Хойд хөрш 2014 онд

ОХУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд тооцоолж байсан түвшинд хүрээгүй билээ. Тус улсын Засгийн газрын зүгээс 2013 оны ДНБ-ий өсөлтөд 1.4 хувийн таамаг дэвшүүлж байв. Бодит байдал дээр ялимгүй доогуур буюу 1.3 хувийн өсөлттэй гарчээ. Эдийн засгийг урагшлуулахад энэ өсөлт хангалттай биш аж. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт Холбооны статистикийн албанаас мэдээлсэн байна.

Дээрх тоо хойд хөршийн эдийн засаг дэлхийн санхүүгийн хямралаас хойш хэр зэрэг тааруухан байсныг гэрчилж буй. Өнгөрсөн оныг хүртэл хэрэглээний зээл нь хэрэглээний зардлаа богинохон хугацаанд гүйцэж түрүүлсэн. Энэ нь үгүйлэгдэж буй хөрөнгө оруулалтыг багахан ч гэсэн нөхөх зорилготой. Гэхдээ л санхүүгийн хямрал болохоос өмнөх өсөлтийг буцаан авчрахад хангалтгүй байв.

Тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ онд эдийн засгийн өсөлт 2.5 хувьтай байх болов уу хэмээн таамаглаж буй. Гэвч ихэнх банк болон зарим эдийн засагч өсөлт хоёроос доош хувьтай байна гэж үзэж байна.

Аж үйлдвэрийн салбарын Худалдан авагч менежерийн индекс (PMI) өнгөрсөн сард 48 оноо болж унасан үзүүлэлттэй байв. Энэ нь 2009 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн тааруухан үзүүлэлт аж. Өнгөрсөн долоон сарын хугацаанд энэхүү индекс зургаа дахь удаагаа 50-иас доош оноотой байна. Энэ нь аж үйлдвэрийн салбарын бизнесийн орчин муудаж буйг харуулж буй.