэ оны голлох үзүүлэлтүүдийн таамаглалаа бууруулсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Харин хөрөнгийн гадагшлах урсгалыг эрчимжиж, өснө гэжээ.

Яамны тооцооллоос үзэхэд Орос улсын үйлдвэрлэл энэ жил ердөө хоёр хувиар өсөхөөр байгаа аж. Үйлдвэрлэлийн өсөлтийг өмнө нь 3.6 хувь байна хэмээн хүлээж байсан ч ийнхүү доош татлаа. Үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлтийг 6.5 хувь байна гэж байсан ч энэ удаад 4.6 хувь болгон буулгаад байна.

Хөрөнгө оруулалтын удаашрал, тэг хувийн өсөлттэй экспорт нь 2013 онд Орос улсын ДНБ-ий өсөлтөд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл болж буйг Эдийн засаг, хөгжлийн яамны орлогч сайд Андрей Клепах хэлжээ.

Оросын тэргүүлэх хөрөнгө оруулалтын “Renaissance Capital“ банкны ахлах эдийн засагч Иван Чакаров энэ талаар “Оросын эдийн засаг мөлхөж буй нь дотоодын хөрөнгө оруулалтын зардал муу байгаагаас үүдэлтэй. Улмаар энэ нь улс орон дахь үл итгэлцэл, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдалтай хавсарч, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг доош татаж байна” хэмээв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Андрей Белусов Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг авах саналыг яаралтай тавина гэдгээ эрс шийдэмгий мэдэгдсэн билээ.