Хоол олдоно, ходоод олдохгүй

“Толгой өндийх завгүй сууж байна. Цайндаа гарч амжихгүй нь ээ, өнөөдөр бэлэн гоймон л идчихээс” гэдэг үг танд танил сонсогдож байна уу? Ажлын ойролцоох хүнсний дэлгүүрт орж, он сарыг нь ч сайн харалгүй бэлэн бүтээгдэхүүн хам хум авч гарах явдал хүн бүрт тохиолддог болов уу. Үдээс хойш мэйл бичиж, бичгийн ажил амжуулах зуур мөн л компьютерийн дэлгэцээ ширтсээр шоколад юм уу цайны жигнэмэг иднэ. Ингэж өдрийн хоолондоо цаг зав гаргахгүй, залгиж идсэн хоол идээгүйтэй адил үр дүнтэй бөгөөд хоолны чанарын талаар яриад ч хэрэггүй аж.

Зөв хооллолт, хүнсний аюулгүй байдал нь даяаршлын өнөө үед зөвхөн тухайн орны бус, харин дэлхий нийтийг хамарсан тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн банкны хүн амын орлогын тайлангийн дагуу, манай улс бага, дунд орлоготой орнуудын тоонд багтдаг. Гэтэл бага, дунд орлоготой орнуудын хүн амын нас баралтын шалтгааны 80 хувийг халдварт бус өвчин эзэлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас мэдээлсэн байдаг. Халдварт бус өвчинд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчлөл ордог билээ. Дээрх баримтыг сонссон хүн бүр бид яагаад ийм байдалд хүрчих вэ гэсэн бодол зурсхийх нь мэдээж. Тэгвэл монголчуудын зөв хоололтод төдийлэн анхаардаггүйн хар гай аюулын харанга дэгдээснийг дараагийн баримт илтгэх буй за.

Дэлхийн хавдар судлалын олон улсын сангаас гаргасан мэдээллийг сонирхуулъя. Учир нь, Монгол Улс улаан хоолой, элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж харагдана. Түүгээр зогсохгүй ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ-ын дараа буюу удаалсан цохиж явна гээд бод доо.

Зүрх судасны өвчин, чихрийн шижин, ходоодны хорт хавдрын гол үндэс нь ерөөсөө л зохисгүй хооллолт юм байна.

Тэгвэл зөв бөгөөд зохистой хооллолт гэж чухам юуг хэлэх вэ? Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Хоол судлалын төв”-ийн ажилтан, их эмч Д.Отгонтуяагаас энэ талаар асуухад “Зохистой хооллолт гэдэг нь их энгийн. Хүн хоногт аль болох олон төрлийн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн илчлэгийн хэмжээндээ тохируулж хэрэглэхийг хэлнэ. Мөн хоногийн хоолыг өглөө, өдөр, оройн гэсэн дэглэмээр хуваадаг. Өдрийн хоол нь хоногийн хоолны талаас илүү хувь нь, харин оройн хоол хамгийн бага хувийг нь эзэлнэ” гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний үндсэн таван бүлэг болох мах, гурил, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо оролцсон эрүүл хүнсийг хүрэлцэхүйц хэмжээгээр хэрэглэхийг хэлж байна.

Гэтэл манай улсын хэмжээнд жимс, хүнсний ногооны хэрэглээ маш хангалтгүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, манай улсын Эрүүл мэндийн яамны хамтарсан судалгааны тайлан харуулж байна.

Монголын хүн ам хоногт дунджаар 1.8 нэгж жимс, хүнсний ногоо хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 3.2 нэгжээр доогуур байна.
Монголын хүн амын 92.3 хувь нь хоногт таван нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж байна. Тэгвэл хөдөөгийн хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ хотынхоос хоёр дахин бага байна.

Жимс, хүнсний ногооны хүртээмж ийн тааруу байгаа нь хүмүүсийн орлогын түвшинтэй шууд холбоотойг судалгаа баталсан. Мөн хөдөө, орон нутагт жимс жимсгэнэ, хүнсний ногооны зах зээл, хүртээмж тун хангалтгүй байгаа аж. Ялангуяа жимсний хэрэглээний хувьд бүр ч таагүй үзүүлэлт гарна. Учир нь, Улаанбаатар хотод хүртэл тэнгэрт тулсан үнэтэй, ямар ч баталгаагүй жимс дэлгүүрүүдэд байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Жишээ нь, дундаж орлоготой иргэн 6500 төгрөгөөр нэг кг алим авах уу, хоолныхоо махыг авч, хоёр орой хоол хийж идэх үү гэдэг сонголтод тулж очдог. Тэгээд мэдээж монгол хүний хувьд мах нь чухал шүү дээ.

Судалгаанаас үзэхэд хүмүүсийн нас, хүйс, ажил хөдөлмөрийн онцлог зэргээс шалтгаалан хоногийн хэрэг­цээт шимт бодис, илчлэг нь харилцан адилгүй байна.

Насанд хүрэгчид, хөдөлмөрийн насны оюуны болон биеийн хүчний хүнд ажил эрхэлдэг хүмүүсийн шимт бодис, илчлэгийн харьцаа нь дунджаар хоногт 106-157 гр уураг,100-147 гр өөх тос, 374-555 гр нүүрс ус, 2900-4300 ккал илчлэг бүхий хоол хүнсийг хэрэглэх нь хүний физиологийн хэвийн хэрэгцээг хангана гэж үздэг байна.

Нүүдэлчин удамтай монголчууд мах, сүү цагаан идээ, гурил, байгалийн зэрлэг жимс хэрэглэж ирсэн. Саяхныг хүртэл хорт хавдраар өвчлөх нь харьцангуй бага байсан улс орны тоонд яахын аргагүй Монгол орж байв. Гэтэл өнөөдөр яагаад ийм гамшгийн хэмжээний өвчлөлттэй орон болсон бэ? Энэ нь нөлөөлөх олон хүчин зүйлтэй холбоотой аж. Амин чухал бөгөөд түгээмэл шалтгаан нь суурин амьдралын хэв маяг, хүнсний аюулгүй байдал, хөдөлгөөний хомсдол юм. Одоогоос 100 жилийн өмнө дэлхийн 10 хүн тутмын хоёр нь хот суурин газар амьдарч байжээ. Тэгвэл энэ тоо 2030 он гэхэд зургаа, 2050 онд бүр 10 хүн тутмын долоо нь хот, суурин газрын оршин суугч болох урьдчилсан төлөвтэй байна. Суурин биш амьдралын хүмүүс хотжилтын нөхцөлд орж ирэхлээр тэдний хооллолт бие махбодийн хувьд зохицохгүй болдог аж.

Сүүлийн үед манай улсад өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчин, бүх эрхтний хорт хавдар, дархлааны өвчний гол шалтгаан нь монголчуудын хоол хүнсний аюулгүй байдал, хоолны зөв зохицол харьцааны алдагдал, найрлага бүтэц нь тодорхой бус, байгалийн бус гаралтай хоол хүнс, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүссэн таргалалт, байгаль орчны бохирдол зэрэг болж байгаа тухай УКТЭ-ийн Дотрын тасгийн ахлах зэргийн их эмч Н.Одонтунгалаг хэллээ.

Манай улсад импортын, чанар­гүй хүнсний бүтээгдэхүүн ихээхэн хэмжээгээр орж ирдэг. Хүнсний дэлгүүрт ороод авах эрүүл бүтээгдэхүүн хайхад хэр олон байдаг билээ? Хугацаа хэтэрсэн махан бүтээгдэхүүн, уутан дотроо хөгцөрсөн мөөхий, гашилсан сүүтэй тааралдах нь энүүхэнд. Хүнсний аюулгүй байдлын асуудал хэдийгээр энэхүү бичиж буй сэдэвтэй уялдах ч тусгайд нь авч үзэх том сэдэв учраас түр орхиё.

Харин одоо бид дээрх дэлхийд тэргүүлээд буй өвчлөлтэй хэрхэн тэмцэх вэ гэдэг талаар хүн бүр зүтгэх, бодох хэрэгтэй болов уу. Өвчлөлтийн үндсэн шалтгаан нь зөв хооллолт, хот, суурин газрын хөдөлгөөний хомсдолтой холбоотой гэсэн мэргэжлийн байгууллагын бэлээхэн судалгаа байгаа учраас уншигч Та энэ цаг мөчөөс эхлээд өөрийнхөө буруу хоололт, хөдөлгөөн багатай амьдралтай тэмцээрэй.

Үр дүн харах түлхүүр таны өөрийн чинь гарт буйг анхаараарай. Эх орны­хоо хөрсөн дээр ургасан байгалийн баялаг болох зэрлэг жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэж хэвшицгээе. Эрүүл мэндийн асуудал тогтвортой хөгжлийн нэг хэсэг мөн. Гэхдээ энэ нь эдийн засгийн өсөлт бус, харин зөв хооллолтоос эхэлнэ. Зохистой хооллох эсэх нь тэгвэл Таны эрүүл мэнддээ хандах хандлага юм. “Хоол олдоно, ходоод олдохгүй” гэдэг үг байдаг бус уу.