Хоолойгоор лав биш

Mongolian Economy
2023-10-11 12:26:45
Ангилал: Дэлхий 2023 онд

Эрчим хүчний шинэ урсгалыг Засгийн газар чухалчилна.

2022 онд Британийн улс төрийг эрчим хүчний үнэ тодорхойлсон. Цар тахлын дараа эрэлт өссөнөөр үнэ нэмэгдэж, Украины дайны улмаас эрс өсөв. Консерватив намын даргын тулааны үеэр Лиз Трасс, Риши Сунак британичуудад үзүүлэх эрчим хүчний хөнгөлөлтийн үнээр өрсөлдсөн. Нэг ч британи хүн “дулаан байх уу, эсвэл хоолтой байх уу” гэсэн сонголттой тулах ёсгүй гэж тэд үзэв.

Энэ өвөл хэцүү, зардалтай байх ч хавар нь дотоодын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх асуудалд бүгд анхаарна. Ирэх 30 жилд эрчим хүчний шинэ дэд бүтэц барих талаар 2022 онд баталсан Засгийн газрын эрчим хүчний аюулгүй байдлын стратегид дурдсан агаад 2023 он бол үүний эхлэл жил юм.

Цөмийн цахилгаан станц барих байршлыг 2024 онд сонгох боловч бодлогын хүү өсөж буй нь ийм төслийг улам үнэтэй болгоно. Hinkley Point C цөмийн станцын зардлын бараг талаас илүүг хөрөнгийн өртөг эзэлж байна. Эл хэмжээ цаашид ч өснө.

Оффшор салхин цахилгаан станц ашиглаж ирсэн амжилтаа Британи бататгахыг хүснэ. Тус улс 2030 он гэхэд ийм цахилгаан станцын хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлж 50 гигаватт болгоно. Энэ нь Британийн бүх айлыг цахилгаанаар хангахад салхи л байвал) хангалттай юм. Үүний тулд 2023 оны гуравдугаар сараас эхэлж жил тутам (одоогийнх шиг хоёр тутам биш) дуудлага худалдаа зарлах бөгөөд үүнд оролцох компаниуд шинэ салхин сэнс суурилуулах, ажиллуулах үнийн саналаа Засгийн газарт өгөх юм. Дуудлага худалдаагаар зардаг байсан нарны цахилгаан станцын гэрээг 2023 оноос эхлэн жил бүр байгуулах боломжтой болно.

Сэргээгдэх эрчим хүч бол улам томорч буй эрчим хүчний хангамж хэмээх эвлүүлдэг тоглоомын нэг л хэсэг. Шотландын эрэг дэх Jackdaw зэрэг газрын тос, байгалийн хийн шинэ төслүүд эхэлнэ. Английн зүүн эрэг дэх байгалийн хий нөөцлөх Rough байгууламжийг 2017 онд хаасан ч дахин ажиллуулна.

Газрын тос, хийн шинэ төслүүд нь нүүрсхүчлийн хийн ялгарлын өндөр түвшнийг тэр бүр хангаж ажиллахгүй. Jackdaw-ийг  ажиллуулдаг Shell компани ялгарсан нүүрсхүчлийн хийг хий шатаах үед “олзолж”, дараа нь Goldeneye нэртэй дууссан хийн талбай руу Хойд тэнгисрээр дамжуулан шахна. Малтмал түлшний шинэ төслүүдийг ийм схемтэй ажиллахыг Засгийн газар шаардана.

Британийн эрчим хүчний хангамжтай 2023 онд улс төр гүн холбогдоно. Цөмийн шинэ цахилгаан станцын ажлыг эхлүүлэхэд Засгийн газар санхүүжилтэд нь оролцохоос аргагүй болно. Хэрэв Засгийн эрхэнд гарвал энэ тал дээр илүү ихийг хийж, төрийн өмчит эрчим хүчний компани байгуулна гэж Хөдөлмөрийн нам амласан. Олон улсын шоконд тэсвэртэй эрчим хүчний систем байгуулахын тулд их мөнгө зарцуулах шаардлагатай гэдэгт хоёр том нам санал нэгдэж байна.

ХАЛ ХОДСОН Тусгай төслүүдийн сурвалжлагч, The Economist

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy