Хоромд дамжих мэдээлэл буюу “жиргээ”-ний ноёрхол

Хэрэглэгчийнхээ тоог 50 саяд хүргэхийн тулд радиод 38 жил, телевизэд 13 жил, интернэтэд дөрвөн жилийн хугацаа шаардагдсан бол нийгмийн сүлжээний цахим хуудас Фэйсбүүк есөн сарын дотор 100 сая хүн өөртөө нэгтгэсэн нь шинэ мянганы дуулиант “нээлт” болсон юм.
2011 оны нэгдүгээр сарын байдлаар уг цахим хуудасны хэрэглэгчийн тоо 600 саяд хүрсэн бөгөөд хэрэв Фэйсбүүк улс байсан бол хүн амын тоогоороо БНХАУ, Энэтхэг, АНУ-ын дараа дөрөвдүгээрт жагсах байв. Гэхдээ фэйсбүүктэй харьцуулбал дээрх гурван орны аль нь ч долоохон жилийн дотор ийм өнөр болж чадаагүй гэдгийг онцлох нь зүйтэй.
2006 оны долдугаар сарын 15-нд мэндэлсэн Твиттер цахим хуудас тогтмол хэрэглэгчдийн тоо энэ оны гуравдугаар сарын байдлаар 200 саяд хүрсэн нь фэйсбүүк-ийн ард гишгэх үзүүлэлт. Сонирхолтой нь Твиттер-ийг хэрэглэгчдийн 80 хувь нь гар утаснаасаа “жиргэдэг”. Мэдээллийн хэмээн тодорхойлсон XXI зууны түүчээ нь мэйл, мэссэнжэр, сайтууд байх болно гэж төсөөлж байсан үе ард хоцорч, нийгмийн харилцааны цахим хуудсуудын ноёрхлын эрин иржээ.
Хүмүүс яагаад зурагт, радио, сонин, сэтгүүлээс фэйсбүүк, твиттер тэргүүтэй нийгмийн харилцааны сайтуудыг илүүд үзэх болов. Твиттерийг үүсгэн байгуулагчдын нэг Биз Стоуны хэлж буйгаар нийгмийн харилцааны сайтуудыг ашиглан мэдээллийг хамгийн түргэн шуурхай солилцож, ийн мэдээлэл дамжуулах хэрэгсэл нь хүмүүст хамгийн ойр гар утас болсон учраас олон хүний сонирхлыг татаж байна.
Бид өдөр тутмын сонины мэдээг нэг өдрийн дараа хүртэж, телевизийнхийг 19.00 цагийн мэдээ эхэлтэл, сайтынхыг үйл явдлын гэрч ажлын компьютер дээрээ ирэх хүртэл хүлээдэг бол Твиттер, Фэйсбүүкээр мэдээлэл дамжуулах нь хэдхэн секундын ажил буюу таны хуруу гар утасны товчлуур дээр хэр хурдан гүйхээс шалтгаалан богино хугацаанд авах боломжтой юм. Гэвч нийгмийн харилцааны дээрх цахим хуудсууд зөвхөн мэдээлэл дамжуулах, солилцох үндсэн үүргээсээ хэдийнэ хальсан.
Нэгэнт ийм олон хүн нэг дор цугларч, дэлхийн хаанаас ч мэдээлэл солилцох боломжтой болсон нь томоохон компаниудын маркетингийн ажилчдын гол өгөөш болж байна. Телевизээр хэчнээн сая доллар зарцуулж реклам явуулснаас фэйсбүүк, твиттер ашиглан телевизээс хэдэн сая илүү хүнд, хамгийн хурдан бас хамгийн хямд зардлаар түгээх боломжтой нь бизнесийн гол түлхүүр болов.

Твиттерийн “жиргээ”, фэйсбүүкээс юугаараа ялгаатай вэ?

“Форбес” сэтгүүлээс саяхан гаргасан нийгмийн харилцааны цахим хуудсуудын статистик үзүүлэлтээр Монгол фэйсбүүкт хамгийн хурдацтай нэгдэж байгаа улсуудын тоонд багтсан бөгөөд өдгөө 177.420 монгол хүн фэйсбүүкийг тогтмол ашиглаж байна. Харин твиттерээр “жиргэх” үзүүлэлтээр монгол базаахгүй үнэлгээ авсан. Монголын хүн амын бараг 10 хувь нь фэйсбүүкт бүртгэлтэй ч үлдсэн 90 хувийн эрх ашгийг харгалзан дээрх хоёр цахим хуудасны ажиллах зарчмыг товч тайлбарлая. Фэйсбүүк нь “Yahoo” мэссэнжэрийн илүү баяжуулсан, хүртээмжтэй хувил­бар бөгөөд дэлхийн хаанаас ч мэдээлэл солилцох, танилцах, найзаа хайж олох, сонгох буюу тухайн хэрэглэгчийн талаар илүү их мэдээллийг танд өгнө. Фэйсбүүкт хэрэглэгчийн мэдээлэл, сонирхлын анкет байдаг бөгөөд зургийн цомог зэрэгтэй танилцах боломжтойн дээр өөрийн сэтгэгдэлээ тухай бүрт илэрхийлэх, үүнийгээ бусадтай хуваалцах боломжтойгоороо давуу.

Уг цахим хуудсыг үндэслэгч Марк Зукербэргийг, Жуллиан Ассанжаас илүүд үзэж, “Time” сэтгүүл оны онцлох хүнээр тодруулах болсон гол шалтгаан нь хүмүүсийн харилцааг илүү ойртуулсан гэх үндэслэл байв. Өдгөө уг цахим хуудсыг сард 138 сая хүн тогтмол ашигладаг бөгөөд фэйсбүүкийн жилийн орлого нь 2.1 тэрбум доллар аж.
Твиттерийг фэйсбүүк, мэссэнжэрээс илүү блогтой харьцуулж болно. 140 үгэнд багтаан өөрийн бодож санасан зүйл, мэдээлэл, сурталчилгаагааг хамгийн хурдан хугацаанд олон хүнд хүргэх боломжтой нь “миниблог” гэж хочлох шалтгаан болдог. Сан Францискод төвтэй уг цахим хуудсанд бичсэн алдартнуудын мэдэгдэл шар хэвлэлийнхний гол эх сурвалж болж буйг Та мэдэх байх.
Уг цахим хуудсаар өдөрт 190 сая “жиргээ” үүсэж, 1.6 тэрбум хайлт явагддаг байна. Фэйсбүүкийг бодвол гар утсаараа нэвтэрч, мэдээлэл түгээхэд хялбар уг цахим хуудас хамгийн олон хэл ашиглах боломжтойгоороо бас давуу. Нээгдээд зургаан жил ч болоогүй Твиттерийн жилийн нийт орлого 140 сая ам.доллар байдаг.

Бизнес “жиргээ”

Твиттер, Фэйсбүүк нь харилцааг хөнгөвчилж, бас илүү ойртуулж байгаагаас гадна реклам, сурталчилгаа болон цахим бизнесийн томоохон хөдөлгүүр болж байна. Дэлхийн томоохон брэнд бүтээгдэхүүн, компаниуд фэйсбүүкт өөрсдийн хуудсыг үүсгэж, үүгээрээ дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж, бор­луулдаг. Жишээ нь “Кока Кола” брэндийн фэйсбүүк дэх хуудсанд 30.933.942 хүн нэгджээ.
Энэ нь зөвхөн дээрх хуудсаар дамжуулж 30 сая гаруй хүнд сурталчилгаа явуулах боломж нээгдэж байгаа хэрэг учраас компаниуд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ фэйсбүүкт бүртгүүлэх нь олширч байна. Фэйсбүүкт нэгдсэн дэлхийн 600 сая хэрэглэгчийн 8.5 хувь нь компани болон тэдгээрийн бүтээгдэхүүнүүд байдаг гэх судалгааг “Форбес” сэтгүүл нийтэлсэн.
Твиттерээс илүү фэйсбүүкийг ашиглан бизнесийн маркетинг, сурталчилгаа явуулах нь давуу бөгөөд твиттер бол зарим хүний хэлдэгчлэн хов, жив хөөцөлдөгчдийн зугаа төдий зүйл.

Яагаад Та биш гэж?

Хүмүүсийн түлхүү ашиглаж байгаа фэйсбүүк, твиттерийн тухай түлхүү өгүүлсэн хэдий ч Wikipedia, Youtube ч мөн нийгмийн сүлжээний сайтад багтана. Youtube-д 100 сая видео бичлэг байдаг бол, Wikipedia-д 13 сая гаруй өгүүлэл байдаг бөгөөд эндээс хайлт хийхэд Бриттаникка толь бичгээс ч илүү тодорхой мэдээлэл гарч ирнэ.
Учир нь, цахим хуудсанд цаасны тоо хамаагүй. Youtube-т “Кока Кола”, “Пэпси”, “Макдональдс”-ын реклам бүхий видео байдаг бол Wikipedia-д “Chanel”, “Starbucks”, “Honda”-гийн дэлгэрэнгүй мэдээлэл бий. Хэрэв твиттерийн жиргээ, фэйсбүүкт хараахан нэгдээгүй бол ямааны мах халуун дээрээ одоо ороод сонирхоод нэг үзээрэй. Бас Та бизнес эрхэлдэг бол танай компани ч бас нийгмийн сүлжээнд нэгдэж яагаад болохгүй гэж?