Хоёр настай Оюутолгой “хүүгээс” бид хэтэрхий их зүйл шаардаад байна гэв

Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр сэтгүүлчидтэй Оюутолгойн Монголын талын эзэмших 34 хувийг 50 хувь болгох талаар яригдаад байгаа энэ үед хоёр жилийн өмнө хийсэн гэрээнд энэ талаар чухам юу гэж заасан, мөн уг өөрчлөлтийг хийвэл ямар сөрөг үр дагавар гарах талаар санал бодлоо солилцсон юм.

Гэрээ хийгдээд хоёрхон жил болж байхад өөрчлөлт оруулах талаар ярих нь “Тоглоом” биш гэдгийг гадна, дотнын олон хүн сануулж байгаа. Тэр дундаа гаднын хөрөнгө оруулагчид энэ мэдээг айдастай хүлээж авсан гэдгээ нуугаагүй. Харин Сангийн сайд энэ талаар “Манай улс төрчид Оюутолгойг улс төр болгоод байна. Тэд Оюутолгойн 34 хувийг өөрчлөх талаар ярихдаа зөвхөн хуулийн талаас нь яриад байх юм. Угтаа бол эдийн засгийн үр ашгийн үүднээс нь ярих ёстой. Улс төрчдийн ярьж байгаа гэрээний өөрчлөлт нь Оюутолгойн гэрээтэй бүрэн танилцаагүй хүмүүст их л зөв хэрэгтэй зүйл яриад байгаа юм шиг санагдах нь ойлгомжтой. Яг нарийн судлаад үзвэл энэ өөрчлөлт тийм ч үр нөлөөтэй бодит ашиг өгч чадахгүй” гэсэн юм. Учир нь, өнөөдөр манай улс Оюутолгойгоос жилд 60 орчим тэрбум төгрөгийг зөвхөн татвараас олж авч байна. Түүнээс биш, ашигтай ажиллаж эхэлсэн компаниас ногдол ашиг авч эхлээгүй тухай асуудал биш. Харин манайхны яриад байгаа гэрээний өөрчлөлт нь ноогдол ашгаас 34 хувийг хүртэх тухай.

Мөн энэ талаар гэрээнд заахдаа Оюутолгой алдагдлаа нөхсөн тэр үед одоо яригдаад байгаа асуудлаар гэрээг сайжруулж болно гэсэн байгаа. Гэтэл энэ мэт гэрээний тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэх, итгэлийг алдах гээд олон муу үр нөлөө дагуулж болзошгүйг хэллээ. Түүнчлэн “Хүнээр бодсон ч бид хоёр настай хүүхдэд ахадсан шаардлага тавиад байвал яагаад ч биелүүлж чадахгүй. Өнөөдөр бид яг л ийм зүйл Оюутолгойгоос шаардаад байна. Харин нас бие гүйцээд ирэхээр нь шаардлагаа өндөрсгөх гэдэг зайлшгүй асуудал” гэсэн юм. Мөн уулзалтын үеэр С.Баярцогт сайд сэтгүүлчдийн сонирхсон цөөн асуултад хариулсан. Тухайлбал, зэсийн үнийн тогтворгүй байдал Оюутолгойд хэрхэн нөлөөлөх талаар тодруулахад “Зэсийн доод үнийг ойрын 10 орчим жил 4408 ам доллар байхаар тооцсон. Гэхдээ энэ тоо дээшээ яаж ч хэлбэлзэж болно. Харин хамгийн доод үнэ нь 4408 ам доллараас буугаагүй тохиолдолд эдийн засгийн гол үзүүлэлтүүд нэмэх гарна” гэлээ. Мөн “Оюутолгойн асуудал нь зөвхөн ойрын хэдэн жил яригдаад дуусчихгүй. 70 жилийн настай энэ гэрээнд үйл ажиллагааны улмаас өөрчлөлт оруулах шаардлагууд байнга тулгарна. Харин энэ талаар тухай тухайн үед нь зөв газар нь зохистой өөрчлөлтийг, өөрийн оронд ашигтайгаар хэрхэн хийх вэ гэдэг чухал” талаар онцоллоо.

Уулзалтын төгсгөлд “Оюутолгойн гэрээнд тогтворгүй байдал бий болсноор их бүтээн байгуулалт бүтэлгүйтвэл хөрөнгө оруулагчид таван тэрбум доллараар л хохирно. Харин Монгол Улс ирэх 50 жилд олох 29 тэр бум доллараар хохироод зогсохгүй олон улс дахь нэр хүнд, гаднын томоохон хөрөнгө оруулагчид гээд олон зүйлээ алдана” гэдгийг ч сануулсан юм.